Индонез дахь хятадууд

(Индонези дахь хятадууд-с чиглүүлэгдэв)

Индонези дахь хятадууд.

Хятадын лалын шашинтай “хуэйцу”/回族/ үндэстэнүүд 5 дугаар зуунд анх Индонезид олноороо цагаачлан ирж суурьшсан гэсэн сонирхолтой таамаг судлаачид дэвшүүлдэг. Гэвч V-VI зууны үед Хятадын болон Явагийн худалдаачид далайгаар хоорондоо зорчиж худалдаа арилжаа эрхэлдэг байсан бөгөөд 1293 оны эхээр Монголын Хубилай хааны цэргүүд Ява арал дээр бууж дайтаад мөн оны 5 дугаар сард арлыг орхих болоход 100 гаруй хятад цэргүүд арал дээр үлдсэн гэсэн түүхийн баримт байдаг байна. Сүүлд XVII дугаар зуунд Индонезийг Голландын колони байх үед голландчууд хятадуудыг цагаачлахыг бодлогоор дэмжиж нутгийн иргэдээс илүү эдийн засгийн эрх мэдэл өгч байсан байна. Уг бодлогын үр дүнд хятадууд нутгийн иргэд дотор уусаагүй гэж үздэг.

1740 онд эдийн засгийн хямралаас шалтгаалж Голландын эрх баригчид арал дээрх хятад иргэдийг Цейлон арал руу нүүлгэж ажлуулах шийдвэр гаргасны улмаас бослого гарсан ажээ. Эрх баригчид бослогыг нухчин дарж 8-10 орчим мянган хүн амиа алдсан бөгөөд хятадууд байр сууриа алдаж нутаг заагдсан байдаг. Эдгээр өмнөх үед ирээд уусч хэлээ мартсан хятад цагаачдыг “перенакан” гэж нэрлэдэг ажээ. ХХ дугаар зууны эхээр хятадуудын байр суурь бэхжиж нийгмийн идэвхитэй болж хятад улс төрийн нам байгуулж, хятад сонин хүртэл хэвлэж байжээ. 1942-1945 онд Японд эзлэгдэх үед хятадууд Индонезийн эрх чөлөөний төлөө тэмцэлд гар бие оролцож байсан боловч Ерөнхийлөгч Сукарно Индонезийн тусгаар тогтнолыг 1945 онд зарласнаас хойш эрх баригчид хятадуудын эрхийг хязгаарлаж эхэлсэн байна. Сүүлд 1968 онд Индонезийн Ерөнхийлөгчөөр Сухарто болсноос хойш хятад иргэдийг хэлмэгдүүлэх байдал улам эрчээ авч тэд олноороо том хотуудад шилжиж амьдрах болсон бөгөөд хятад хэл, хятад хэлээр сургалт явуулдаг сургуулиудыг хааж гудамжинд хятад ханз хэрэглэхийг хориглон хятад иргэдийг индонези овог, нэртэй болохыг шаардаж байжээ. Энэ нь “хуэйцу” нарыг ястан үндэстний эсрэг гэхээс илүүтэй эх газрын Хятадын Коммунист намтай холбоотой гэж эрх баригчид үздэг байсан агаад эдийн засгийн ашиг сонирхолын зөрчилдөөнтэй ч холбож үзэх үндэстэй юм.

1976 оны байдлаар Индонезид хятад гаралтай 4 сая орчим иргэд байсны 1 сая орчим нь БНХАУ-ын иргэншилтэй байжээ. 1998 онд Засгийн газрын зүгээс хятадуудын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулсны улмаас олон мянган хятадууд БНХАУ, АНУ, Бразил, Австрали руу дүрвэсэн байдаг. Удалгүй Ерөнхийлөгч Сухарто огцорсноос хойш байдал намжиж хятадуудын эсрэг чиглэсэн шийдвэрүүдийг бага багаар сулруулж иржээ. 1998 оноос хятад хэл дээрх сургалтууд сэргэ 2000 онд хятад хэл дээрх телевизийн нэвтрүүлэг гардаг болоод байна. Индонези дахь хятадуудын 45%-Будда, 35%-католик, 9%-протестант, 7%-күнз, 3,6%-исламын шашинтай ажээ.

Индонезийн “Хуацяо” нарын 80% банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Индонезийн нийт хувийн банкуудын 70%-ийг эзэлдэг байна. Мөн тэд нар 10 даатгалын томоохон компанийг эзэмшдэг байна.

Худалдаа:НҮБ-ын “COMTRADE” мэдээллийн сангийн мэдээгээр 2017 онд Индонези Улс БНХАУ-д нийт 28,4 тэрбум.ам.долларын экспорт гаргаж, хятадаас 32,117 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор оруулжээ.

Хэдий хүнд хэцүү нөхцөлд амьдарч, төрөл бүрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байсан ч хятад гаралтай индонези иргэд бизнесийн хүрээнд томоохон байр суурь эзэлсэн хэвээр байна. Тэдний нэгэн томоохон төлөөлөгч бол 35 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Майкл Хартоно юм.