Кейсон Фомвихан
Кейсон Фомвихан буюу Кайсон Пхомвихан (лао. ໄກສອນ ພົມວິຫານ, 1920-1992) нь Лаосын улс төрийн зүтгэлтэн, 1975-1992 онуудад Лаосын удирдагч.
1975-1992 онуудад Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсыг удирдаж байсан тэрээр вьетнам эцэг, лаос эхтэй байсан. Анх Нгуен Кай Сонг (вьетнам хэлээр Nguyen Cai Song) гэдэг вьетнам нэртэй байсан тэрээр Вьетнамд дунд сургууль төгсөөд, Ханой хотод дээд сургуульд үргэлжлүүлэн сурсан.
1942 онд –Хо Ши Миний байгуулсан “Энэтхэг-Хятадын Коммунист Нам”-д элсэж, Японы эзлэн түрэмгийлэгчид болон Францын колончлолын эсрэг тэмцэж эхэлсэн. 1947 онд Лаосын Зүүн Умард нутагт Ардын цэргийн хүчинг нэгтгэн байгуулж өөрөө удирдсан байна. 1950 оноос Лаосын Бослогчдын Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажилласан байна.
1955 оны 3 дугаар сарын 22-ноос, дөнгөж байгуулагдсан Лаосын Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. Мөн оноос Лаосын Эх орончдын фронтыг зохион байгуулагч, удирдагчдын нэг байсан. Хэдэн жилийн хугацаанд "Улаан хунтайж" гэж алдаршсан Суфанувонг-ийн сүүдэрт байж "Патет Лао" хөдөлгөөний хүн байжээ. Сүүлд нь коммунистуудыг удирдаж Хаант Лаос болон АНУ-ын эсэрг дайныг удирдсан байна.
1975 оны 12 дугаар сарын 8-нд коммунист дэглэм Лаост эрх барих үеэс БНАЛАУ-ын Ерөнхий сайд, 1982 оноос Сайд нарын Зөвлөлийн дарга, ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. К.Фомвихан улс орноо төвийг сахих замаар социализм бүтээн байгуулах зам руу хөтөлж, нэгдэлжих хөдөлгөөн өрнүүлж, аж үйлдвэржилт эхлүүлсэн. Гэвч 1986 оноос шинэ эдийн засгийн механизмд шилжих болж цаашдын хөгжил нь Вьетнамын Дой Мой, БНХАУ дахь Дэн Сяопины шинэчлэлтэй төстэй болж ирсэн. 1990 онд анхны чөлөөт эдийн засгийн бүс бий болж, БНАЛАУ сүлднээсээ алх хадуурын зургийг авсан байдаг.
1991 онд К.Фомвихан ЛАХН-ын дарга, Улсын Ерөнхийлөгч болсон бөгөөд 1992 оны 11 дүгээр сарын 21-нд нас барсан.
Лаосын нийслэл Вьентьян хотноо тусгайлан барьсан музей-бунханд оршуулсан. Их удирдагч хэмээн лаосын ард түмэн хүндлэн үздэг байна.