Монголын нисэх хүчин

Монголын Нисэх хүчин

Монгол Улсын Нисэх хүчний яруу алдарт түүхийг томоохон үйл явдал, өөрчлөлт, шинэчлэлүүд өрнөсөн, хөгжлийн 3 үе шатыг туулсан гэж үзэж болно.

Товчоолбол:

- Эхний 30 жил: 1925-1955 он

- Хоёр дахь 30 жил: 1955-1985 он

- Гурав дахь 30 жил: 1985-2015 он


Тэртээх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Нисэх хүчний түүх эхэлсэн билээ.

Эхний 30 жил 1925-1955 онбол агаарын нисэх хүчин үүсэн бий болсон, бүс нутгийн болон дэлхийн дайнд оролцож эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахад Монголын нисэх хүчин онцгой чухал үүрэгтэйгээр оролцсон, шинэ онгоц техник зэвсгийг Монголын малчин залуус эзэмшсэн, Агаарын зоригт баатрууд олноороо мэндэлсэн он жилүүд байлаа. Нисэх хүчний хөгжлийн эхний энэ 30 жилд Монгол залуус “Ю-13”, “Ил-2”, “Р-1”, “Р-5”, “У-2”, “ПО-2”, “ЯК-7” загварын онгоцууд эзэмшиж, Шагдарсүрэн, Жамбаа, Дэмбэрэл, Шагдар нарын агаарын зоригт баатрууд төрж, Зөвлөлтийн сургагч нарын удирдлагаар олон олон ирээдүйн нисэх хүчний зүтгэлтнүүд анхныхаа нисэх дадлагыг авч байсан он жилүүд юм.

Чухам энэ жилүүдэд Маршал Х.Чойбалсангийн дэмжлэг санаачлагаар агаарын цэргийн чухал төрөл салбар болох тээврийн нисэх хүчний суурь тавигдсаныг бид мартах ёсгүй билээ. 1956 оны 7-р сарын 7-ны өдөр Улаанбаатар-Мөрөн-Ховдын чиглэлд Ан-2 онгоцоор анхны зорчигч тээврийн нислэг хийснээр хоёрдугаар 30 жил болох 1955-1985 он жилүүдийн Монголын иргэний агаарын тээврийн түүхэн замнал эхэлсэн билээ. Уг нислэгээс хойш иргэний агаарын тээврийн салбар бүрэн тусгаар биеэ даасан салбар болон хөгжиж улс ардын аж ахуйн нэн чухал зорилтуудыг хэрэгжүүлэн биелүүлсээр ирсэн түүхтэй.

Эдгээр он жилүүдэд Ах дүүгийн ган бат найрамдалт Зөвлөлт Холбоот Улсын нисэхийн училищ, агаарын тээврийн их, дээд сургуульд манай олон зуун мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж Ан-2, Ил-14, Ан-24, Ан-26, Ан-30, Ми-8 зэрэг онгоц техникийг амжилттай эзэмшиж, 18 аймаг, 300 гаруй сум, суурин газарттогтмол нислэг үйлдэж, иргэний агаарын тээврийг улс ардын аж ахуйн бүхий салбарт өргөн хэрэглэж, орчин үеийн шинэ техник технологи тасралтгүй нэвтэрч байлаа. Товчхондоо энэ 30 жил бол БНМАУ-ын социализмын материал техникийн баазыг барьж байгуулах, улс ардын аж ахуйг босгоход иргэний агаарын тээврийг өргөн ашиглаж, хамгийн олон зорчигч тээвэрлэж байсанон жилүүд байлаа.

1986 онд Агаарын тээврийн салбар цэргийн удирдлагын тогтолцооноос иргэний нисэхийн байгуулагад шилжиж, Буянт-Ухаа дахь Шинэ нисэх буудал ашиглалтанд орсноор Гуравдахь гучин жил, 1985-2015 он хүртэлх Их шинэчлэлтийн он жилүүдийн түүх үргэлжилж байна. 1988-1990 онд дотоодын агаарын тээврээр үйлчлүүлсэн зорчигчдын тоо жилд 800,000-д хүрч байсан нь одоо ч эвдэгдээгүй дээд амжилт билээ. 1989 онд БНМАУ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын төрөлжсөн байгууллага Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага ИКАО-д гишүүнээр элсэж, олон улсын нислэгүүдийг өөрийн нутаг дээгүүр дамжин өнгөрүүлэх, олон улсын нислэгт харилцан ашигтай, хамтран ажиллах бололцоогоо нээж авсан билээ.

