Лаосын Үндсэн Хууль
БНАЛАУ-ын Үндсэн хууль
Түүх. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндсэн хуулийг 1991 оны 8 дугаар сарын 14-нд Ардын Дээд Хурал /парламентийн тухайн үеийн нэр/-ийн 6 дугаар чуулганаар баталсан.
1991 оны энэ Үндсэн хууль бол тус улсын гурав дахь Үндсэн хууль юм. Анхны Үндсэн хуулиа 1945 онд Лао Иссара буюу Чөлөөт Лаос Засгийн газрын үед баталсан байдаг. Хоёр дахь хаант Засгийг тунхагалсан францчуудын боловсруулсан Үндсэн хуулийг 1947 оны 5 дугаар сард баталж, улмаар 1957 оны 5 сард шинэчилж байжээ. Лаос Улс 1975 оны 12 дугаар сарын 3-нд Хаант Засгаа халж Бүгд Найрамдах Улсаа зарлан өмнөх Үндсэн хуулийг хүчингүй болгосон байна. Үүнээс хойш Лаос Улс Үндсэн хуульгүй явсаар 16 жил өнгөрсний дараа буюу 1991 онд өнөөгийн мөрдөж буй Үндсэн Хуулиа баталжээ. Удаан хугацаанд Үндсэн хуульгүй байсан шалтгааныг судлаачид Лаосын Ардын Хувьсгалт Намын /ЛАХН/ Товчооны гишүүд эл асуудлаар зарчмын зөрчилдөөнтэй байсан гэж үздэг. Сүүлд 2003 онд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей өнөөгийн мөрдөж буй 1991 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна.
1980-аад оноос ЛАХН-ын удирдлага дотроо зөвшилцөлд хүрч шинэ Үндсэн хуультай болох тухай яриа өрнөж эхэлсэн бөгөөд 1984 онд ЛАХН-ын Товчооны гишүүн тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй, зүүн германы /БНАГАУ-ын/ зөвлөхүүдтэй шинэ Үндсэн хууль боловсруулах комисс байгуулж байжээ. Улмаар 1990 оны 4 дүгээр сард Үндсэн хуулийн төслийг хэвлэлд гаргаж намын анхан шатны байгууллага, хамт олны хурал, иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажил эхлүүлжээ. Тухайн үед иргэдээр хэлэлцүүлэх ажил үндсэндээ нэр төдий болж өнгөрсөн байдаг. Харин зарим сэхээтэн, албан хаагчдын төлөөлөл тусгай “клуб” байгуулж Үндсэн хуулийн төсөлд заасан “нэг намын” тогтолцоог голлон шүүмжилж, Ерөнхий сайд К.Фомвиханыг огцрохыг шаардаж байсан аж. Мөн Парис, Прага, Варшавт сурч байсан лаос оюутнууд Лаост чөлөөт сонгууль явуулах зэрэг шаардага тавьж байсан тухай тэмдэглэлүүд үлджээ. Эдгээр шаардлага тавьж байсан оюутнууд нутагтаа буцаж ирээгүй гол төлөв Франц, Канад, АНу-д цагаачилсан гэдэг. Гэвч ЛАХН-ын тухайн үеийн удирдлага эдгээр “сөрөг үзэлтэй этгээдүүдтэй” эрс тэмцэж зарим томоохон албан тушаалтны төлөөллийг олон жилээр хорих ял оноож байсан юм байна. ЛАХН-ын удирдлага Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж батлах үеэр Зүүн Европ, хуучин ЗХУ-д өрнөж буй улс төрийн өөрчлөлтийг дагахгүй, харин Вьетнам, БНХАУ-ын загварыг баримтлахаа илэрхийлсэн байдаг.
Бүтэц, агууллага. БНАЛАУ-ын шинэ Үндсэн Хууль нийт 10 бүлэг, 80 зүйлээс бүрддэг бөгөөд Лаос Улс нь Ардын Ардчилсан Бүгд Найрамдах Улс бөгөөд ажилчин, тариачин, сэхээтний төлөөллөөс бүрдсэн ард түмний гарт төрийн бүх эрх мэдэл байна гэж тунхагласан байдаг. Төрийн зохион байгуулалтын хувьд нэгдмэл Холбооны Улс гэж Үндсэн хуульд тодорхой зааж өгчээ. Үндсэн хуульд улс төрийн ямар нэгэн тодорхой үзэл баримтлал тусгаж өгөөгүй авч социалист чиг баримжаатай ЛАХН төрийн эрх мэдэлд олон жил байгаа бөгөөд хийж ирсэн шинэчлэл, өөрчлөлтүүд нь улс төрийн асуудлыг хөндөлгүй зөвхөн эдийн засгийн салбарыг хамарч иржээ. Үндсэн хуульд хүн төрөлхтний түгээмэл тунхаглал, гол гол зарчмууд тусгагдсан боловч Лаосын ард түмний төр барих эрх Лаос Ардын Хувьсгалт Намаар тэргүүлүүлсэн улс төрийн тогтолцоонд байна гэж тус Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд заасан нь дэлхийн олонх орны Үндсэн хуулиас ялгарах хамгийн том онцлог зүйл бөгөөд үүнийг нөлөө бүхий хөрш Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндсэн хуулиас “суралцсан” гэж судлаачид үздэг.
