Моай
Моай (рап. Moai Maea ‚чулуун хөрөг‘) хүн чулуунууд нь Easter Island буюу Пасха арал дээр орших агаад хөшөө тус бүрийг нь нэг том чулуунаас сийлбэрлэн хийсэн байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, наасан, тогтоосон эд анги гэж байхгүй гэнэ. Моаи хөшөөнүүдийн зарим нь 20 орчим тонн жин татдаг, 6 гаруй метрийн өндөртэй аж. Эдгээрээс гадна археологичид 20 метрийн өндөртэй, 270 тонн жинтэй дуусгаагүй баримлыг олсон байдаг. Арал дээр нийтдээ 997 моаи бий. Долоон моаигаас бусад нь арлын гүн рүү харсан байрлалтай. Харин дээрх долоо нь арлын эрэг дагуу бус дотор нь байрладгаараа ялгаатай ажээ. Хүн чулуунуудын нүдний ухархайг шүрээр дүүргэсэн байсан гэдгийг сүүлийн үед нотлоод байна. Себастиан Энглерт эдгээрийг дугаарлан ангилахдаа 638 хүн чулууг бүртгэсэн бол Археологийн судалгаа, хөшөөний төсөл (Archaeological Survey and Statue Project) 1969 оноос 1976 оны хооронд 887-г тоолсон бөгөөд магадгүй анхандаа 1000 гаран байсан хэмээн үздэг байна.[1]
Түүх
засварлахМоай хүн чулуунуудыг хийх, байрлуулахад их хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарлагадсан нь ойлгомжтой. Харин эдгээр хөшөөнүүдийг хэн бүтээсэн, ямар багаж ашигласан, мөн хэрхэн нүүлгэж байршуулсан зэргийг европчууд удаан хугацааны туршид мэдэж авахыг хичээсэн билээ.
Арлын тухай нэгэн домог оршин суугчдынх нь дунд нэлээд түгсэн байдаг аж. Уг Хоту Мату’а хааны удмынхны тухай гардаг аж. Хоту Мату’а хаан ордноо орхин шинэ бүхнийг эрэлхийлэх замд гарснаар Улаан өндөгний арлыг олжээ. Түүнийг нас барсны дараа уг арлыг зургаан хүү нь хуваан авав. Дараа нь ач, гуч нарт нь ч хуваарилагдсан гэх. Арлын оршин суугчид хааны удмынхны хүч чадал энэхүү хүн чулуунуудад шингэсэн байгаа гэдэгт итгэдэг ажээ. Энэ хүч нь арвин их ургац, хур бороо, хөгжлийг дууддаг гэж үздэг байна. Дээрх домог цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, яваандаа нутгийн ард олон домгийг олон хэсэг болгон салгаж амнаас ам дамжин тараасаар байсан тул бүгдийг нь нэгтгэж нэг түүх болгох боломжгүй байв. Харин 1956 онд Норвегийн алдарт аялагч Тур Хейердал моиа бий болсон нууцыг тайлсан гэж үздэг байна.
Уг нутагт амьдарч байгаад устан үгүй болсон “урт чихт” омгийнхон эдгээр моаиг босгосон ажээ. Энэ хүмүүс чихээ цоолон хүнд юм дүүжилж чихнийхээ омгийг сунгадаг уламжлалтай байсан учир түүхчид тэднийг “урт чихт” гэж нэрлэсэн аж. “Урт чихт” омгийнхон моаи бүтээж байгаагаа “оготор чихт” омгийнхноос маш их нууцалдаг байжээ. Моаи бүтээж байгаа энэ нууцлаг байдал нь “оготор чихт” омгийнхныг моаигийн тухай олон янзын домгийг бий болгоход хүргэсэн аж. Энэ л домгууд нь европчуудыг олон жилийн турш төөрөгдөлд оруулж байжээ.
Ноён Хейердал хүн чулуунуудыг судлаад Өмнөд Америкийн овог аймгуудын бүтээлүүдтэй төстэй байгааг олж мэджээ. Тэр дундаа Перугийн индианчуудын бүтээлтэй төстэй байсан тул “урт чихт” омгийнхон перучуудаас гаралтай байжээ гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.
Тур Хейердалын хүсэлтээр энэ арал дээр амьдарч буй “ур чихт” омгийн сүүлчийн удмынхан омгийн ахлагч Педро Атаны удирдлага дор моаи бүтээх бүх шат дамжлагыг хийж үзүүлжээ. Тэд чулуун алхаар хадыг сийлбэрлэн бэлэн болсон 12 тонн жинтэй моаиг тусгай чирэгч ашиглан хэвтээгээр нь зөөвөрлөсний дараа мод, чулуунаас бүрдэх нэгэн төхөөрөмжийн тусламжтайгаар босгож тавьсан аж. Гайхширсан аялагч маань урьд өмнө энд ирж байсан Европын судлаачдад энэ аргынхаа тухай яагаад хэлдэггүй байсныг омгийн ахлагчаас нь асуухад “Надаас хэн ч ЭНЭ ТУХАЙ асууж байгаагүй” гэж хариулсан гэдэг. Судалгаанд оролцсон нутгийн оршин суугчдын хэлснээр, өвөг дээдэс нь моаиг хийлгүй хэдэн зууныг үдсэн ч хэрхэн хийдэг талаар үр удамдаа цээжлүүлэн, дахин дахин давтуулсаар, цээжилсэн гэдэгт нь итгэлтэй болсон үед л санаагаа амраадаг байсан гэнэ. Тиймээс моаиг хийх аргыг нутгийн оршин суугчид бүр хүүхэд байх үеэсээ эзэмшсэн байдаг ажээ. Доорх видеод моаиг хэрхэн байршуулж байсан талаар тодорхой үзүүлсэн байна.
Хийц
засварлахМоайг бүтээхэд багаж хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг байна. Хөшөөг хийх ажил эхэлмэгц чулуун алхны нөөцийг бэлтгэх ажил зэрэгцэн өрнөдөг ажээ. Учир нь моаиг бүтээхдээ чулуун алхаар ойр ойрхон цохин сийлбэрлэдэг учир алхнууд нь амархан бутардаг байна.
Моаигийн нууцыг тайлсан хэдий ч “оготор чихт” омгийнхон яагаад моаиг одоогийн байрандаа “хүрээд ирсэн” гэж домогнууддаа өгүүлж байсан нь нууц хэвээр байв. Тухайн үед Чехийн судлаач Павел Павел моаиг “явдаг” байсан гэсэн таамаглал дэвшүүлж байжээ. Ингээд 1986 онд Тур Хейердалын хамтаар нэгэн туршилтыг явуулсан байна. Туршилтад оролцсон 17 хүн олс, уяа ашиглан 20 тонн жинтэй баримлыг босоо чигээр нь зөөвөрлөж чадсан ажээ.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Jo Anne van Tilburg: Easter Island: Archaeology, Ecology and Culture. Smithsonian Institution Press, Washington 1994.