Марз ууланд осолдсон АН-26 онгоц

МИАТ-ын 14102 дугаартай "АН-26" маркын нисэх онгоц 1993 оны 4-р сарын 23-ны өглөө Улаанбаатар-Өлгий хотын чиглэлд нисээд сураггүй алга болсон юм. Сүүлд 5-р сарын 7-нд уг онгоцыг Тосонцэнгэлээс урагш 74 км-ийн, Цахир сумаас цааш 60 орчим км, Завхан Архангай аймгийн яг зааг дээрх Марз ууланд осолдсон байдалтай олсон байна.

Тус онгоцны нисэх багийн ахлагч Ё.Ганбат, 2-р багийн нисгэгч Д.Гантөмөр, борт механик Нямдорж, Шуумаржав, холбоочин Заяажаргал үйлчлэгч Чулуунгэрэл нарын экипажийн 6, зорчигч 26 буюу нийт 34 хүний алтан амь сүйдсэн аймшигт осол болжээ.

Эрэлийн ажил

засварлах

Онгоцтой холбоо тасарсан даруй МИАТ-ынхан Улсын онцгой коммисын дарга, Засгийн газрын шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдоржид мэдэгдсэн байна. Тэр дороо шадар сайд Ч.Пүрэвдорж Улсын Онцгой комиссыг цуглуулан хуралдаж онгоцны эрэлийн ажил эхэлсэн байна. Энэ өдрөөс эхлэн сураггүй алга болсон онгоцны эрэл эхэлж улс орон даяар түгшин, өдөр бүр эрэл хайгуул хийж, нисэхийнхэн, цагдаагийн тусгай алба хаагчид, уулчид, шүхэрчид гээд бүгд эрлийн ажиллагаанд идэвхийлэн оролцсон билээ.

Тэр үед зарим хүмүүс “Алга болсон онгоцыг Хятадууд хулгайлсан байх” гэж хардаж, зарим нь “Орос руу гараад явсан байхаас зайлахгүй” гэцгээн, үлэмж ихээр цуурхал дэгдэж, сонин хэвлэлүүд янз бүрээр бичиж байв. Тэр үед Монголын бүх мэргэ төлөгчид, Ерөнхийлөгч П.Очирбатын зөвлөх албан тушаалтай үзмэрч Ч.Дашцэрэнгээр хүртэл мэргэлүүлээд онгоцны сургийг гаргаж чадаагүй байдаг.

Олон хоног эрэл явуулж цөхрөнгөө барсан Засгийн газраас Монголын уулчдын холбоонд хандсанаар сураггүй алга болсон онгоцыг эрж хайх ажиллагаанд уулчид нэгдэж, гурван багт хуваагдаад эрэлд гарч хагас сар эрвийх дэрвийхээрээ эрж хайсан байна. Тэр үед улс орныг түгшээсэн онгоцны осол 13 дахь хоногтоо сураггүй байсан ба эрэл үргэлжилсээр зардал чирэгдэл нь нэмэгдсээр л байлаа.

Эрэл хайгуулын ажлын нисдэг тэрэг 5-р сарын 7-нд ээлжит нислэг хийж магадлал өндөртэй байгаа Марз, Зүрх уулын болон бусад салбар уулсын ар өвөрөөр нисч байгаад Тосонцэнгэлээс урагш 74 км –т байх Марз уулнаа хад мөргөн сүйрсэн байхыг 5-р сарын 7-нд онгоцны бөгсөн биеийг цасан дундаас "LNA" үсэг тодхон харагдсан байдалтайгаар эрэлчид олж харж тогтоосон байна. “Уулын улаан” Раднаа тэгэхэд цагдаагийн тусгай албаныхнаас бүрдсэн групийн зөвлөхөөр явсан ажээ. Ахлагч нь хошууч н.Уугангэрэл, дөрвөн офицер, 10 цагдаа, үүн дээрээс зөвлөх нэмэгдээд 16 хүн унасан онгоцны ослын цэг дээр очиж нүд хальтрам дүр зураг, зүрх шимшрэм орчин нөхцөлд амь үрэгдэгсдийн цогцос, эд зүйлсийг цасан доороос олж цуглуулж төв рүү явуулах хүнд хүчир даалгаврыг биелүүлсэн байна.

