Мансууруулах бодист донтох өвчин
Мансууруулах бодист донтох өвчин (Латин: toxicus - токсикомани, хортой)
Сэтгэц идэвхит бодис хэрэглэх сэтгэцийн ба төрх үйлийн эмгэг гэж албан ёсоор нэрлэнэ.
Утга адил үг: Мансууруулах бодис хэрэглэх эмгэг, донтох эмгэг.
Өвчний олон улсын 10 дугаар ангилалд (ӨОУА)F10-F19 хүртэлх кодоор ангилагдана.
Сэтгэц идэвхит бодисын үүсгэж байгаа сэтгэлийн таашаал бүхий сэтгэцийн өвөрмөц байдлыг мансуурал гэнэ. Сэтгэц идэвхит бодис бүр сэтгэлийн таашаал бүхий сэтгэцийн өвөрмөц байдлыг, тухайлбал, опиоидууд, архи, амфетаминууд, кокаин, каннабионоидууд болон тамхи зонхилж эйфори буюу сэтгэл баясгах шинжийг, галлюциногенүүд хийгээд ингалянтууд анхаарал татсан буюу шохоорол төрүүлсэн харааны хий үзэгдлүүдийг, гипнотикүүд нойр, транквилизаторууд булчингийн сулралт хийгээд бие сэтгэцийн тайвшралыг тус тус үүсгэнэ.
Эдгээр бодисуудыг дотор нь (1)Наркотикүүд, (2)Сэтгэц идэвхит чадвартай cэтгэцэд нөлөөт бодисууд, (3)Олон улсын хяналтанд ороогүй сэтгэц идэвхит бодисууд гэж гурван бүлэгт ангилдаг.
Мансууруулах бодист донтох өвчнүүдийн ангилал ӨОУА - д шалтгаанаар нь сэтгэц идэвхит бодис хэрэглэх өвчнүүдийг дараах дэд бүлгүүдэд ангилсан.
- Архинд донтох өвчин буюу архины хараат байдал (F10.2)
- Опиоидод донтох өвчин буюу опиоидын хараат байдал (F11.2)
- Каннабиноидод донтох өвчин буюу каннабиноидын хараат байдал (F12.2)
- Тайвшруулах буюу унтуулах бодист донтох өвчин буюу тайвшруулах буюу унтуулах бодисын хараат байдал (F13.2)
- Кокаинд донтох өвчин буюу кокаины хараат байдал (F14.2)
- Сэргээгч бодист донтох өвчин буюу сэргээгч бодисын хараат байдал (F15.2)
- Галлциногенд донтох өвчин буюу галлциногенийн хараат байдал (F16.2)
- Тамхинд донтох өвчин буюу тамхины хараат байдал (F17.2)
- Дэгдэмхий уусгагч бодист донтох өвчин буюу дэгдэмхий уусгагч бодисын хараат байдал (F18.2)
- Олон төрлийн сэтгэц идэвхит бодист донтох өвчин буюу олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хараат байдал (F19.2)