Монголчууд XX зууны эхэнд

“Манай Монгол овогтон болбаас эртний олон судар бичигт нэр гарсан ихээхэн түүхтэй улс мөн” Н.Магсаржав.

Монголчууд XX зууны эхэнд зурагт түүхийн ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Монголчууд" цувралын эхний боть бөгөөд ховор түүхэн гэрэл зургаар баяжуулсан бүх нийтийн түүхийн боловсролд зориулсан ном юм.

Зуу гаруй жилийн тэртээ монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм. Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.