Иосиф Кобзон (украин. Йосип Давыдович Кобзон, орос. Ио́сиф Давы́дович Кобзо́н; 1937 оны 9-р сарын 11-нд ЗХУ-ын Зөвлөлт Украины Донецск мужийн Часов Яр хотод төрсөн - 2018 оны 8-р сарын 30-нд Оросын Москва хотод нас барсан) - Зөвлөлт ба Оросын поп дуучин, улс төр, нийгмийн зүтгэлтэн, хөгжмийн багш. ОХУ-ын Хөдөлмөрийн баатар (2016), Бүгд Найрамдах Донецк Ард Улсын баатар (2015). ЗХУ-ын Ардын жүжигчин (1987), Молдавын гавьяат иргэн (2007), ЗХУ-ын Төрийн шагнал (1984), Ленины Комсомолын шагнал (1976) хүртсэн.

Иосиф Кобзон

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын депутат (1997-2018). ОХУ-ын Төрийн Думын Соёлын байнгын хорооны дарга (2003-2011), ОХУ-ын Төрийн Думын Соёлын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга (2012-2018). Нэгдсэн Орос намын гишүүн (2007-2018).

Иосиф Кобзон 1937 оны 9-р сарын 11-нд Часов Яр хотод намын ажилтны гэр бүлд төржээ. Эцэг - Давид Кунович эхлээд дүүргийн гүйцэтгэх хороонд, дараа нь үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. Эх Ида Исааковна ардын шүүгч, дараа нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан.

 
И.Кобзон, 2016 он

Дайны өмнө гэр бүл нь Львов, дараа нь Савянск хот руу нүүжээ. Дайны дараа эцэг гэр бүлдээ буцаж ирээгүй ажээ. Эх нь Мозес Раппопорттой дахин гэрлэсэн байна.

Ирээдүйн дуучин эхийх нь ажил шилсэн тул Краматорск хотод сургуульд сурчээ. Залуу насандаа Иосиф бокст дуртай байсан бөгөөд Украины аварга болж байсан юм. Ахлах сургуулийн 7-р ангиа төгсөөд Кобзон Днепропетровск уул уурхайн коллежид элсэн орж, 1956 онд төгссөн. Суралцаж байхдаа тэрээр дуулж эхлсэн байна.

Техникийн сургуулиа төгсөөд цэрэгт татагдан, Ар Кавказын цэргийн тойргийн дуу бүжгийн чуулгад оржээ. Цэргийн алба хаасны дараа тэрээр шууд Москва руу явав.

1959-1962 онд Иосиф Кобзон Бүх Холбооны радиогийн гоцлол дуучин, 1962-1965 онд "Росконцерт"-ын гоцлол дуучин болсон. 1965 онд "Москонцерт"-ын гоцлол дуучин болж, 1989 он хүртэл энэ байгууллагад ажилласан.

1960, 1970-аад онд дуучин Комсомолын барилга байгууламжид очиж концерт тоглож, дэлхийн энх тайвны төлөө идэвхтэй тэмцэж, албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гадаад орнуудад аялан тоголдог байсан.

1965-1967 онд Иосиф Кобзон дуучин Вероника Кругловатай гэрлэжээ. 1967 онд тэрээр хоёр дахь удаагаа Людмила Гурченкотой гэрлэсн байна. Гурван жил гэрлэсний дараа хосууд салсан. 1971 онд Кобзон Нелли Михайловна Дризинатай гэрлэжээ. Гэрлэлтийн үеэр хосууд Андрей (1974) хүү, Наталья (1976) охинтой болжээ.

1973 онд зураач Гнесиний нэрэмжит Улсын хөгжмийн дээд сургуулийн дуулаачийн ангийг төгссөн.

1971-2004 онд Кобзон Зөвлөлтийн алдарт "Оны шилдэг дуу" /Песня года/ наадамд оролцож финалд үлддэг байсан. И.Кобзоны урын санд Исаак Дунаевский, Матвей Блантер, Анатолий Новиков, Василий Соловьев-Седой, Марк Фрадкин, Аркадий Островский, Оскар Фельцман, Серафим Туликов, Александра Пахмутова, Давид Тухманов нарын 3 мянга гаруй дуу багтаж байсан.

2011 онд дуучин Өвөрбайгалийн хязгаараас ОХУ-ын Төрийн Думд нас барах хүртлээ сонгогдож байсан.

2018 оны 8-р сарын 30-нд нас барсан.