Энэ хайгуулын ажилд гавьяат нисгэгч Т.Сугар, "Уулын Раднаа", уулчин Ц.Цогзолмаа, Цагдаагийн Гарамжил хурандаа тэргүүтэй "тусгайгийнхан" болон нутгийн иргэн Ж.Сэнгэмугаа нар оролцсон ажээ.

Харамсалтай нь сүйрэл болсон энэ уулан дээгүүр эрэл хайгуулын онгоцнууд тоймгvй олон удаа нисэн өнгөрсөн байдаг атлаа нэг нь ч үүнийг олж хараагүй л байсан гэдэг.

СУРАГГҮЙ БОЛСОН ОНГОЦНЫ ЭРЭЛД 1993 он. Улс орны өмнө онцгой шаардлага тулгарсан үед уулчин хүнд бэрх нөхцөлд ажиллаж, эх орныхоо даалгаврыг биелүүлэхэд цаг ямагт бэлэн байдаг. Мөрдөс, цолгүй л болохоос тэд шаардлагатай үед онцгой байдлын албаны дайчин цэрэг, чухаг албан хаагчид билээ. Үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тиймээс, хэн нэгний гавьяаг товойлгох гэсэндэ бус, онцгой тохиолдолд уулчид маань улс орныхоо төлөө хэрхэн зүтгэдгийг нэгэн баатар уулчинтай жишээгээр харуулахыг хүссэн юм. Одоогоос 26 жилийн өмнө буюу 1993 оны дөрөвдүгээр сарын 23-ны өгөө Улаанбаатараас Баян-Өлгийн чиглэлд ниссэн МИАТ компанийн 14102 дугаартай АН-26 маркийн онгоц сураггүй алга болоход улс орон даяар түгшин, өдөр бүр эрэл хайгуул хийж, нисэхийнхэн, цагдаагийн тусгай алба хаагчид, уулчид, шүхэрчид гээд бүгд эрлийн ажиллагаанд идэвхийлэн оролцсон билээ.

Тэр үед зарим хүмүүс “Алга болсон онгоцыг Хятадууд хулгайлсан байх” гэж хардаж, зарим нь “Орос руу орсон байхаас зайлахгүй” гэцгээн, үлэмж ихээр цуурхал дэгдэж, сонин хэвлэлүүд янз бүрээр бичиж байв. Тэр үед, Монголын бүх мэргэ төлөгчид мэргэлээд нэг нь ч онгоцны сургийг үнэн зөвөөр гаргаж чадаагүй билээ, “Мэргэ төлөгчид гэдэг нь ямаршуу хүмүүс байна даа, би ч итгэдэггүй хүн шүү дээ” хэмээн өвгөн уулчин өгүүлнэ.

Тэгэхэд, засгийн газраас Монголын уулчдын холбоонд хандсанаар сураггүй алга болсон онгоцыг эрж хайх ажиллагаанд уулчид нэгдэж, гурван багт хуваагдаад эрэлд гарсан гэдэг. Эрэлчид хагас сар эрвийх дэрвийхээрээ эрж хайсны эцэст онгоц Тосонцэнгэлээс урагш 74 км –т байх Марз уулнаа хад мөргөн сүйрсэн байхыг тавдугаар сарын 7-нд олсон билээ. Онгоцны экипажийн зургаа, зорчигч 28, нийт 34 хүний алтан амь үрэгдсэн аймшигт осол гарч, улс оронд болон амь үрэгдсэн аймшигт осол гарч, улс орон болон амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд нөхөж баршгүй гарз хохирол учирсан эмгэнэлт үйл явдлыг манай ахмад болон дунд үеийхэн мартаагүй билээ.

“Уулын улаан” Раднаа тэгэхэд цагдаагийн тусгай албаныхнаас бүрдсэн групийн зөвлөхөөр явжсан ажээ. Ахлагч нь хошууч н.Уугангэрэл, дөрвөн офицер, 10 цагдаа, үүн дээрээс зөвлөх нэмэгдээд 16 хүн нэг баг болов. Тус багийнхан Марз ууланд хадан цохио мөргөж бутран унасан онгоцны ослын цэг дээр очи, нүд хальтрам дүр зураг, зүрх шимшрэм орчин нөхцөлд амь үрэгдэгсдийн цогцос, эд зүйлсийг цасан доороос олж цуглуулж төв рүү явуулах хүнд хүчир даалгаврыг биелүүлсэн юм.

