Зүүн хүрээ

(Зүүн хүрээний-с чиглүүлэгдэв)

Нийслэл хүрээний гол хэсгийг шарын шашны лам нарын хороолол буюу зүүн хүрээ хэмээн нэрлэдэг байлаа.

Хүрээнд хувьсгалт бүлэгүүд байгуулагдсан нь 1919 он

Нэр үүссэн байдал.

“Хүрээ” гэдэг нэрийн талаар түүхч Л.Дүгэрсүрэн тайлбарлахдаа “Хүрээ ” гэдэг үг дээр үеэс гаралтай. Монголчууд хэдэн зуун өрхөөр тойрон дугуй хэлбэрээр буудалладаг байсныг хүрээ гэдэг байжээ. “Эрт үед ямар нэгэн аймаг аль нэгэн газар цагираг мэт тойрон буудаллаж, түүний дунд ахлагчийн гэр байдаг байсан, түүнийг хүрээ гэж нэрлэж байжээ” гэж XIV зууны үед түүхч Рашид-эд-Дин бичсэн байдаг. Түүнийг Оросын Монголч эрдэмтэн Владимирцов мөн зөвшөөрөн бичжээ. Монголд байгуулагдсан хийд мөн тэр хуучин журмыг дагаж ихэнхдээ гол төвд нь гол их дуган ордууд бий болж, түүнийг тойрон бусад дуган сүм лам нарын байр барьдаг байснаас хүрээ хийд голдуу дугуй хэлбэртэй байжээ. Тийм учраас хүрээ гэдэг үг томхон хийдийн нэр болжээ. Ийм учраас би энд зөвхөн “Зүүн хүрээ” гэдэг нэрийн учрыг тайлбарлахын зэрэгцээ энэ нэрийн үүсэл хөгжлийн түүхийг товч өгүүлье. Монгол аймгуудын Ноёлог, баялаг хүмүүсийн дотор ч өмчийн бас үүнийг дагаад эрх хэмжээний ялгарал гарч цөөнх нь “Хан ”, “Мэргэн”, “Баян”, гэх мэт цол хэрэглэж “баатар”, “хүнлэг ” , “дошгин” , “дайчин” , “галзуу” гэх мэтийн ямагт довтлох, байлдах, тулалдах үйл хэрэгт холбогдсон сүрлэг цолтон олширч бас “сэцэн”, “билэг”, “тайш”, “хан хөвгүүн”, “тамган”, “бөө”, “бэг” зэрэг тушаалтан, цолтон гарч ирсэн нь тэр бүхний амь нас, эд хөрөнгө зэргийг хамгаалж явдаг тодорхой хүрээлэгчдийг буй болгосноор нүүдэлчдийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл бэлчээр газар мал, хоёр овгийн бүлэг хүмүүсийн хамтын өмч байсан анхны хүй нэгдлийн нийгмийн нөхцөлд Монголчууд нь овог төрлөөрөө хамтран хүрээгээр нүүж, бас хүрээгээр бууж, дайсны довтолгооноос дээдсийгээ хамтран хамгаалж байх тийм өвөрмөц соёлыг буй болгожээ. Энэ соёл нь Ази тивийн төв дунд үүсч бүрэлдсэн эсгий туургатны гол соёл бөгөөд гал голомтоо буюу гал тэнгэрээ дээдлэн шүтэж гол дундаа авч түүнийг хүрээлсэн соёл юм. Үүнийг өвөрлөгч нутгийн эрдэмтэн Н. Шаралдай зэрэг түүхчид “дугуй соёл” хэмээн нэрэлдэг билээ. Дугуй соёл нь урьд, хойд зүүн баруун дөрвөн талдаа үүдтэй бөгөөд эдгээр үүднүүдийн хоорондын дөрвөн хэсэгт зэвсэгт хамгаалагчид гарч олон давхар хүрээ хамтран дотогшлон гал голомтоо хүрээлэн хамгаалах зорилготой зохион байгуулгатай байжээ. Монголчуудын энэ соёл XIII зууны үед Оросын Москва хотын гудамж хорооллын зохион байгуулалтанд нөлөөлж “Московская кольцовая дорога”-г үүсгэсэн бол ХХ зууны дунд үед эргээд Москва хотынхоос суралцан Улаанбаатар хотын “их тойруу” , “Бага тойруу” гудамжнуудыг үүсгэсэн байдаг. Эртний Монголчуудын эсгий туургат гэрүүд “Хүрээгээр нүүж” “Хүрээгээр буудаг” энэ соёл XVIII-XIX зууны үеэс хот суурин байгуулалтын “Хүрээ дэг” нэртэй үндэсний зураг төслийн голлох арга болон хөгжиж, Монголын их хүрээний болон хүрээ дэгтэй төв орон нутгийн бусад зарим хүрээ хийдийг барьж байгуулах үндсэн төсөл болон хэрэгжсэн байна. 