Компанийн нийгмийн хариуцлага
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Дэлхий дахинаа компанийн нийгмийн хариуцлага (КНХ) гэх нэр томъёог хэрэглээд 30 гаруй жил болжээ. Харин энэ талаарх ойлголт манайд ердөө эхлэл төдий гэхэд болно. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Монголын компаниудын зүгээс үүнд ихээхэн анхаарах болсон ч гурил, будаа тарааж, асрамжийн газарт ганц удаа тусламж үзүүлээд өөрсдийгөө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсаар байгаа. Гэтэл тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг компанийн нийгмийн хариуцлага гэж нэрийддэг байна. Өөрөөр хэлбэл, татвараа цаг хугацаанд нь төлөх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, ажлын байран дахь цахилгаан, дулаанаа хэмнэдэг, ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, хог хаягдлын хэмжээгээ бууруулдаг байх зэргийг ингэж хэлээд буй хэрэг.
Нөгөөтэйгүүр, олон нийтийн зүгээс боломжийн үйл ажиллагаа явуулж буй нэгэн дээр очиж зовлон тоочиж мөнгө нэхдэг, өгөхгүй гэснийг нь хариуцлагагүй гэж цоллох нь бий. Ашгийн төлөө ажилладаг аж ахуйн нэгжүүд царайчилсан болгонд туслах боломжгүй. Бас алба ч үгүй. КНХ гэдэг нь буяны өглөг, хандив биш болохыг МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй хэлж байв. КНХ буюу Corporate Social Responsibility (CSR)-ийг Монголд хөгжүүлэхийн тулд МҮХАҮТ-аас тодорхой үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох судалгааг явуулдаг байна. Тус байгууллагын энэ оны зургадугаар сард гаргасан судалгаанд нийт 256 компани, хувь хүн оролцжээ. Тэдний зүгээс хамтран ажиллагсад, түншдээ чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал хэмээн 33.3 нь үзсэн бол 16.6 хувь нь хэрэглэгчдэдээ чиглэсэн арга хэмжээ авах ёстой гэж хариулсан байна. Мөн ажиллагсад, олон ний тийн боловсролыг дээшлүүлэхэд илүү анхаардаг гэжээ.
Гаднын орнуудын жишгээс харахад нийгмийн аль салбарыг илүү анхаарч буй нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлөөс шууд хамаардаг аж. Компани хариуцлагатай байгаагийн хамгийн чухал үзүүлэлт нь хамтран ажиллагч, хэрэглэгчид, олон нийтэд тайлангаа үнэн зөвөөр мэдээлэх аж. Иймээс ч гаднын томоохон бизнесийн байгууллага, компаниуд КНХ буюу тогтвортой хөгжлийн талаарх тайлангаа тогтмол мэдээлдэг. Ингэснээр тэдний нэр хүнд, орлого өсөж байдаг аж. Манай компаниудын 66.6 хувь КНХ-ийн буюу үүнтэй ижил төстэй тайлан гаргадгийг тогтоожээ. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин их үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Монголын аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх сонирхолтой байгааг эндээс харж болохоор байна. ДНБ-ий 70 гаруй хувийг бий болгодог хувийн хэвшлийнхэн орлогынхоо тодорхой хэсгийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд зарцуулдаг байна. Тодруулбал, дээр дурдсан 256 аж ахуйн нэгжийн 8.3 хувь нь 0-10, 33.4 хувь нь 10-50, 10.5 хувь нь 50-100, 16.9 хувь нь 100-500 сая төгрөг, 11.0 хувь нь 500 саяас нэг тэрбум төгрөг, 20 хувь нь нэг тэрбумаас дээш төгрөг зарцуулдаг гэжээ. Эндээс харахад бас ч багагүй мөнгө зарцуулдаг болох нь харагдана.
