Орландо ди Лассо
Жованни Палестринтай ойролцоо нэгэн цаг хугацаанд нас барсан фламандын сүүлчийн их урлаач бол XVI зууны хөгжмийн нэгэн том төлөөлөгч болох Орландо ди Лассо юм. Тэр бол Палестринагаас ч илүү өргөн хүрээнд олон төрлийн бүтээл туурвидаг нэгэн байв. Орландо болон Палестрина нарын уран бүтээл нь шашны, сүмийн зориулалт болон иргэний утга уянгын чиг хандлагаараа ижил түвшинд очих ба тэд франц, итали, герман хэл дээр мотет, мадригал, шансон зэргийгээ зохиож байсан. Харин эцсийн дүнгээрээ Орландо нь Палестринаас илүү олон тооны зохиол туурвисан юм. Орландогийн 2000 гаруй бүтээл өрнийн хөгжмийн түүхэнд тоологддог. Тэр дундаа зохиомж, хэлбэр бүтцийн хувьд 1200 нь мотет байдаг юм. Зохиомжийн төвөгтэй байдлыг эс тооцвол түүний бүтээлүүдэд чөлөөт уран бүтээлчийн, шашны нөлөөнөөс ангид орших хүчтэй сэтгэгчийн арга барил мэдрэгддэг. Мөн түүний мадригалуудаас венецийн дүрслэх арга, францын дууны шинж байдал мөн сонсогддог. Зохиомжийн арга барилын хувьд тэр контрапункт, олон хоолойн бичлэгийн гарамгай их мастер болох нь мэдэгдэнэ. Сүрлэг дуурьсал, эрч хүч түүний зохиомжийн нэг хэсэг байдаг бол уянгын зөөлөн дуулал ч мөн л түүний нэг тал болж харагдана.
Орландо Лассо. Мотет.
XVI зууны шашны хөгжмийн хөгжил, түүний зураглалыг Ромын католик сүмийн мөргөлөөс гээгдэх болсон каноны явцаас ажиглаж болно. Худалдаачид, хөрөнгөтнүүдийн идэвхжил, тариачдын бослого зэрэг асуудлаас үүдэн шинэчлэл нэрийн дор хуваагдах болсон шашны талцал нь хөгжмийн урлагт нь шууд тусгалаа олж байсан юм.