Монголын иргэний агаарын тээвэр 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед олон зуун улсын үйлдвэрүүд үүд хаалгаа барин дампуурч, улс орны эдийн засаг хямарч, картын бараанд очерлож байхад мөнгөн цагаан хөлгийнхөө хөдөлгүүрийг унтраалгүй хөгжлийнхөө хурдыг улам бүр нэмсэн бахархам гавъяатай билээ.

1990 оны Ардчилсан Хувьсгалын үр дүнд Монголын ард түмэн гадаад паспорттой болж, гадаад улс оронд эрх чөлөөтэй зорчих болсоноор 1990-1992 онуудад МИАТ нэгтгэлийн Ту-154, Боинг 727 онгоцуудУБ-Бээжин-УБ, УБ-Москва-УБ чиглэлд зогсолтгүй нисэж, олон зуун бизнес эрхлэгчид, ганзагын наймаачдын ачаа, барааг хоёр улсын хооронд агаараар тээвэрлэж анхны транзит тээвэр эхлүүлж байсан түүхтэй.

1992 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Агаарын навигацыг хөгжүүлэх төсөл, Буянт-Ухаа нисэх буудлыг өргөтгөх төсөл хэрэгжсэнээр агаарын тээврийн шинэ шинэ боломжуудыг өргөнөөр нээсэн юм.

1992 онд иргэний нисэхийн анхны эрх зүйн баримт бичиг болох “Агаарын зайд нислэг үйлдэх тухай хууль” батлагдсан, 1993 онд Иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэлийг задалж, бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж Агаарын харилцааны газар, МИАТ Хувьцаат Компани байгуулагдсан, 1999 онд Иргэний Нисэхийн тухай хуульбатлагдсан, 1999-2006 оны хооронд Иргэний нисэхийн багц дүрмийн тогтолцоо түүнийг дагалдан буй болсон үйл ажиллагааны зааврууд, зөвлөмжийн цувралууд, үзлэг шалгалтын стандартуудтай болж эрх зүйн шинэчлэлтийг амжилттай хийсэн юм. Энэ нүсэр оюуны ажлын голыг нугалсан тэргүүний сэхээтнүүд өнөөдөр ч та бидний дунд байгаад би бахархан талархаж байна.


Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ Хувьцаат Компани 1993 оноос Боинг 727, Эйрбус 310, Боинг 737, Боинг 767 зэрэг агаарын хөлгүүдийг амжилттай эзэмшиж Москва, Бээжин, Берлин, Истанбул, Сөүл, Токио, Хонгконгзэрэг олон улсын агаарын замууд шинээр нээгдэж олон улсын тогтмол нислэгүүд үйлдэгдэж байна.

Орон нутгийн нислэгт Монголын хөх тэнгэрт 40-50 жил ниссэн домогт Ан-2, Ан-24 агаарын хөлгүүд Аэромонголиа, Изинис Эйрвэйз, Хүннү Эйр зэрэг хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчидийн Фоккер-50, Сааб-340Б, Фоккер-100, Эйрбус 319 зэрэг Барууны болон АНУ-д үйлдвэрлэгдсэн онгоцуудад халаагаа өглөө. Хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид нисэх хүчний хөгжилд өөрсдийн түүх намтраа бичилцэж Эрхүү, Хөх-Хот, Хонгконг, Шанхай, Бангкок, Парис чиглэлд агаарын алтан шар зам татлаа.


Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрхи олон улсын дамжин өнгөрөлтийн нислэг нэмэгдэж, түүнд үйлчлэх агаарын навигацын тоног төхөөрөмж, технологи, боловсон хүчинолон улсын түвшинд хүрснээр навигацын орлого сүүлийн 20 жил тасралтгүй өссөн бөгөөд уг эх үүсвэрээс орон нутгийн 10-аад нисэх буудлыг шинэчилж, аэродромыг хатуу хучилттай зурвастай болголоо.

