Монголын философийн холбоо

Монголд философийн сургалт, судалгаа зохион байгуулалттай хөгжиж, мэргэжилтэн бэлтгэх болсноос хойш төр засгийн зүгээс анхаарал хандуулж олон нийтийн байгууллага байгуулж байжээ. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1973 оны 10-р дугаар сарын 3-ны өдрийн “Монголын Философич, Социологичдын Холбоо байгуулах тухай” 322 тоот тогтоол гарсан байна. 1973 онд Болгарын Варнад зохион байгуулагдсан Дэлхийн философийн XV Их хуралд манай төлөөлөгчид оролцсон. 1978 оны 8-p сарын 26-аас 9-р сарын 2-нд болсон Дэлхийн философийн XVI Их хурлын захиргааны зөвлөлийн хуралдаанаар Монголын Философич, Социологичдын Холбоог Философийн Олон Улсын Нийгэмлэгүүдийн Холбоо буюу FISP -д гишүүнээр элсүүлжээ.

1948 онд Олон улсын философийн институтийн удирдлага Р.Байэрийн санаачилгаар Философийн Олон Улсын Нийгэмлэгүүдийн Холбоо (FISP) Амстердамд байгуулагдсан. Тус холбоо нь 130-аад орны 1200 орчим их сургуулийн философийн тэнхим, факультетийн багш, судлаачид 13000 гаруй гишүүдийг хамарсан үндэсний 105 холбоо, Олон улсын 38 холбоо, 2 Олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

2008 оноос Философийн сургалт, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор “Монголын Философийн Холбоо” Төрийн бус байгууллагыг (Mongolian Philosophical Association) байгуулж, ШУА-ийн ФСЭХ-ийн захирал, профессор Г.Чулуунбаатарыг Ерөнхийлөгчөөр сонгосон. 2010 оны 11-р сарын 22-ны өдөр Монголын Философийн Холбоо нь Олон Улсын Философийн Нийгэмлэгүүдийн Холбооны (FISP) гишүүнээр элссэн.

2009 оны 8-р сарын 26-нд “Зүүн Азийн иргэншил ба буддизм” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Канад зэрэг орны 24 судлаач илтгэл хэлэлцүүлсэн. Илтгэлийн эмтхэтгэл “Зүүн Азийн иргэншил ба буддизм” нэрээр хэвлэгдэж нийтийн хүртээл болсон. 2018 онд Дэлхийн философийн XXIV их хуралд Монгол Улсаас 10 судлаач оролцжээ.

Ерөнхийлөгчː 1973-1990 онд философийн шинжлэх ухааны доктор, профессор С.Норовсамбуу.

1990 оноос “Монголын философичдын холбоо”-г доктор, профессор Я.Долгоржав.

2008-2018 онд “Монголын Философийн Холбоо”-ны (Mongolian Philosophical Association) ны Ерөнхийлөгчөөр, академич Г.Чулуунбаатар.

2018 - доктор Д.Гантөмөр.

Удирдах зөвлөлː МФХ- ны Удирдах зөвлөл 11 гишүүнтэй.

Webː http://mongolianphilosophy.org/

Facebookː Mongolian Philosophical Association