Харин хариуцлагаа хэрэгжүүлж байна гээд хамаг мөнгөө төлөвлөгөөгүйгээр цацвал үр дүнгүй болох нь тодорхой. Монгол Улсын хувьд "АПУ" Хувьцаат Компани, “Мобиком” корпорац, “Эрдэнэт” үйлдвэр, “Хаан банк” зэрэг цөөн тооны байгууллага нийгмийн хариуцлагын төлөвлөгөөтэй ажилладаг юм байна. Зөвхөн томууд биш, ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарахгүйгээр аж ахуйн нэгжүүд нийгэмд хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэх ёстойг мэргэжилтнүүд ярьж байна. Тусгайлан мөнгө зарцуулахгүй ч өөрийн үйл ажиллагааг шударгаар, хэрэглэгч, байгаль орчинд хохирол учруулахгүйгээр эрхэлж байвал хариуцлагаа тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж байна гэсэн үг аж. КНХ-ийг хэрэгжүүлэх ажил тухайн байгууллагын удирдлагаас ихээхэн хамаарах нь тодорхой. Товчхондоо, КНХ нь доороос гарсан санаачилгаар бус, дээрээс гарсан шийдвэрээр хэрэгжинэ гэсэн үг. Иймээс КНХ-ын зөвлөлөөс компанийн захирлуудад зориулсан сургалтыг зохион байгуулдаг юм билээ. Түүнчлэн Олон улсын стандартын байгууллагаас КНХ-ын стандарт (ISO-26000) батлан гаргасныг монгол хэлнээ хөрвүүлэхээр төлөвлөжээ.
Монголын компаниуд НҮБ-ын Даян дэлхийн гэрээ (Global compact), Дэлхийн эдийн засгийн форумын Авилгалын эсрэг түншлэл зэрэг гэрээ хэлцэлд энэ оны дөрөвдүгээр сараас нэгдэх болоод буй. Одоогийн байдлаар Монголын 192 компани Даян дэлхийн гэрээнд, 158 компани Авилгалын эсрэг түншлэлд нэгдээд буй. Гэрээнд гарын үсэг зурна гэдэг нэг хэрэг. Харин хэрэгжүүлнэ гэдэг амаргүй даваа. Эдгээр компаниуд хоёр жил тутамд үйл ажиллагааныхаа тайланг гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв хариуцлагаа хангалттай хэрэгж үүлж чадвал НҮБ-ын globalcompact.org ца хим хуудсанд мэдээллээ байршуулж, үйл ажиллагаагаа олон улсад сурталчлах боломжтой болох гэнэ. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран жил бүр шалгаруулдаг ТОП-100 шалгаруулалтын нэг үзүүлэлт нь мөнөөх л КНХ. Аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахдаа олон улсын хэмжээнд харгалзан үздэг байгаль орчинд хэр ээлтэй үйл ажиллагаа явуулдаг, ядуурлыг бууруулах, боловсролын салбарт хэрхэн анхаарч буй зэрэг шалгуураар эрэмбэлдэг байна.
Шалгаруулалтад компанийн нийгмийн хариуцлагын эзлэх хувь 2002 онд ердөө тав байсан бол энэ онд 20 болтлоо өсчээ. Ирэх жил үүнээс ч нэмэгдэж магадгүй байгааг захирлуудад дуулгая. Дахин хэлэхэд, КНХ гэдэг бол одоогийнх шиг тэтгэлэг, өглөг, хандив өгч түүнийгээ сурталчилгааны PR болгон ашиглах тухай асуудал биш юм. Тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх нь нийгэмдээ оруулж буй байгууллагын хувь нэмэр болно. Ажлын байрныхаа гэрлийн чийдэн, компьютерийг хар даа. Эрчим хүчинд хэмнэлттэй байж чадаж байна уу. Тийм бол та хариуцлагаа ухамсарлаж чадаж байна гэсэн үг. КНХ бага ч гэлээ ийм л зүйлээс эхэлнэ.