Лениний хөшөө (Улаанбаатар)

Лениний хөшөө нь хуучнаар Улаанбаатар зочид буудлын өмнө байрлаж байсан, өдгөө Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газарт байрлах Тэрэлж зочид буудлын Ривер Бийч зоогийн газрын үүдэнд байрлах хөшөө юм.

Хөшөөг буулгах явц, 2012 оны 10 сарын 14

Анх 1954 оны 11 сарын 26-нд, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 30 жилийн ойн өдөр В.И.Лениний үзүүлсэн их тус дэмд талархан энэ хөшөөг бүтээж, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт суурилуулжээ.[1] 4 метр өндөр тус хөшөө нь анхныхаа байранд байхдаа 3 метр өндөр гантиг чулуун суурьтай байв. 2012 оны 10 сарын 14-нд тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн тушаалаар тус хөшөөг буулгаж, оронд нь Нацагдоржийн хөшөөг Хуримын ордны өмнөх талбайгаас шилжүүлэн байрлуулсан юм. 55 сая төгрөгөөр үнэлэгдэн дуудлага худалдаанд орно гэгдэж байсан тус хөшөөг Гацуурт компани худалдан авч өөрийн эзэмшлийн Тэрэлж зочид буудлын орчимд байрлуулсан түүхтэй.

  1. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2017-08-13. Татаж авсан: 2016-11-11.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)