Мишэль Эйкэм дө Монтень (* 1533 оны 2-р сарын 28; † 1592 оны 9-р сарын 13) бол уран зохиолын нэг төрөл болох эсээг үндэслэгч, Францын сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай, суут сэтгэгч, зохиолчдын нэг. Тэрээр жишээ баримтууд болон богино хэмжээний өгүүллэг, аникдотуудыг нэгтгэн өөрийн санааг тун оновчтой, нарийн илэрхийлэн бичсэнээрээ алдартай. Түүний энэхүү бичлэгийн хэлбэр нь эсээ (essais - туршицууд) бөгөөд Монтений эсээнүүд одоог хүртэл хамгийн гайхалтай хэвээр байна. Монтений эсээ, үзэл баримтлал, философи нь дэлхийн хэмжээний зохиогчид Рене Декарт, Блез Паскаль, Жан Жак Руссо, Уиллиам Хазлит, Ралф Валдо Эмэрсон, Фридрих Ницше, Стифан Цвейг, Эрик Хоффер, Исаак Асимов болон Уильям Шекспирийн сүүл үед хийсэн зохиол, бүтээлд шууд нөлөө үзүүлсэн байдаг.

Монтений хөргийг мөн үеийн зураач Томас де Лөгийн зурсанаар

Өөрийн цаг үедээ тэрээр төрийн албан тушаалтан гэхээс илүүтэйгээр зохиолч, яруу найрагч гэдгээрээ алдартай байжээ. Жишээ баримт болон өөрийн бодлуудыг хэт тусган эсээгээ бичиж байсныг хөгжил дэвшил гэхээсээ илүүтэйгээр бичлэгийн зохист харьцааг алдуулсан хэмээн үзэж, “Миний ном бол тэр чигээрээ би юм” хэмээх тунхаглалыг нь өөрийгөө хэт өөгшүүлсэн үзэлтэй хэмээн зэмлэж байсан ч түүнийг оюун санааны хувьд эрх чөлөөтэйгөөр, бүх зүйлд эргэлзэх тэрхүү үзлийн үндсийг гаргаж ирсэн гэдэгтэй бүгд санал нийлдэг. “Би чухам юу мэдэх билээ?” гэсэн асуулт нь түүний философийн үндсэн асуулт юм. Тэрээр өөрийн бүх мэдлэг, бодол, мэдрэмжүүдийг ухамсартайгаар шүүн тунгааж, “хорвоо дээрх хамгийн аугаа зүйл бол өөрийгөө мэдэж, захирах явдал” гэж үзэж байсан нь өнөөгийн уншигчдын дунд ч хуучраагүй мөнхийн сэдэв юм.

Түүний эсээнүүдийг унших явцад тэрээр өөрийгөө тодорхойлох явдал үе үе тохиолддог бөгөөд үүнээс жишээ болгон дурдвал “...Ганцаар амьдрах хэв маягт амархан идээшдэг хүмүүс байна. Төрөлхөөсөө залхуу, идэвхгүй, хүсэл зорго нь гал мэт дүрэлзэн асдаггүй хүмүүс (дашрамд хэлэхэд, би яг тиймэрхүү хүн л дээ) ...” гэсэн хэсгийг түүний Ганцаардлын тухай эсээнээс уншиж болно. Мөн “Би бол ямарваа адгуу хүсэлд тэгтлээ гүн автдаггүй. Намайг тэгтэл улайруулах амаргүй л дээ. Төрөлхөөсөө би ийм араншинтай, түүн дээр бас байнга бодож эргэцүүлж явахыг илүүд үздэгийнхээ ачаар, өдөр өнгөрөх тусам улам хатуужсаар л байна.” гэсэн хэсгийг “Уй гашуудлын тухайд” эсээний сүүлийн хэсгээс харж болно. Өнөөг хүртэл биднийг өөрийн гайхамшигт оюунлаг ертөнцөөр аялуулан буй энэхүү эрхэм хүн чухамдаа ямар амьдралыг туулж, хэрхэн амьдарч байсан талаар товчхон сонордуулъя.

Амьдрал

засварлах

Гарал болон бага нас

засварлах

Монтень 1533 оны 2 сарын 28-нд Францын Бордо хотын ойролцоо Шатэю дэ Монтень эдлэнд мэндэлжээ. Энэхүү эдлэнг түүний өвөг эцэг Рамон Филипе Эйкэм үр хүүхдүүддээ их хэмжээний өв хөрөнгийн хамт өвлүүлэн үлдээсэн байна. Монтений эцэг Пьерр Эйкэм цэргийн албан тушаалтан байсан бөгөөд Бордо хотын захирагчаар ажиллаж, эх Антойнэт Лопез нь протестант шашны жирийн нэгэн сүсэгтэн байжээ.

Түүний амьдралын хамгийн оргил үед эх Антойнэт Лопез ойр байж, дэм болж байсан ч эсээндээ түүний тухай ердөө хоёхон удаа дурдсан байдаг. Харин эцгийнхээ тухай нэлээдгүй олон эсээндээ оруулжээ.

