Зөвлөмж (Рекомендация. Recommendation). Сонин хэвлэлд зөвлөмж (зөвлөгөө) нэртэй материал тогтмол гардаг. Практикт тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн зөвлөмжийг агуулсан эх бичвэрүүд хүлээн авагчдын мэдээллийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолтой холбоотой бий болжээ. Хэрэв зөвлөмж, зөвлөгөөний агуулгыг бүрдүүлж буй мэдээллийг хэв маяг, төрлийн хувьд авч үзвэл энэ нь ихэнх тохиолдолд хөтөлбөрийн шинжтэй мэдээлэл болдог. Тусгаж буй асуудлын үндэслэл, учир шалтгаан, үнэлэлт дүгнэлт, хэтийн төлөв зэргийг тусгадаг шинжээрээ зөвлөмж шинжлэлт бичлэгийн төрлийн олон шинж чанарыг өөртөө агуулдаг. Мөн баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан үзүүлэх замаар хүлээн авагчдыг итгүүлэх үнэмшүүлэх зорилго тавьдаг. Зөвлөмжийг мэдээлсэн, шинжлэлт, тодруулах шинжтэй гэж ангилж болно. Манай тогтмол хэвлэл, радио, телевизд гарч буй зөвлөмжийн ихэнх нь сонгож авсан сэдвийг тайлбарлах, сурталчлах, анхны мэдэгдэхүүн өгөх шинжтэй мэдээлсэн болон тодруулсан зөвлөмжүүд юм. Зөвлөмжийн өөр нэг онцлог шинж нь тэдний зохиогч нь тодорхой салбар, чиглэлийн мэргэжилтнүүд байдаг явдал мөн. Шинжлэлт зөвлөмжийг цуврал маягаар тогтмол өгдөг тохиолдол түгээмэл ажиглагддаг. Гол төлөв сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, эмч, хуульч зэрэг мэргэжлийн хүмүүсийн бичсэн номын хэсгээс цуврал болгон нийтэлдэг. Зөвлөмж нь мэдээллийн багтаамж, танин мэдүүлэх ач холбогдол сайтай, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх чадвар нь өндөр байдаг онцлогтой юм. Сүүлийн үед дан зөвлөмжийн шинжтэй материалуудаас бүрдсэн, төрөлжсөн сонин, сэтгүүлийн тоо нэмэгддэг хандлагатай байна.