1838 онд их хүрээний баруун дэнж дээр V богдын овгийн ордыг барьж Гандантэгчилэн хийдийг байгуулснаар энэ дэнж дээр их хүрээний нэгэн адил хүрээ дэгтэй өөр нэгэн шинэ хүрээ их хүрээний дэргэд үүссэн байна. Энэхүү шинэ хүрээг Монголчууд их хүрээний баруун хаяанд үүссэнээр нь Түшээт хан аймгийн баруун, зүүн хүрээ хэмээн нэрэлсэн шигээ Богдын баруун, зүүн хүрээ хэмээн нэрлэж их хүрээний төв дундахыг Зүүн хүрээ, Гандантэгчилэн хийдийг тойрсон хүрээг баруун хүрээ хэмээн нэрлэх болсон байна. Тийм ч учраас Гандан хийд, зүүн хүрээ хоёрын нийт лам нарын сүм-захиргааны зохион байгуулалт нэгдмэл, өөрөөр хэлвэл Гандан хийд дээр суудаг лам нар нийтээрээ зүүн хүрээний гучин аймгуудад хуваагдан захирагддаг байснаар Гандан хийдийн хүрээнд суудаг зүүн хүрээ гучин аймгийн лам нар өдөр бүр энэ дэнжээс зүүн хүрээн дэх аймгийнхаа дуган сүмд ирж хурал номын ажилд оролцдог байжээ. Түүнээс гадна хөдөө орон нутагт байсан зүүн хүрээтэй ижил хүрээ дэгтэй хүрээ хийдийн лам нар Нийслэл хүрээнд ирээд бас өөр өөрийн аймгийн дуганд харьяалагдаж, энд байх хугацаандаа тэр аймгийнхаа лам нарын гэр хашаанд сууж, сүм захиргаанд нь захирагддаг байсан байна. Энэ бүхнээс үзэхэд Нийслэл хүрээний гучин аймаг гэдэг нь Монгол улсын хэмжээнд байсан “Хүрээ дэгтэй” бүх хүрээ-хийдүүдийн дунд төвлөн удирдах шинжтэй байжээ. Зүүн хүрээний гучин аймгийн байрлалыг түүний их үүдний баруун тал буюу Богд эзэн хааны төв ордны өмнөх хүндэтгэлийн шөргөн хашааны баруун өмнөөс тоочвол: Энэхүү 30 аймаг бүгд тус тусдаа ямар нэгэн засварын дуган сүмтэй, аймаг бүхэнд сахиусны гонх, хийморийн дарцаг, мөргөлийн вандан, өргөлийн тавиур байсны дээр аймаг бүрийн хаалганы бариул дээр “Зээ бадын” толгойн дүрс урласан байв. Энэ нь Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн эзэн лусын хааны толгойн дүрс гэдэг бөгөөд их хаан умард хятадад дайтаж яваад нэгэн өдөр шар далайн эрэг дээр амарч байх зуураа их далайн лусын эзэн хаан уснаасаа цухуйн ирээд-Чингис хаанд харагдаж: - Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна. Харин ганцхан миний далайг л эзэлж хэзээ ч чадахгүй гэж хэлээд далд орчихжээ. Тэгээд п тэр цагаас хойш далайн эзнийг “Зээ бад” хэмээн нэрлэж түүний толгойн дүрийг Монголчууд биширч тэр амьтанаар орд харш, дуган сүмийнхээ үүдийг мануулдаг болсны дээр хөөргөнийхөө хоёр бөөрөнд зэн бадын дүрсийг сийлбэрлэдэг болсон гэдэг домогтой. Бас “Хүрээ дэг”тэй хүрээ хийдүүдийн лам нарын аймгуудын байрлал нь хийдийнхээ гол үүдний баруун хаяанд буй шүтээний аймгаас эхэлж цогчин дуган, гол орд харш, дуган сүмүүдийг нар зөв тойрч гол үүдний зүүн хаяанд буй Өрлүүд аймгийн байрлалаар төгсдөг байжээ.Зүүн хүрээний эдгээр 30 аймгийн 22-ын лам нарын гэр хороолол зүүн хүрээ, Гандан хийд хоёрт хуваагдаж, Гандантэгчилэн хийдийн тойронд суусан лам нар зүүн хүрээнд байгаа аймгийнхаа дуганд ирж хурал, номын ажилд оролцдог (гандан хийдэд нэгч аймгийн дуган сүм байхгүй) байснаас үзэхэд Гандантэгчилэн хийд бол мөн чанартаа зүүн хүрээний салшгүй хэсэг нь байсан бөгөөд энэ байдал 1837, 1838 оны үед V богдын өвлийн ордыг энэ дэнж дээр шилжүүлэн барьсантай уялдаж Гандэнтэгчилэн хийд үүсэн бүрэлдсэнтэй ч холбоотой. Бас зүүн хүрээний олонхи аймгуудын лам нарын хашаа Гандан хийдийн дэвсгэрт баригдах болж, зүүн хүрээний лам нарын гэр хорооллын өргөжилт саарсан байна. Зарим түүхт хүмүүсийн байрлалыг ХХ зууны эхэн үеийн байдлаар судалж үзвэл Мандшир хутагт Цэрэндорж, Дилов хутагт Жамсранжав нар Гандан хийдийн дэнж дээр, сэтгүүлч лам Бодоо зүүн хүрээний шүтээний аймгийн урдаасаа гуравдах гудамжинд Наваандондов гэгч айлийн хашаанд, 1912 онд Сэцэн хан аймгийн Ачит бэйс Сансрайдоржийн хошуунаас ирсэн Х.Чойбалсан, Бодоогийнд, Жавзандамба хутагтын их шавийн Чандмань отгийн лам Д.Чагдаржав Сэцэн тойны аймагт, Богдын шадар сайд лам Пунцагдорж да лам Дүйнхорын аймагт тус тус суудаг байжээ. Зүүн хүрээний гучин аймгийн дуган сүмийн хэлбэр, байршлыг одоогийн байдлаар харьцуулж үзвэл дугуй хэлбэртэй байна.