Монтений эцэг хүүгийнхээ боловсролд маш их анхаардаг байсан бөгөөд түүнийг төрсөн цагаас хэрхэн яаж суралцах нь тодорхойлогдсон байв. Монтенийг хүмүүсийн амьдралыг мэддэг, хүмүүст туслах сэтгэлтэй болгохын тулд дөнгөж төрснөөс нь 3 нас хүртэл ядуу тариачин айлд өргүүлжээ. Гурван настайдаа гэртээ ирээд түүний сурах ёстой хамгийн эхний хичээл бол Латин хэл байлаа. Түүнд францаар огт ярьдаггүй Герман гэрийн багш оюун ухааны хичээл заадаг байсан бөгөөд гэрийн бүх үйлчлэгч нар Монтеньтэй зөвхөн латинаар ярих ёстой гэсэн хатуу дүрэмтэй байв. Хүүгийн амьдрал эцгийх нь тогтоосон хатуу дүрэм журмын дагуу өрнөж байсан ч энэ нь түүний эрх чөлөөний тухай ойлголтыг улам тодотгож, бататаж өгсөн байна. Өглөө бүр түүнийг олон янзын хөгжмийн аялгуугаар сэрээж, гэрийн багш нь түүнийг уйдсан эсвэл ядарсан үед нь хөгжим тоглож өгдөг байсан гэдэг.

1539 онд залуу Монтень Бордо хотын Гвиений коллежид элсэн орж, тухайн цаг үеийнхээ агуу эрдэмтэн Жорж Букананы шавь болон суралцаж эхлэв. Сургуулиа төгсөөд орон нутгийн хуулийн байгууллагад зөвлөгчөөр ажиллаж, 1557 оноос Бордогийн парламентийн дээд танхимд зөвлөгчөөр, 1561-1563 онд IX Чарлесийн шүүхийн танхимд шүүгчээр ажиллах болжээ. Бордо хотын парламентад хүчин зүтгэж байх үеэрээ яруу найрагч Этейн дө Ла Боэситэй маш сайн найзууд болсон байна. 1563 онд Ла Боэси нас барсан нь Монтеньд маш хүнд цохилт болсон ба хүндэт нөхрөө алдсаны дараагаар “Харилцааны утга учир” эсээгээ бичжээ.

Гэр бүлийнхнийхээ шахалтаар Францисс дэ Ла Кассеньтэй гэрлэсэн бөгөөд тэд зургаан охины эцэг эх болсон юм.

1571 онд тэрээр нийгмийн амьдралаас бараг бүрэн татгалзаж, 1500 орчим цуглуулгын номтой номын сандаа өөрийгөө цоожлон эсээнүүдээ бичиж, 1580 онд эхний хоёр дэвтэрийг нь хэвлэв.

Түүний номын тавиурт доорх бичээс өлгөөтэй байжээ:

“Христийн тооллын 1571 онд, гучин найман настай Мишель дэ Монтень 2-р сарын сүүлчийн өдөр буюу өөрийн төрсөн өдрөө ордны болон төрийн урт удаан, зүдэргээтэй ажлаасаа салж, анхаарал сарних зүйл үгүй, амар амгалан газар аль хэдийн талаасаа хэтэрчихсэн өөрийн үлдсэн амьдралаа суут мэргэдийн эрдэм мэдлэгийн ариун ундаргаас хүртэхээр шийдсэн юм. Хэрвээ хувь тавилан зөвшөөрөх аваас, тэрбээр энэхүү гайхамшигт оршихуйгаа гүйцээн бүтээж, өөрийн эрх чөлөө, амар амгаланг дархлан үлдээх буй за.”

Амьдралын сүүлийн жилүүд

засварлах

1578 онд түүний эрүүл мэнд гэнэт муудаж, бөөрний чулуунаас болж шаналах болжээ. Нэгэнт ямар ч эм тан, эмч домч тусалж чадахгүй гэдгийг ойлгосон тэрээр эмчилгээний өөр арга зам хайн 1580-1581 онуудад Франц, Герман, Австри, Швейцарь, Итали зэрэг Европын орнуудаар гэр бүлийн хамт аялсан байна. Энэхүү аялалынхаа явцад тэрээр улс үндэстнүүдийн хүн ам, нийгэм соёлын ялгааг харьцуулан ажиглаж, тэмдэглэл хөтөлж байсан нь хожим түүний бүтээлүүдэд ашиглагдсан байдаг.

Монтень 1581 онд Бордо хотын захирагчаар сонгогдож, 1585 он хүртэл ажиллахдаа протестант болон католик шашин хоорондын мөргөлдөөнөөс зайлсхийж, энх тайвныг эрхэмлэж байжээ. 1586 оны шашны дайнаас болж Монтень нутгаасаа 2 жилийн хугацаанд дүрвэхэд хүрсэн байна. Энэ хугацаанд тэрээр эсээгээ бичсээр байсан бөгөөд 1588 онд 3 дахь боть номоо хэвлүүлжээ.

1592 онд өөрийн эдлэнд 59 насандаа хоолойны ангенаас болж нас барав. Өвчин нь түүний ярих чадварыг улам бүр муутгаж байх үед тэрээр “Оюун ухааны хамгийн амт шимттэй, сайхан зүйл бол харилцан яриа. Энэ нь надад амьдралын өөр бусад ямар ч зүйлстэй эгнэшгүй сайхан санагддаг, хэрвээ надад сонгох боломж байсан бол би ямар ч эргэлзээгүй ярих, сонсох чадвараас хараагаа алдахыг илүүд үзнэ” хэмээсэн байдаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Мишэль Монтень – Викимедиа дуу дүрсний сан