Зөвлөлт, Японы төвийг сахих гэрээ
Зөвлөлт, Японы төвийг сахих гэрээ (орос. Пакт о нейтралитете между СССР и Японией, япон. 日ソ中立条約 ниссо чүүрицү жооякү) — 1941 оны 4-р сарын 13-нд Халх голын тулалдаанаас өнгөрөөд хоёр жилийн дараа Москва хотод байгуулсан ЗХУ-Японы харилцан төвийг сахих тухай гэрээ. 1945 оны 4-р сарын 5-нд ЗХУ уг гэрээг цуцалж буйгаа зарласан байна.
Энэхүү төвийг сахих гэрээнд 1941 оны 4-р сарын 13-нд Москва хотын Кремльд гарын үсэг зурсан байна. Зөвлөлтийн талаас гэрээнд Вячеслав Молотов, Японы талаас Гадаад хэргийн сайд Мацүока Ёосүкэ, Японоос ЗХУ-д суугаа Элчин сайд Татэкава Ёшицүгү нар гарын үсэг зурахад Иосиф Сталин байлцсан. 1941 оны 4-р сарын 25-нд соёрхон баталжээ. Гэрээ 5 жилийн хугацаатай байсан учраас 1941 оны 4-р сарын 25-аас 1946 оны 4-р сарын 25 хүртэл хүчин төгөлдөр байх ёстой байсан бөгөөд автоматаар 1951 он хүртэл сунгах байсан юм. Энэхүү гэрээг Тунхаглал, харилцан солилцох захидал дагалдсан юм.
Гарын үсэг зурахын өмнөх өдөр 4-р сарын 12-нд Мацүока Ёосүкэ, Иосиф Сталин хоёрын хооронд яриа хэлэлцээ болж, олон маргаантай асуудал, тухайлбал Умард Сахалин болон Японы концессын талаар тохиролцоонд хүрчээ. Япон 100 мянган тонн газрын тос нийлүүлэх амлалтын хариуд Умард Сахалиныг Японд зарах шаардлагаасаа татгалзсан юм.
Молотов, Мацүока, Татэкава нар мөн өдөр гарын үсэг зурсан гэрээг дагалдах Тунхаглалд (энэ нь гэрээний хавсралт байсан) БНМАУ, Манж-го улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан эрхт байдлыг хүндэтгэх амлалтыг агуулсан ("де юре" улсуудыг хүлээн зөвшөөрөх) байна. Мацүока солилцсон захидалдаа худалдааны гэрээ, загас агнуурын гэрээ байгуулж, Умард Сахалин дахь Японы концессуудыг татаж аваад, Хилийн асуудлыг шийдвэрлэх ЗХУ, Япон, Монгол, Манж-Го улсын хамтарсан төлөөлөгчдийн комисс байгуулна гэж амласан байна.
Гэрээ зурсны дараа Мацүока Москвагаас Берлин явахад И.Сталин биечлэн галт тэрэгний буудалд гаргаж (урьд хожид ингэж байгаагүй) өгчээ.
Гэрээг цуцалсан тухай
засварлах1945 оны 4-р сарын 5-нд Москва хотноо ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар Вячеслав Молотов Японоос ЗХУ-д суугаа Элчин сайд Сато Наотакэг хүлээн авч уулзаад "ЗСБНХУ, Японы хооронд байгуулсан төвийг сахих гэрээ"-ний хугацаа дуусаагүй байгаа ч зөвлөлтийн тал нэг талаасаа цуцалж байгаа тухай мэдэгджээ. Гэрээнд гарын үсэг зурсны дараа Герман ЗСБНХУ руу дайрч, Германы холбоотон Япон улс ЗСБНХУ-ын эсрэг дайн хийхэд нь тусалж байсан гэж В.Молотов тэмдэглэсэн ажээ. Нэмж дурдахад Япон улс ЗХУ-ын холбоотон болох АНУ, Англитай дайтаж байна. Ийм нөхцөлд төвийг сахих гэрээ "утгаа алдсан" бөгөөд ЗСБНХУ уг гэрээний таван жилийн хугацаа дуусахаас нэг жилийн өмнө Японд үүнийг цуцлах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байна гэжээ.
Үүнээс хойш 4 сарын дараа 1945 оны 8-р сарын 9-нд ЗСБНХУ Японы эсрэг дайтаж эхэлсэн учир төвийг сахих гэрээ "де-факто" хүчингүй болсон.