Цас мөсөн бүрхүүлтэй, хад асгатай, бартаа ихтэй өндөрлөг газарт тэд олон хоног ажиллав. Өдөржин, шөнөжин цас шуурах нь тэдний ажлыг улам ч түвэгтэй болгоно. Уулчин хүний хувьд Раднаа өгсөж уруудахад бэрх газрыг хаагуур нь хэрхэн давж болохыг залууст газар дээр нь зааж сургаж, зөвлөх үүрэгтэй.Өглөөнөөс орой хүртэл хунгар туучин, сүйрсэн онгоцны сэг, амь үрэгдэгсдийн цогцос, эд зүйлсийг цасан доороос олж цуглуулж ажилласан залуус үдшийн бүрийн үес ядрахаараа нэг болно. Тэнд очиж ажилласан анхны орой ахлагч Уугангэрэл “Аяны майхан нь алга яажшуухан шөнийг барна даа” гэж сэтгэл зовнин өгүүлэхэд Раднаа гуа шуудхан л “За залуусаа, энд цас малтаарай” гэж командлав. Хоромхон зуур тэдний ухаж малтсан цаснаас хагд өвс, хад чулуу цухуйж харагдлаа.Өвгөн зөвлөх “За одоо намайг дуурайгаад өрөөд байгаарай” гээд зузаан гэгчийн хунгаруудыг тэврэн авчирч, дээр дээрээс нь давхарлан өрж эхэллээ. Төд удалгүй цасан “Цасан байшин” босох нь тэр. За хүүхдүүддээ одоо хувцастайгаа унтаад өгөхөд болно хэмээн Раднаа гуа хэллээ.Ядарж цуцсан залууст цасан оромж нь юутай ч зүйрлэшгүй дулаахан санагджээ. Удаж төдөлгүй тэд энд тэндгүй хурхирч эхлэв. Өвгөн уулчин Уугангэрэлд хандан “Манай хэдэн залуус ч ороосоо буцалгаад эхэллээ дээ” гэвэй.

Өглөө нь тусгайгийнхныг сэрэхэд өвгөн уулчин аль хэдийнээ босчхоод аагтай хүрэн цай даргитал буцалгаж суув.Залуус “Аавын цай аргитал даргитал буцалж байна аа”, мөн ч дулаахан унтлаа даа гэлцсээр өтгөн ногоон цайны үнэрээр зэрэг шахам боссонсон.

Өвгөн уулчин “Би чинь цагдаагийн тусгай албаныхны өмсдөг үстэй захтай хар хүрэм, малгай өмсөөд, Пүрэв генералын хоёр нүдний дуран, дохионы бууг зүүгээд, нэг их том цагдаагийн албан хаагчийн төрхтэй л явлаа” гэж өгүүлэхдээ мөр цээжээ үл мэдэг ханхалзуулна. Тэрбээр үргэлжлүүлэн “Тосонцэнгэлд би генерал Гарамжилтай хамт хоол идчихээд гуанзнаас гартал хөдөөгийн баахан настайчууд: Энэ олон залуучуудыг энэ л сургаж таараа гэж хоорондоо ярилцах нь сонстож байж билээ хэмээн хуучилна. Цагдаагийн хувцастай, дохионы буу, дурантай, тусгайгийн малгай дороос буурал үс нь цухуйх өвгөн уулчин энгийн хүмүүст их л сүртэй харагдсан биз ээ.

Дараахан нь, Ардын хувьсгалын 72 жилийн ойн өмнө, долдугаар сарын 10-ны орой шагнал гардуулах ёслол болоход эрэл хайгуулд идэвхтэй оролцсон хэмээн Раднааг 12500 төгрөгөөр шагнажээ. “Тэр үед маш их мөнгө байсан даа” хэмээн өвгөн уулчин дурссан юм.

1993 онд Марз ууланд онгоц осолдоход аврах ажиллагаанд уулчид хэрхэн оролцсон талаар ОУХМ, уулчин Ц.Цогзолмаа ийнхүү дурссан юм:

