Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороог анх Монгол Улсын Бага Хурлын 1992 оны 4-р сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын дэргэд 15 гишүүнтэйгээр байгуулж байв.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг улс орон даяар удирдан зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй бөгөөд үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг, байнгын ажиллагаатай төрийн байгууллага юм.
Сонгуулийн ерөнхий хороо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг.
Монгол Улсын Их Хурал 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг баталсан. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү бие даасан хуулиар баталгаажуулсан билээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо нь 2001 оноос Ажлын албатайгаар ажиллаж эхэлсэн бөгөөд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар Сонгуулийн Ерөнхий Хороо нь өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах Ажлын албатай байна хэмээн албан ёсоор хуульчилж өгсөн юм.“Ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай” Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны 02 дугаар тогтоолоор Хорооны Ажлын албыг Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтэс гэсэн бүтэцтэй баталсан. Хорооны 2020 оны 292 дугаар тогтоолоор Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийг Мэдээлэл, судалгаа, сургалтын төв болгон өөрчилсөн.
Захиргаа, санхүүгийн хэлтэс нь Хорооны гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, хуралдааныг бэлтгэн явуулах, Ажлын албаны дотоод ажлын зохион байгуулалт, төсөв, санхүүгийн болон байгууллагын хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудлыг хариуцан ажилладаг.
Хууль, эрх зүйн хэлтэс нь Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргаж буй эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, эрх зүйн үндэслэлийг хянах, сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналын төсөл боловсруулах, иргэд, байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхэд Сонгуулийн Ерөнхий Хороог төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, сонгуулийн хороодод хууль хэрэглээний талаар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хариуцна.
Мэдээлэл, судалгаа, сургалтын төв нь Хорооны болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл боловсруулах, нийтэд зориулсан төрөл бүрийн сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах, сонгуулийн холбогдолтой судалгаа гаргах, сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдын мэдээллийн сан бүрдүүлэх, сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалт зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах зэрэг мэдээлэл, судалгаа, сургалттай холбоотой үйл ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн гадаад орнуудын сонгуулийн байгууллагууд болон Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, туршлага солилцох, ажиглагч илгээх, хүлээн авах зэрэг Хорооны гадаад харилцааны асуудлыг хариуцан ажилладаг. Мөн Ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, давтан сургах сургалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд ашиглах, түүний бэлтгэлийг хангах, сонгуулийн явцад автоматжуулсан системийн хэвийн ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, технологийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Мэдээллийн технологийн төвийг Сонгуулийн Ерөнхий Хорооны 2011 оны 05 дугаар тогтоолоор тус Хорооны дэргэд байгуулан ажиллуулав.
Мэдээллийн технологийн төв нь Хорооны 2021 оны 20 дугаар тогтоолоор Захиргаа, санхүүгийн хэлтэс, Програм хангамжийн хэлтэс, Техник үйлчилгээний хэлтэс гэсэн бүтэц зохион байгуулалттай ажиллаж байна.
Мэдээллийн технологийн төв нь Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан дүрмийг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд ашиглах техник, технологийн шийдлийг боловсруулах, уг системийг ашиглах техник-зохион байгуулалт, арга зүй, технологийн нэгдсэн удирдлага, хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, мэдээллийн технологийн баг, мэдээллийн технологийн даамлыг сургах, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг.Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан систем мэдээллийн бусад системтэй хэрхэн харилцан ажиллах асуудлыг шийдвэрлэн сонгуулийн автоматжуулсан систем дэх мэдээллийн аюулгүй байдлыг хангах, ашиглалтыг хариуцахын зэрэгцээ хуулиар хүлээлгэсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.