Зүүн хүрээ 30 аймгийн нэр - Дуган сүмийн хэлбэр - Одоогийн байршил:-1. Шүтээний аймаг - Модон гэр дуган - Байгалийн түүхийн музейн зүүн тал. 2.-Дэндэвлин аймаг - Томхон эсгий гэр - Мөн музейн зүүн хойно. 3. Жадарын аймаг - Дөрвөлжин тагтай шавар орой бүхий монгол сүм - Сүхбаатар дүүргийн номын сан. 4. Тойслун аймаг - Жадарын аймагтай ижил - Сүхбаатар дүүргийн номын сангийн баруун тал. 5. Дуйнхар аймаг - Жадарын аймагтай ижил - Сүхбаатар дүүргийн эмнэлэг. 6. Сэцэн тойны аймаг - Шүтээний аймагтай ижил - СУИС байр. 7. Андуу нарын аймаг - Шүтээний аймагтай ижил - Хонда засварын газар. 8. Дашдандэрлин аймаг - Шүтээний аймагтай ижил - Баянбүрд цогцолбор. 9. Маха маяа аймаг - Шүтээний аймагтай ижил - Дунд сургууль. 10. Жасын аймаг - Шүтээний аймагтай ижил - Дөлгөөн нуур цогцолбор. 11. Номчийн аймаг - Төмөр дээврийн модон гэр - Дөлгөөн нуур цогцолбор. 12. Сангай аймаг - Эсгий бүрээстэй модон гэр - Авто засварын газар. 13. Зоогой аймаг - Эсгий бүрээстэй модон гэр - Үйлдвэр урлагийн дээд сургууль. 14. Дугарын аймаг - Модон гэр дугантай - Нарлаг буудал. 15. Мэргэн хатан аймаг - Эсгий гэр дугантай - Хамалеон төв16 Чойнхорлин аймаг - Модон гэр дугантай - Монгол 3 дунд сургуууль. 17. Бизьяа аймаг - Мэргэн халбын аймагтай ижил - Биеийн тамир дээд сургууль. 18. Хүүхэн ноёны аймаг - Жадарын аймгийн ижил - Ардын эрх сонины газар. 19. Дархан эмчийн аймаг - Жадарын аймгийн ижил - Гаалын ерөнхий газар. 20. Эрхэмийн аймаг - Модон гэр дугантай - Одоо буй. 21. Эх дагинын аймаг - Модон гэр дугантай - Одоо буй. 22. Вангай аймаг - Модон гэр дугантай - Одоо Дашчойлин хийдийн гол дуган. 23. Хувилгааны аймаг - Модон гэр дугантай - Чингис хаан дээд сургууль. 24. Барга аймаг - Модон гэр дугантай - Дизайн сургууль. 25. Нандилин аймаг - Модон гэр дугантай - Залуучууд буудал. 26. Бандидын аймаг - Модон гэр дугантай - МУИС II байр. 27. Жамьяан сүнгийн аймаг - Модон гэр дугантай - МУИС II байр. 28. Мэргэн номын аймаг - Модон гэр дугантай - МУИС хойд талд. 29. Ла нарын аймаг - Модон гэр дугантай - МУИС ийн төв байрны хойно. 30.Өрлүүд аймаг - Модон гэр дугантай - МУИС-ийн төв байр.