“Онгоц сураггүй алга боллоо гэдэг яриа гарснаас хойш 10 гаруй хоногийн дараа уулчдыг БТСХ-н дээр цуглуулж “Та бүхэн эрэн хайх ажилд явах шаардлагатай. Маргааш явна, одоо гэртээ очоод юмаа бэлд. Та нарт гурав хоногийн хоол хүнс өгнө”гэж хэлсэн. Биднийг маргааш онгоцны буудал дээр очиход уут цуйван хүн бүрт байлаа”. Засгийн газрын комиссоос биднийг гурван багт хувааж Архангайн Цахир, Завханы Отгон, Хөвсгөлийн Дэлгэрхаан сумдын нутагт онгоцоор буулгасан юм. Тэгэхэд МУГТ, уулчин Т. Гүррагчаагийн багт Хумбаа эгч, Ганбаатар, Даваажав, би, бас өөр хэдэн уулчин хуваарилагдсан. Биднийг гавьяат нисэгч Т.Сугар агсан Цахир сумын нутагт, Солонготын даваанаас урагш 20 орчим км газарт нэг айлын өвөлжөөний ойролцоо буулгасан. Нисэхийнхэн өөрсдөө онгоцоор хайсан газрууддаа газрын зураг дээр тэмдэглээд, хайгаагүй газруудаа уулчдаар самнуулах зорилготой байсан.Тэд Марз уулыг шалгачихсан ч гэсэн онгоц тэр ууланд осолдсон байх магадлалтай учраас дахиж самнуулах гэж биднийг тэнд буулгасан гэж ярьж байсан. Бидний очсон айлын хүмүүс ”Тэр өдөр цаг агаар их муу байсан. Зарим үед хажуу айл хүртэл харагдахгүй, үзэгдэх орчингүй байсан. Онгоцны дуу их ойрхон сонсогдож, гэрийн тоонон дээгүүр бараг яндан шүргээд гарсан ч мөн өтгөн манатай байсан болохоор бидэнд харагдаагүй Тэгээд удаа ч үгүй байтал пин пан хийх их муухай чимээ гарсан. Энүүхэнд л унасан байх ” гэцгээсэн юм. Бид тэнд хоноод маргааш өглөө нь тэр айлынхны зааж өгсөн чиглэлээр ууланд авирч, самнаж явсаар хоёр дахь хоног дээрээ цасан доороос төмөр гялтайж харагдахыг хараад, буцаж нөгөө айлдаа ирээд, тэндээсээ Цахир сумын төвд ирж мэдэгдсэн. Тэр үед “Эрлийн багийнхныг өөр газар луу явуулах ёстой хэмээн онцгой байдлын шийдвэр гарч, бидэнлүү онгоц явуулсан байсан”. Гэвч бид өөрсдийн харсан зүйлд бат итгэлтэй байсан тул Сугар ахад хэлээд,манай багийн ахлагч Гүррагчаа, туслах нисэгчтэй нь гурвуул Марз уул руу буцан нисч очиход сөнөсөн онгоцны бөгс онгойн харлаж харагдсан. Үүний сацуу онгоц Марз ууланд осолдсон гэсэн баттай мэдээ төвөөс ирж, биднийг Отгон сумруу нэмэлт хүчээр явуулах гэж байснаа болиод Архангайн төврүү татсан. Архангайн төвд ирэхэд Тусгайгийнхан Улаанбаатараас Раднаа гуагаар ахлуулан ирсэн байсан. Раднаа гуа комиссын хурал дээр “Осол болсон газарт уулчид очих нь зүйтэй” гэж хэлсэн. Гэвч улсаас “Олон хүн байлгаад яах вэ, тусгайгийнхан тэнд очиж ажиллана” энэ бол тусгай ажиллагаа гэж шийдвэрлэсэн. Ингээд бүх уулчдыг хот руу буцаасан юм. Тэр онгоцонд их олон хүн зорчиж явсан болохоор амь үрэгдэгсдийн цогцсыг тоо ёсоор цуглуулах, онгоцны сэг, талаар нэг тарж бутарсан эд юмсыг олж цуглуулж авчрах асар хүнд ажил дээр олон хоногоор ажиллахаар уулчдаас Раднаа багш л тусгайгийнхантай үлдсэн.

Уулчин хүнд байх гол шинж бол техниктэй байх, байгаль, цаг уурыг мэддэг байх гэх мэт олон талын мэдрэмж, ур чадвар, тэсвэр тэвчээр юм.

Зохиогчийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Уулын улаан Раднаа номын хэсгээс 

Зохиогч: Жагдалын Баярхүү (Сэтгүүлч, уулчин) FB:Жагдалын Баярхүү /сэтгүүлч, уулчин/ Эрүүл амьдрахуй, цог золбоо, тэсвэр хатуужил, цэвэр тунгалаг оюун бодол, ерөөс уулсын надад мэдрүүлсэн тэр л САЙХНЫГ ТҮГЭЭХ...Ж. Баярхүү