Либерал бус ардчилал

Либерал бус ардчилал (англи. Illiberal democracy) -сонгууль гэх мэт ардчиллын зарим үндсэн шинж тэмдэгтэй боловч үг хэлэх эрх чөлөө, цуглаан хийх эрх чөлөө, бие даасан шүүх эрх мэдэл, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг салгах гэх мэт ардчиллын бодит механизм, институцуудыг хассан улс төрийн тогтолцоо юм. Ийм тогтолцоонд иргэд улс төрийн болон иргэний бодит эрх чөлөөгүй байдаг. Ийм орнуудын нийгэм нээлттэй байдаггүй. Хуурамч ардчилалтай орнуудын үндсэн хуулинд иргэдийн ардчилсан эрх, эрх чөлөөг тусгасан байдаг ч иргэний эрхийг хамгаалах хууль эрх зүйн механизм, институци байхгүй тул эрх баригч дэглэмүүд хяналтгүй, үл ойшоож, ял шийтгэлгүй хууль зөрчдөг байна.

Товчоор хэлбэл -"Либерал бус ардчилал" гэсэн нэр томьёо нь "албан ёсны ардчилсан институци, журмын ард ардчилсан бус үйлдлээ нуудаг" удирдлагын тогтолцоог тодорхойлдог юм. Либерал бус ардчилал гэж яг тодорхой тодорхойлолт, эсвэл бүр байдаг эсэх талаар шинжээчдийн дунд зөвшилцөлд хүрээгүй байна.

Онол засварлах

"Либерал бус ардчилал" гэдэг нэр томъёог Америкийн улс төр судлаач Фарид Закариа (англи. Fareed Rafiq Zakaria; 1964 онд төрсөн) 1997 онд "Foreign Affairs" сэтгүүлд нийтэлсэн нийтлэлдээ шинжлэх ухааны хэрэглээнд анх нэвтрүүлсэн байна.

Закариагийн хэлснээр, хөгжсөн нийгмийн институци, үндсэн хуулийг хамгаалах механизмгүй ардчилал нь авторитар дэглэмийг бий болгож, иргэний эрх, эрх чөлөөгүй болж дотоод зөрчилдөөн, дайн тулаанд хүргэдэг байна. Сонгууль дангаараа ардчилал буюу ард түмний бодит эрх мэдлийн баталгаа болж чадахгүй гэдгийг Закариа онцолж байна.

Дарангуйлагч авторитар дэглэмүүд өөрсдийн эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд сонгууль явуулж "хиймэл ардчиллыг" байгуулж дүр исгэдэг гэсэн ойлголт байдаг.

"Сонголтгүй сонгууль" нь Автократ эрх баригчдад улс орон дотор болон гадаадад өөрсдийн эрх мэдлээ хууль ёсны гэж үзүүлэх боломжийг олгодог байна. Түүнчлэн парламент зэрэг сонгуульт албан тушаалд “сонгосон” автократуудын гар хөл болсон хүмүүс хувийн халдашгүй эрх эдэлж, хариуцлага, эрүүгийн хариуцлагаас хамгаалдах буюу мултардаг байна.

Жишээ засварлах

2014 онд Виктор Орбан Унгарын Ерөнхий сайдаар улиран сонгогдсоныхоо дараа Унгарын ирээдүйг "либерал бус улс" гэж харж байгаагаа хэлж байсан. Түүний тайлбараар "либерал бус төр" нь либерал ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэдэггүй ч түүнийг төрийн зохион байгуулалтын гол элемент гэж хүлээн зөвшөөрдөггүй байна. Орбан Сингапур, Орос, Турк, Хятадыг "амжилттай улс"-ын жишээ болгон дурдаж байсан болов ч тэдгээрийн аль нь ч либерал ардчилал биш байсан юм.

Мөн Либерал бус ардчиллын жишээ бол "Гүржийн мөрөөдөл нам"-ын доорх Гүрж, "Сербийн дэвшилт нам"-ын доорх Серби, "Хууль ба шударга ёс нам"-ын засаглалтай Польш (2015-2023) зэрэг юм.