Монгол Улсаас ИАТА-гийн гишүүн агаарын тээвэрлэгч төрж, Монгол Улс ИКАО-д дээгүүрт үнэлэгдэн шалгуулсан билээ. Улсын Их Хурлаас “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” батлагдсанаар агаарын тээврийн хөгжлийн бодлого тодорхой болсон.

Монголын иргэний агаарын тээврийн дараагийн 30 жилийн түүх нь транзит агаарын тээврийн хөгжлөөр эдийн засгийн шинэчлэлт хийсэн, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно.

Энэхүү дараагийн 30 жилийн түүх маань ИНЕГ-ын бүтцээс Иргэний нисэхийн үндэсний корпораци байгуулагдаж, салбарын бүтцийн томоохон өөрчлөлтөнд орох ажлаар эхэлж байна. Энэ бол олон улсын жишигт нийцсэн, үйлдвэрлэл, зохицуулалтыг заагласан, нэн шаардлагатай, цагаа олсон чухал ажил билээ. Үүний үр дүнд аюулгүй байдал, хариуцлагын тогтолцоо улам боловсронгуй болж улмаар агаарын тээврийн хөгжил бас нэг шатаар ахина.


2017 онд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд ороход зорчигч урсгал, агаарын хөлгийн паркийн хүчин чадал нэг дахин нэмэгдсэн байх, агаарын тээвэрлэгчдийн санхүү-эдийн засгийн чадавхи сайжирч, шинэ зах зээлд өрсөлдөх чадвартай болох зайлшгүй шаардлагатай байна. Иймд ИНЕГ-аас 2017 онд Хөшгийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орохыг хүлээлгүйгээр хөрш зэргэлдээ ОХУ болон БНХАУ-ын хооронд агаарын тээврийн транзит зах зээлийг бойжуулахаар ажиллаад эхэлснийг дуулгахад таатай байна.

Чингис Хаан ОУНБ-ыг транзит заалтай болгож ОХУ-ын Сибирийн томоохон хотуудыг БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын бүс Шанхай, Хонгконг, Макао, Хайнан болон БНСУ, Япон, Зүүн өмнөд Азийн аялал жуучлалын бүстэй холбосон транзит нислэгийг энэ намраас эхлүүлэхээр шамдан ажиллаж байна. Шинээр баригдаж байгаа олон улсын нисэх буудлыг Хойд Азийн зорчигч, ачаа тээврийн зангилаа болгон нисэх буудлын нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс болгох төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Мөн ойрын жилүүдэд 18 аймгийн, 160 гаруй сум, суурийн газрын тогтмол нислэгийг сэргээж,өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан дотоодын агаарын тээврийн өргөн сүлжээтэй болгох томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд иргэний нисэхийн салбар нь гадаад ертөнцөд гарах гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл тул агаарын тээвэрт хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийн зохицуулалтыг ойлгомжтой болгох, нислэгийн хөдөлгөөний процедурыг хялбаршуулахтай холбоотой эрх зүйн орчинг улам боловсронгуй болгоно.

Сингапур, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг газар нутгийн хэмжээгээр манайхаас хэд дахин бага, хүн амын тоогоор бидэнтэй ойролцоо 2-5 сая цөөхөн хүн амтай улсууд газар зүйн байршлын давуу талаа ашиглан транзит агаарын тээврээр жилдээ хэдэн арван сая зорчигч, хэдэн зуун мянган тонн ачаа дамжуулан тээвэрлэж, агаарын тээврийн салбараа дэлхийд тэргүүлэгч болгон хөгжүүлсэн байна.

Тэгвэл Монголчууд бид тэдний адил газар зүйн байршлын давуу талаа ашиглан даяаршлагдсан иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болж, Монгол улс олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа болж, дэлхийд тэргүүлэгч хүчирхэг агаарын тээврийн салбартай болох дараа дараагийн түүх энэ мөчөөс эхэлж байна.

Цаашид Монголын иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны өндөр стандарт бий болж, агаарын тээврийн салбар маань улс орны эдийн засгийн нэг тулгуур болох Эдийн засгийн шинэчлэл, үсрэнгүй хөгжлийн үе байх болно.