БНАЛАУ-ын Үндсэн хуулийн оршлын хэсэгт олон үндэстэн ястнаас бүрдсэн Лаосын ард түмэн өмнөх Энэтхэг-Хятадын Коммунист Нам болон Лаос Ардын Хувьсгалт Намын мэргэн удирдлага дор колончлол, феодлын дарангуйлалтай хүнд хэцүү тэмцэл өрнүүлж, ялалт байгуулсан гэж тэмдэглэсэн байна. 1 дүгээр бүлэгт: Улс төрийн тогтолцоо, 2 дугаар бүлэгт: нийгэм, эдийн засгийн тогтолцоо, 3 дугаар бүлэгт: Лаос иргэдийн эрх, үүрэг, 4 дүгээр бүлэгт: Үндэсний Ассамблейн үйл ажиллагаа, эрх үүрэг, 5 дугаар бүлэгт: Ерөнхийлөгчийн бүрэн эрх, 6 дугаар бүлэгт: Засгийн газрын эрх, үүрэг, 7 дугаар бүлэгт: орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаа, 8 дугаар бүлэгт: Шүүх системийн тогтолцооны тухай, 9 дүгээр бүлэгт: Хэл, бичиг, үндэсний бэлгэ тэмдэгийн тухай, 10 дугаар бүлэгт: Үндсэн хуульд Лаосын Үндэсний Ассамблейн /ЛҮА/ хуралд оролцож буй гишүүдийн 2/3 саналаар өөрчлөлт оруулж болно гэж тусгасан ганцхан зүйлээс бүрддэг. БНАЛАУ-ын Үндсэн хуульд дагуу төрийн эрх мэдлийг тэнцүү хуваарилах зарчмыг баримталсан боловч хууль тогтоох байгууллага болох Лаосын Үндэсний Ассамблейн /ЛҮА/эрх мэдлийг өргөн байхаар тусгаж өгсөн байдаг. Мөн үүний сацуу Үндсэн хууль батлах явцад 5 жилээр ЛҮА-гаас сонгогддог Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ихээхэн нэмсэн гэж үздэг. Ерөнхийлөгч ЛҮА-н дэмжлэг авснаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, мужийн захирагч, Зэвсэгт хүчний удирдлагыг огцруулах болон томилох эрхтэй. Түүхэн хөгжлийн онцлог, Лаост хууль эрх зүйн шинэчлэл бүрэн хийгдэж дуусаагүй байгаа зэргээс шалтгаалж, улс орны өнөөгийн улс төрийн үйл явцад Шүүх засаглалын үзүүлэх нөлөө, боломж хомс юм.
ЛҮА Ерөнхийлөгчийг сонгохоос гадна Дэд Ерөнхийлөгчийг сонгодог бөгөөд ЛҮА-н Байнгын хорооны өргөн мэдүүлснээр дээрх албан тушаалтнуудыг огцруулах эрх мэдэлтэй байдаг. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд парламентын олонхи нөлөөлөх асуудлын талаар Үндсэн хуульд тусгайлан зааж өгөөгүй. Гэвч бодит амьдрал дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд хэн багтах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд ЛАХН голлох үүрэг гүйцэтгэж ирсэн байна.
Үндсэн хуульд ЛҮА буюу парламентыг хугацаанаас өмнө тараах боломж нөхцлийн тухай Үндсэн хуульд тусгаагүй боловч эл асуудлыг хэлэлцэхэд хуралд оролцож буй гишүүдийн 2/3 дэмжлэг хэрэгтэй байдаг байна.
Лаосын Үндсэн хуулийн дагуу дараах субьектууд хууль санаачлах эрхтэй байдаг. Үүнд: 1. Ерөнхийлөгч, 2. ЛҮА-н байнгын Хороо, 3. Засгийн газар, 4. Дээд шүүх, 5. Ардын Ерөнхий Прокурорын газар, 6. Лаосын үндэсний бүтээн байгуулалтын Фронт, 7. Улс орны хэмжээний олон нийтийн байгуулагуудын Төв удирдлага зэрэг юм.
Үндсэн хууль, төрийн бусад хуулиудад нэмэлт өөрчлөл оруулах хийгээд улсын хуулийг цуцлах эрх зөвхөн БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейд байна гэж Үндсэн хуульдаа заажээ. Ер нь Лаост орчин үеийн нэгдсэн хууль, эрх зүйн тогтолцоо дөнгөж 1980-аад оноос бий болж эхэлсэн гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль 1989 онд, Ардын шүүхийн тухай хууль 1989 онд, Ардын прокурорын тухай хууль 1990 онд, Иргэний хуулийг 1990 онд тус тус баталсан байдаг. 1975 оноос өмнө Хааны зарлигаар, 1976 оноос хойш Ерөнхий сайдын тушаал, зааварчилгааны дагуу шүүх үйл ажиллагаа явуулж байжээ.