Оливье́ Эже́н Шарль Проспе́р Мессиа́н (фр. Olivier Eugène Charles Prosper Messiaen [ɔliˈvje mɛˈsjɛ̃]};  1908 оны 12-р сарын 10, Авиньон — 1992 оны 4-р сарын 27, Клиши-ла-Гаренн) — францын хөгжмийн зохиолч, хөгжмийн онолч, багш.

Оливье Мессиан англи хэлний багш Пьер Мессиан(1883—1957) болон яруу найрагч Сесиль Соваж(1883—1927) нарын гэр бүлд мэндэлжээ. Арван нэгэн настай байхдаа тэрээр Парисын консерваторид элсэн орж Поль Дюкийн хөгжмийн зохиомжийн ангид, мөн Морис Эмманюэль ба Марсель Дюпре нарын орган хөгжмийн ангид суралцсан байна. 1930 уг консерваторийг төгөлдөр хуурч, орган хөгжимчин, хөгжмийн түүхч, хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөв. Сургуулиа төгсөөд 1931 оноос эхлэн Парисын Гэгээн Троицын сүмд 60 гаруй жил орган хөгжимчнөөр ажиллажээ. Харин энэ хугацаанд буюу 1936-1939 онуудад Парисын хөгжмийн жирийн сургуульд хичээл зааж, консерваторийн дэргэдэх «Схола канторум»-д багшилсан байна. Мөн Андре Жоливе, Даниэль Лесюр болон Иво Бодрие нартай хамтран “Залуу Франц” гэдэг нэр бүхий залуу хөгжмийн зохиолчдын бүлгэмийг зохион байгуулжээ.

Дэлхийн II дайн эхэлснээр түүнийг цэрэгт татсан боловч тэрээр хагас жилийн дараа гэхэд эсрэг талдаа олзлогдсон аж. Олзлогдсон цэргийн хорих ангид байхдаа тэр нэлээд зохиол бичсэн бөгөөд 1941 оны 1-р сард “Ертөнцийн төгсгөл дэх квартет” хэмээх зохиолоо олзны цэргийн хөгжимчдөөр хөгжимдүүлжээ. Тун удалгүй 3-р сар гэхэд түүнийг чөлөөлсөн ба Мессиан Парисын консерваторийн дуурьсахуйн ухааны ангид профессор болон багшилжээ. 1947 онд консерваторийн зүгээс түүнд зориулан хөгжмийн задаргаа, гоо зүй, хэмнэлийн анги нээв.  

Дараах он жилүүдэд Мессиан олон орноор аялан тоглолт, хийж, мастер клас өгөн орган хөгжимчний хувьд нэлээд олон удаа концерт тоглож байв. 1966 оноос Парисын консерваторийн хөгжмийн зохиомжийн ангийн профессор болсон ба түүний шавь нарын заримыг дурдвал: Пьер Анри, Родольфо Арисага, Жорж Бенжамин, Пьер Булез, Жерар Гризе, Хенрик Гурецкий, Питер Донохоу, Эугениуш Кнапик, Янис Ксенакис, Дьёрдь Куртаг, Ивонна Лорио (1961 оноос эхлэн Мессианы эхнэр нь болсон), Микис Теодоракис, Карлхайнц Штокхаузен гэх мэт.

Мессиан бол Эразмусын шагнал(1971), Эрнст Сименсийн нэрэмжит шагнал(1975) зэрэг урлагийн салбар дахь олон тооны нэр хүнд бүхий шагналын эзэн юм. Мөн тэрээр үндэсний 5 академийг нэгтгэсэн Францын институтын гишүүн, Бельгийн шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын хааны академийн гишүүн юм.    

Уран бүтээл

засварлах

О.Мессиан хөгжмийн онолын зохиолууддаа(“миний хөгжмийн хэл зүйн техник” 1944 он, “Хэмнэлийн тухай сургаал” 1948 он) өөрийнхөө шинэ, зохиомжийн төвөгтэй зарчмуудаа тайлбарласан байдаг. Түүний уран бүтээлд шашны үзэл санаа(төгөлдөр хуурт зориулсан “Иисусын бага насны тухай 20 дурсамж”1944 он), симфони найрал хөгжим ба найрал дууны бүтээл (“Бурхны оролцоотой бяцхан 3 тагтан дуулал” 1944 он), Энэтхэг, япон, латин америк зэрэг европ бус гадна ертөнцийн соёл(“Турангалила” симфони болон бусад), амьтан судлал буюу шувуу судлал(төгөлдөр хуурт зориулсан “Шувуудын цоморлиг” 1-7 дэвтэр, 1956-1958 он зэрэг) тусгалаа олсон байдаг.

О.Мессианы “Уртааш ба эрчлээсийн хөг” (фр. Mode de Valeurs d’Intensites, 1949 он, «Хэмнэлийн дөрвөн зураглал», Quatre études de rythme). Түүний ихэнх хөгжим нь тодорхой эгшгүүдийн дараалсан цуваа байдаг. Тэдгээрийн уртааш болон хүчдэл зэрэг бусад элементүүд нь давтагдахгүй байх гэдэг зарчмыг баримталсан байдаг. Энэ санаа нь Дармштадтын школын хөгжмийн зохиолчдын бүтээлээс үүдэлтэй аж.  

Хөгжмийн зохиолчийн дээрх бүтээл бол уран бүтээлийн эрх чөлөөний туршилт юм гэж судлаачид тэмдэглэсэн байна.

О.Мессиан 1983 онд “Ассизын гэгээн Франциск” гэдэг монументаль дуурийг туурвисан юм. Чөлөөтэй сэтгэн хөгжимдөгч тэрээр өөрийнхөө уран бүтээлийг дэлхийн олон оронд хөгжимдөн сонсгосон. Симфонийг 10 хүртлэх ангитай болгон өргөжүүлсэн түүхтэй юм.

Цахим холбоос

засварлах
  Commons: Olivier Messiaen – Викимедиа зураг, бичлэг, дууны сан