Монгол Улсын Цэргийн ёслолын жагсаал
Монгол Улсын Цэргийн ёслолын жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг юм. Улс орны сүр жавхаа болсон цэрэг дайчдын цог золбоог илтгэн харуулдаг Цэргийн ёслолын жагсаалыг анх жанжин Дамдины Сүхбаатарын санаачилгаар Монгол Улсад Ардын хувьсгал ялсан өдөр буюу 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд анх удаа явуулсан байна.
Энэхүү арга хэмжээ нь Зэвсэгт хүчний хөгжлийн үе шатуудад тасралтгүй явагдаж чадаагүй ч 1970-аад оноос 1992 он хүртэл жанжин Д.Сүхбаатарын талбайд тогтмол явагдсаар иржээ. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын 1971 оны 170 дугаар тушаалаар “Ардын армийн 50 жилийн ойн цэрэг техникийн парад”, 1986 оны 245 дугаар тушаалаар "Ардын хувьсгалын 65 жилийн ойн зэвсэг, техникийн парад”, 1991 оны 261 дүгээр тушаалаар "Ардын хувьсгалын 70 жилийн ойн баярын цэргийн парад"-ыг тус тус явуулж байсан ба Ардын хувьсгалын ойн баяр наадмын тэгш ойн жилүүдэд цэрэг, техникийн, харин ойн бусад жилүүдэд зөвхөн цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал явагддаг байжээ. Түүнчлэн тухайн үед Октябрийн хувьсгал ялсны буюу Октябрийн баярын өдөр мөн адил Цэргийн ёслолын жагсаал явдаг байсан ажээ.
Цэргийн ёслолын жагсаал нь 1992 оноос хойш явагдаагүй бөгөөд харин 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг удаа зохион байгуулагдаж байжээ.
Тус 1992 оны Ардын хувьсгалын 71 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд Цэргийн их сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн дарга дэд хурандаа М.Борбаатар /хошууч генерал/-аар удирдуулсан шинэ төгсөгчдийн хайрцаг түрүүлж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар 30,000 төгрөгөөр шагнуулж байв. Үүнээс хойш есөн жил завсарласны дараа 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх ёслолын үеэр Зэвсэгт хүчний анги, байгууллага, Хил хамгаалах ерөнхий газрын болон Дотоодын цэргийн ангиуд оролцсон Цэргийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд явуулсан байна.
Орчин үе
засварлахСүүлд 2009 онд Монгол Улсын Төрийн ёслолын албаны санаачилгаар Төрийн далбааны өдөр, Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх үед Цэргийн ёслолын жагсаалыг сэргээн явуулж эхэлсэн байна. Үүнийг ард иргэд, залуучуудын гүн талархлыг хүлээсэн ёслолын арга хэмжээ болсон юм.
Тэрчлэн 2009 онд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” буюу долдугаар сарын 10-ны өдөр Цэргийн ёслолын жагсаалыг Төрийн ёслолын албаны санаачилгээр дахин сэргээн явуулж эхэлсэн юм. Цэргийн ёслолын жагсаалыг дэлхийн ихэнх улс орон тэмдэглэлт баярынхаа үеэр бэлтгэн, зохион байгуулан явуулдаг бөгөөд энэхүү арга хэмжээг тухайн улс орны тусгаар тогтнол, түүний батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан бөгөд эх оронч үзлийг сурталчилсан чухал арга хэмжээний нэг гэж үздэг юм.
2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцов. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид, Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг, ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв, Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр, Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав, Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр, Хил хамгаалахын ерөнхий газраас гурав, Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр, Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг, Цагдаагийн ерөнхий газраас гурав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг, Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцсон юм. Үүнээс гадна эмэгтэй цэргийн алба хаагчдын таван салбар оролцож байгаагийн дээр Дотоод хэргийн их сургуулиас анх удаа эмэгтэй салбарын алба хаагчдыг оролцуулсан аж.
2022 онд “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, ТЕГ, ЦЕГ, ДЦШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ДХИС гэсэн 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцсон байна.
Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал С.Ганбямба командлаж, тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа С.Баяр-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт нар ажилласан байна.
2023 онд тухайд үер усны түвшин гамшгийн зэрэгт хүрсэнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрийн дагуу энэхүү цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан байна.
Гадаад орнуудын алдартай цэргийн ёслолын жагсаалууд
засварлах- 1945 оны 6-р сарын 24-ний өдөр Москвагийн Улаан талбайд болсон Улаан армийн цэргийн ёслолын бол ЗХУ-ын Аугаа эх орны дайнд Германыг ялсны баярт зориулан болсон түүхэн парад юм. Улаан армийн цэргүүдийн жагсаалыг ЗХУ-ын маршал Георгий Жуков хөтөлж, цэргүүдийг ЗХУ-ын маршал Константин Рокоссовский удирдав. Энэхүү Ялалтын жагсаалд нийт 35325 хүн оролцсон. Үүнд: 24 маршал, 249 генерал, 2536 офицер (бага дэслэгчээс хурандаа хүртэл), 31116 түрүүч, цэрэг, 1400 цэргийн хөгжимчид, түүнчлэн 1850 техник хэрэгсэл оролцож байжээ. ЗХУ-ын үед Ялалтын цэргийн жагсаалыг зөвхөн 1965, 1985, 1990 оны тэгш ойн жилүүдэд зохион байгуулсан байна. 1995 оноос хойш Оросын төв талбайд жил бүр цэргийн ёслолын жагсаал зохион байгуулагддаг байна.