Милош Земан
Милош Земан (чех. Miloš Zeman ; 1944 оны 9-р сарын 28-нд Бохем ба Моравийн Колин хотод төрсөн) -чехийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2013 оны 3-р сарын 8-наас хойш Чех улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Намтар
засварлах1944 онд шуудангийн ажилтан болон багш хоёрын гэрт төрсөн. Милошийг төрсөний дараахан эцэг эх хоёр нь салж Милош эхийнхээ гар дээр өссөн байна.
Тэрээр Колинд 1950-1959 онд бага сургууль, 1959-1963 онд эдийн засгийн дунд сургуульд сураад 1963-1967 онд барилга дээр ажилласан байна.
1965 онд дээд сургуульд сурах зөвшөөрөл авч Праг хотын Эдийн засгийн дээд сургуульд эчнээ сурч эхэлсэн байна. 1967 онд өдрийн ангид орж 1969 онд дипломоо онц дүнтэй хамгаалжээ. Дээд сургуулиа дүүргээд төгссөн сургуульдаа хоёр жил багшилжээ.
1968 онд Чехийн Коммунист намд элсээд 1970 онд тэрс үзэл гаргасан гэж намаасаа хөөгдсөн байна.
1971-1984 ондуудад «Noctua», «Technosport», «Sportpropag» компаниудад ажиллаж байсан. 1985-1989 онд судалгааны ажил эрхэлсэн байна. 1990-1992 онд парламентын гишүүн бөгөөд Чехословакийн ШУА-ийн прогноз судалгааны хүрээлэнгийн ажилтан.
1993 оны 2-р сараас 2001 оны 4-р сар хүртэл Чехийн Социал-Демократ намын дарга. 1996-1998 онуудад Чехийн парламентын гишүүдийн Танхимын дарга. 1998 оны 7-р сараас 2002 оны 7-р сарын хооронд Чехийн Засгийн газрыг тэргүүлсэн байсан.
2003 онд Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч өөрийн нам доторх санал зөрчилдөөний улмаас Вацлав Клауст ялагдсан. Дараа нь 2007 онд намын шинэ удирдлагатай мөн зөрчилдөж Социал демократ намын эгнээнээс гарсан байна.
Ерөнхийлөгч
засварлах2013 оны 1-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Чех улсын түүхэн дэх анхны шууд ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр эхний шатанд 24.21 хувийн санал авч тэргүүн байр эзэлжээ. Тэрээр Карел Шварценбергтэй хамт хоёрдугаар шатанд шалгарч, 54,8 хувийн санал авч ялалт байгуулж 2013 оны гуравдугаар сарын 8-нд Прага хотноо Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авсан.
Тэрээр 2018 онд Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж 51.36 хувийн санал авч дахин сонгогдсон. Тэрээр 2018 оны гуравдугаар сарын 8-нд албан тушаалдаа орсон байна.