Миг-21

Микоян бүтээсэн дуунаас хурдан тийрэлтэт сөнөөгч болон таслан зогсоох онгоц
(Микоян-Гуревич МиГ-21-с чиглүүлэгдэв)

МиГ-21 (Орос: Микоян и Гуревич МиГ-21, НАТО код: "Fishbed" [Фиш-бэд]) нь 1950-д оны дунд үед Зөвлөлт Холбоот Улсын Микоян, Гуревичийн товчооны зохион бүтээсэн олон төрлийн зориулалттай тийрэлтэт сөнөөгч онгоц. Уг онгоц нь дэлхийд хамгийн их үйлдвэрлэсэн дуунаас хурдан байлдааны онгоц юм. ЗСБНХУ (1959-1986 онд), Чехословак, Энэтхэг болон Хятадад үйлдвэрлэж байсан бөгөөд олон зэвсэгт мөргөлдөөнд ашиглаж байсан. Дэлхийн 65 гаруй улс энэхүү онгоцыг ашигласан бөгөөд зарим улс одоог хүртэл ашигласаар байна.

МиГ-21
Румыны МиГ-21УМ Ланцер Б
Үүрэг/төрөл Сөнөөгч
Үйлдвэрлэгч Микоян-Гуревич товчоо
Зохион бүтээгч Артем Микоян
Анхны нислэг 1956 оны 2 сарын 14 (Е-2)
Танилцуулагдсан 1959 (МиГ-21Ф)
Ашиглалтаас гарсан 1990-д он (Орос)
Статус Ашиглагдаж байгаа
Гол хэрэглэгчид Зөвлөлтийн Нисэх Хүчин
Польшийн Нисэх Хүчин
Энэтхэгийн Нисэх Хүчин
Румыны Нисэх Хүчин
Үйлдвэрлэгдсэн 1959 (МиГ-21Ф) - 1985 (МиГ-21бис)
Үйлдвэрлэсэн тоо 11,496
(ЗХУ-д 10,645, Чехословакт 194, Энэтхэгт 657)
Хувилбарууд Чэндү Ж-7

Зохион бүтээх үе шат

засварлах

МиГ-21 нь Зөвлөлтийн хоёрдугаар үеийн хамгийн анхны тийрэлтэт сөнөөгч онгоц бөгөөд сүүлийн хувилбарууд нь гуравдугаар үеийн сөнөөгч онгоцонд тооцогддог. Тус онгоцны анхны хувилбар болох МиГ-21ф ямар нэгэн буун зэвсэглэлгүй байсан бөгөөд дулааны мэдрэгч бүхий Америкийн AIM-9B «Сайдуиндер»-ийн хуулбар болох "агаар-агаар" ангилалын хоёр ширхэг Р-3С пуужинтай байжээ. Улмаар энэхүү зэвсэглэл нь хангалтгүйг цаг хугацаа харуулсан бөгөөд МиГ-21Ф хувилбараас эхлэн 30 эсвэл 23 мм-ийн буунуудыг суурилуулж нэмж хоёр ширхэг Р-60, Р-3С болон бусад ангилал төрлийн "агаар-агаар" болон "агаар-газар" ангилалын пуужин суурилуулж эхэлсэн байна. Хэдийгээр тус онгоц хөнгөн бөгөөд маневр сайтай боловч авионикийн хувьд сул бөгөөд түлшний нөөц багатай байсан зэрэг нь түүний сул талууд байжээ. Хожим гаргасан МТ болон СМТ хувилбаруудын түлшний нөөц ихэссэнээр МиГ-21СМ зэрэг хувилбартай харьцуулахад онгоцны алслалт даруй 250 км-ээр нэмэгдсэн боловч бусад үзүүлэлт буурсан байна.

Нислэгийн техникийн үзүүлэлт

засварлах

Нислэгийн дээд хурд Мах=2 буюу дуунаас 2 дахин их 2175 км/ц, алслалт 1500 км (нэмэлт түлшний савны тусламжтай), дээд өндөр 20000 метр ажээ.

МиГ компани Оросын зарим компаниудтай хамтран МиГ-21 ангилалын онгоцыг сайжруулах хөтөлбөр боловсруулсан бөгөөд шинэчилсэн загварыг МиГ-21-93 гэж нэрлэжээ. Уг хувилбар нь байлдааны чадвараараа дөрөвдүгээр үеийн онгоцуудтай зэрэгцэж очижээ.

1998-с 2005 онд Энэтхэг Улсын цэргийн нисэх хүчнийхэн МиГ-21-93 төслийн хүрээнд 125 ширхэг МиГ-21 онгоцыг сайжруулсан байна. Сайжруулсан онгоцууд зэвсэглэл удирдах шинэ систем, олон үйлдэлт "Копьё" (монгол хэлээр "Жад" гэсэн утгатай) радарын систем, дуулганаасаа бай заах систем, урд талын шилэн дээр мэдээлэл гаргаж ирэх тоног төхөөрөмж болон олон үйлдэлт дэлгэцтэй болсон байна.

"Копьё" системийн ачаар агаар болон газар дээрх байг илрүүлж, (дундын зайны пуужин болон бусад төрлийн зэвсгээр) устгах, 8 хүртэлх байг хяналтандаа байлгаж, хамгийн аюултай гэж үзсэн 2 бай руу зэрэг дайралт хийх боломжтой. (Тухайн үеийн нөхцөлд байлдааны ямар төрлийн даалгавар биелүүлэхээс шалтгаалан зэвсэглэл сонгоно)

Монгол Улсад ашиглагдсан байдал

засварлах

Монгол Улс бусад социалист орнуудтай харьцуулахад нилээд хожуу буюу 1977 оны эхэнд 8 ширхэг МиГ-21ПФ, 4 ширхэг МиГ-21УМ анх хүлээж авсан бөгөөд 1977-1984 онуудад нийт 44 онгоц хүлээн авсан ба 2003-2007 онд зэвсэглэлээс хасагдсан байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: МиГ-21 – Викимедиа дуу дүрсний сан