Магсарын Чимэддорж
Мушаадан овогтой Магсарын Чимэддорж (1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын Улз голын орчимд төрсөн -2009 онд Улаанбаатар хотод нас барсан) -Монголын төрийн зүтгэлтэн, Холбооны яамны сайд.
Намтар
засварлах1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон байна. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж байна.
1944 онд Холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ.
1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байжээ.
1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна.
1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажилласан.
1960 онд оны 7 дугаар сарын 8-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ.
Тэрээр 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ажээ.
Үүнээс улбаалж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаас түүнийг чөлөөлж ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилсон байна.
Шагнал
засварлах“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 2 удаа, “Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол бөгөөд ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнуулж байжээ.