Леланд Стэнфорд

Леланд Стэнфорд (англи. Leland Stanford; 1824-1893) - америкийн улс төрч, аж үйлдвэрлэгч, ажил хэрэгч хүн. Стэнфордын их сургуулийг үүсгэн байгуулагч.

Леланд Стэнфорд, 1890 он

Намтар засварлах

1824 онд Нью-Йоркийн Уотервлетт (одоогийн Колони хот) хотод төрсөн. Иосии, Элизабет Филлипс Стэнфорд нарын найман хүүхдийн нэг байжээ.

Тэрээр Клинтон дахь Либерал дээд сургуульд элсэн орж, 1841-45 онд Нью-Йоркийн Казеновиа дахь семинарт хуулийн чиглэлээр суралцсан. 1845 онд тэрээр Олбани дахь Wheaton, Doolittle & Hadley-ийн хуулийн фирмд оржээ.

1848 онд Стэнфорд өмгөөлөгчдийн холбоонд элсэж, Порт Вашингтон руу нүүж, Уэсли Пирстэй хамт өмгөөлөгчөөр ажилсан байна. Эцэг нь түүнд хуулийн номын сан бэлэглэсэн нь тухайн үеийн шилдэг номын сангуудын нэг байжээ. 1850 оны 9-р сарын 30-нд тэрээр худалдаачин Дайер Латроп, Жейн Анн (Бамбай) Латроп нарын охин Жэйн Элизабет Латроп-тай гэрлэжээ. 1868 онд тэд залуу Леланд Стэнфорд хэмээх хүүтэй болжээ. 1850 онд Стэнфорд Висконсин мужийн Вашингтон дүүргийн Вигүүдын намын (АНУ) дүүргийн өмгөөлөгчөөр нэр дэвшсэн. Тэрээр мөн орон нутгийн Washington Herald сонин үүсгэн байгуулжээ.

1852 онд 28 настайдаа гал түймэрт өөрийн номын сан болон бусад эд хөрөнгөө алдсан Стэнфорд Калифорни руу нүүхэд эхнэр Жэйн гэр бүлийнхээ хамт Олбанид үлджээ. Тэрээр нэлээд эрт Номхон далайн эрэгт суурьшсан таван дүү нарынхаа хамт гэр бүлийн бизнест ажиллаж эхэлсэн. Стэнфорд уурхайчдын том дэлгүүрт ажиллаж байгаад бөөний худалдаанд шилжсэн. Энэ үеэр тэрээр Сакраментогийн нийтийн номын сан болсон Сакраментогийн номын сангийн холбоог байгуулахад тусалсан. 1855 онд тэрээр эхнэртэйгээ амьдрахаар Олбани руу буцаж ирсэн боловч амьдралын нэг хэв маягийн хэмнэлээс залхаж, 1856 онд Жэйнтэй хамт Сан Франциско руу нүүж, томоохон худалдааны үйл ажиллагаанд оролцохоор болжээ.

1861 оны 6-р сарын 28-нд тэрээр "Номхон далайн төв төмөр зам" компани үүсгэн байгуулж гол хөрөнгө оруулагчийн нэг болоод компаний ерөнхийлөгч болжээ. Түүний гурван хамтрагч нь Чарльз Крокер, Марк Хопкинс, Коллис П.Хантингтон нар байв. 1861 онд Стэнфорд дахин (1859 онд амжилтгүй оролдлого хийсний дараа) Калифорни мужийн амбан захирагчийн албан тушаалд нэр дэвшиж сонгогдсон байна. Тэрээр яваандаа америкийн зүүн эрэгт төмөр замын компаниудыг нэгтгэж маш том бизнесмэн болж чаджээ.

Леланд Стэнфорд эхнэр Жэйний хамт 1884 онд Европт аялж байхдаа Флоренц хотод өсвөр насандаа нас барсан цорын ганц хүүхэд бага Леланд Стэнфордын дурсгалд зориулан "залуу Леланд Стэнфордын их сургуулийг" үүсгэн байгуулжээ. 1885 оны 11-р сарын 14-нд Леланд, Жэйн нар Ивээн тэтгэгчдийн зөвлөлийн анхны хурлаар Хандивын тухай баримтад гарын үсэг зуржээ.

Тэрээр 1893 оны 6-р сарын 21-нд Калифорнийн Пало Алто дахь гэртээ зүрхний шигдээсээр нас барж, Стэнфордын кампус дахь Стэнфордын гэр бүлийн бунханд оршуулжээ. Эхнэр Жэйн Стэнфорд 1905 онд нас барсан юм.