Испанийн алтан үе

Испанийн алтан үе (исп. Siglo de Oro, алтан зуун) гэж Испанид урлаг, утга зохиол дэлгэрч, Испанийн Хабсбургийн династи цэцэглэж байсан үеийг хэлдэг. El Siglo de Oro гэдэг нь яг тодорхой цаг хугацааг заадаггүй ч ихэнхдээ 100 гаруй жилийн хугацааг заана. Энэ нь Реконкиста дуусгавар болж, Христофор Колумб Шинэ ертөнц хүрсэн далайн аяллуудаа хийж, Антонио де Небриха Кастил хэлний дүрэм хэмээх бүтээлээ туурвисан 1492 он эсвэл түүнээс хойш эхэлж, улс төрийн хувьд Франц болон Хабсбургийн Испанийн хооронд Пиренейн гэрээ үзэглэгдсэн 1659 он эсвэл түүнээс өмнө дууссан гэж үзнэ. Гэхдээ уг үеийн сүүлчийн агуу зохиолч Педро Калдерон де ла Барса 1681 онд нас барснаар урлаг, утга зохиолын хувьд El Siglo de Oro дууссан гэж үзэх нь элбэг.

Испани болон Австрийг захирч байсан Хабсбургийнхан өөр өөрийн орондоо урлагийг ивээн тэтгэгчид байв. Испанийн II Филип хаан Европын шилдэг уран барилгач, зураачдыг урьж авчран эзэн хааны сүм Эл Эскориал-ыг бариулсан бол Европын түүхэнд төрсөн хамгийн нөлөө бүхий зураачдын нэг гэгддэг, тухайн цаг үедээ олны хүндлэлийг хүлээсэн Диего Веласкес IV Филип хаан болон түүний тэргүүн сайд Оливаресын бэйс-гүн нартай сайн харилцаатай байж, өөрийн хэв маяг, чадварыг илтгэсэн хөрөг зургуудыг бидэнд үлдээжээ. Тухайн үедээ хүндлэгдсэн бас нэгэн уран бүтээлч болох Эл Греко Испанийн урлагт Италийн сэргэн мандалтын хэв маягийг нэвтрүүлж, Испанийн уран зургийн өвөрмөц хэв маягийг бий болоход хувь нэмрээ оруулсан билээ. Испанийн гайхамшигт хөгжмийн бүтээлүүдийн нэлээд нь энэхүү үед бүтээгдсэн юм. Томас Луис де Викториа, Франциско Герреро, Луис де Милан, Алонсо Лобо нарын хөгжмийн зохиолчид Сэргэн мандалтын хөгжим гээчийг бий болгосон нь Барок үед хүртэл нөлөөлж, хөгжмийн хөгжилд хувьсгал авчирсан билээ. Испанийн утга зохиол үр жимсээр баян байж, Дон Кихот де ла Манша-гийн зохиолч Мигел де Сервантес, мөн мянга гаруй бүтээл туурвиснаас 400 гаруй нь өнөөг хүртэл уламжлагдан үлдсэн суут жүжгийн зохиолч Лопе де Вега нарыг төрүүлсэн бөлгөө.