Иосип Броз Тито

Иосип Броз Тито (серб-хорват. Јосип Броз "Тито" / Josip Broz "Tito", ; Ти́то — гэж намын нууц нэрийг овог дээрээ нэмсэн байна), (1892 оны 5-р сарын 7-нд Хорватын хаант улсын Кумровец хотод төрсөн- 1980 оны 5-р сарын 4-нд Югослав улсын Любляна хотод нас барсан) — югославын хувьсгалч, улс төр, цэргийн зүтгэлтэн. 1945 оноос 1980 хүртэл нас бартлаа Югославын удирдагч байсан. 1937 оноос Югославын Коммунист намын (ЮКН) дарга байсан.

Иосип Броз Тито

Дэлхийн 2-р дайны үед Тито бол эзлэгдсэн Европ дахь хамгийн үр дүнтэй эсэргүүцлийн хөдөлгөөн гэж нэрлэгддэг Югославын партизануудын удирдагч байв. Тэрээр Югослав болон гадаадад их алдартай хүн байсан. Түүний нэгдмэл байдлын бэлгэ тэмдэг гэж тооцогддог дотоод бодлого нь Югославын холбооны ард түмний энх тайванч зэрэгцэн оршихыг хадгалж чадсан юм. Тэрээр "Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн"-ий гол удирдагч байснаараа Энэтхэгийн Жавахарлал Неру, Египетийн Гамал Абдель Нассер, Индонезийн Сукарно болон бусад удирдагчидтай хамтран ажиллаж чаддаг байсан улс төрч юм.

1980 онд Титог нас барсны дараа Югославын Бүгд найрамдах улсуудын хооронд зөрчилдөөн үүсч эхэлсэн. 1991 онд Югослав задарсны дараа түүний бүрэлдэхүүнд багтдаг бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт хэд хэдэн зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн бөгөөд энэ нь 1990-ээд оны эцэс хүртэл үргэлжилсэн юм. Тэдний үр дагавар нь хуучин Югославын бүгд найрамдах улсуудын амьдралд нөлөөлсөн хэвээр байна.

Намтар засварлах

Иосип Броз 1892 оны 5-р сарын 7-нд тухайн үед Австри-Унгарын нутаг дэвсгэрт орших Хорватын Кумровец тосгонд төрсөн. Төрөхдөө тэрээр католик сүмд баптист загалмай хүртсэн. Ирээдүйн Югославын удирдагчийн эцэг Франио Броз нь хорват хүн байсан: Иосипийн эх Мария Броз, өмнө нь Яверсек нь Подсреда тосгоны Словен хүн байжээ.

1907 онд эцэг Франио Броз хүүгээ АНУ-д ажиллуулах гэж оролдсон боловч гэр бүлийнхэн нь явуулах мөнгө цуглуулж чадаагүй ажээ. Үүний дараа арван таван настай Иосип үеэл Юрицагийн цэргийн алба хааж байсан Сисак хотод очжээ. Эхлээд Иосип Юрицагийн зохицуулсанаар зоогийн газрын зөөгчөөр ажиллажээ. Дараа нь төрөл бүрийн ажил хийсээр слесарь болохоор суран ажилдаг байжээ.

1910 оны 9-р сард Иосип сургуулиа төгсөж, мэргэшсэн слесарь болжээ. Үүний дараа тэрээр Загреб руу нүүж, Сисак дахь танилуудын ачаар ажил олж чаджээ. Загреб хотод тэрээр Металлчдын үйлдвэрчний эвлэл, Хорват, Славоны Социал Демократ Намд элсэн улс төрд хөл тавьжээ.

1913 оны 5-р сард Броз Австри-Унгарын эзэн хааны армид татагдан хоёр жил алба хаах ёстой болжээ. Цэрэгт байхдаа сурсан зүйлээ ашиглаж нэр хүнд олж авчээ. 1915 онд тэрээр шархадаж оросуудад олзлогдож 13 сар болж эмнэлэгт хэвтээд орос хэл сурчээ. Улмаар Оросын 1917 оны хувьсгалд оролцож Сибирь явжээ. 1920 оны 9-р сард Иосип Пелагея гэх эмэгтэйтэй гэрлэж Брозович гэж овог авчээ. 1920 оны сүүлээр Брозович гэр бүл Оросыг орхиж Югослав явжээ. Нутагтаа ирээд Югославын коммунист намд элсэж улс төрийн ажил хийжээ.

1937 онд Югославын Коммунист намын дарга болж Дэлхийн хоёрдугаар дайнд партизаны хөдөлгөөн зохион байгуулж амжилт олсон. Улмаар Югославыг нэгтгэж нас бартлаа тус улсыг удирсан байна.


1980 онд Иосип Броз Тито хүнд өвчтэй болжээ. Өвчний нэг шалтгаан нь удаан хугацаагаар тамхи татсантай холбоотой байжээ. Зүүн хөлөнд нь судасны бөглөрөл илэрсэн бөгөөд нэгдүгээр сард зүүн хөлөө тайруулсан ч биеийн байдал нь сайжраагүй байна. Тэрээр 1980 оны тавдугаар сарын 4-ний шөнө 88 нас хүрэхээсээ гурав хоногийн өмнө Любляна хотод нас баржээ. Түүнийг Белград дахь "Цэцгийн байшин" бунханд оршуулжээ. Дараагийн арван жилийн турш 5-р сарын 4-ний 15:55 цагт Югослав бүхэлдээ Иосип Броз Титогийн таалал төгссөн өдрийг нэг минут дуугуй зогсож хүндэтгэл үзүүлдэг байжээ.