Лувсангомпил
Лувсангомпил Балингийн (1880-1969) “Чавганц Гомпил” хэмээн алдаршсан алдарт уртын дуучин Лувсангомпил (жинхэнэ нэр нь Бүжинлхам ба хожим сахил авч ийм нэртэй болжээ) нь Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уул гэдэг газар мэндэлжээ. Лувсангомпилын эх Чимэдцэен шаггүй сайхан дуулдаг нэгэн байжээ. Эцэг Балин адуунд дуртай, хурдны морь уядаг хүн байсан тул 7,8 настай охиноо хурдны морь унадаг болгосон ажээ. Түмний хүүхдүүд дундаас Лувсангомпилын гийнгоолох нь хамгаас содон сонсогддог байсан гэдэг. Гийнгоолдог байснаа дуулдаг болж айл амьтны найр наадам дээр нутгийнхаа үеийн залуу М.Дашринцэн(үз)-тэй хамтран дуулдаг болжээ. Лувсангомпил бага залуудаа тэр үеийн Шүхэр засгийн хошууны хазгар Амбаагаар уртын дуу заалгаж байсан нь түүний дуучин болоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Тэрээр М.Дашренчинтэй хамтран Богдын ордонд нэлээд олон удаа дуулж байсан ба түүний нөхөр болох Хужирбулангийн цэргийн түшмэл Сүжигт бэйс Дэмчигваанжил нь нас барсан тул тэрээр үнэнч гэргийн ёсыг бодож 44 насандаа (1924 он хавьцаа) сахил хүртэн “чавганц” болсон гэдэг. Лувсангомпил олон дуу мэддэг, сурсан дуугаа эвлэг намбатай, цэвэрхэн хийцтэй дуулах талаар алдаршсан хүн байжээ. Лувсангомпил дууг эвий нь олж намуухан, цаанаа нэг адтай дуулдаг, сурц сайтай, хэзээний л шинэ үг, ая сурчихсан, түүнийхээ эвийг олчихсон байдаг олон жил хамт дуулсан Дашринцэн дууч ярьдаг байжээ. Лувсангомпил нь өөрийн сурсан олон дуунуудаасаа “Алиа саарал”, “Мандал жуужаа”, “Дүүжий хуар”, “Ноёлон харагдах” зэрэг дуунуудыг гойд сайхан дуулдаг байжээ. М.Дугаржав(үз) Хэнтий аймгаас 1934 онд Лувсангомпилыг авчирч Төв театрын Д.Ичинхорлоо, Ж.Дорждагва, В.Пунцаг, Б.Нацагдорж, Ц.Төмөр(үз) нарт дуу заалгажээ.