1820-1825 оны үед Их хүрээний баруун талаар баруун дамнуургачин хэмээх харийн худалдааны иргэдийн хороолол үүссэн явдал өөр шашинтай харийн хүмүүсийг салхины дээд талд гаргахгүй гэсэн шарын шашны лам нарын дургүйцлийг хүргэв. Энэхүү дургүйцлээс болоод хүрээг дахин нүүлгэх юмуу эсвэл хутагтыгаа баруун дамнуургачны салхин дороос зайлуулж өөр “ариун” нутагт залах гэсэн эрмэлзлэлд хөтлөгдсөн хүмүүс V богд Жавзандамбад шинэ ордыг барьж түүнийг Гандангийн дэнж дээр залах үеэр их хүрээ 61 жил суурьшсан нутгаасаа нүүх болмогц тэнд байсан Дашчоймбол, Гунгаачойлин, Идгайчойлин, Ламирам, Бадам-Его дацангууд зүүн хүрээний нутгаас нүүж Гандантэгчилэн сүмийн хойд талаар ирж буухад, Дэчингомбо зурхай мамба жүд дацангууд Цогчинтойгоо хамт сэлбийн хүн чулууны хонхороос Толгойтын аманд нүүн очсон байна.

Тэгээд 10-аад жилийн дараа 1855 онд тэндээс дахин нүүж ирээд мамба нь Богдын шар ордны ар тал, зурхай, жүд хоёр нь цогчин дуганыхаа баруун талаар ирж буусан байдаг. Харин Майдар бурханы дуган 1839 онд нүүлгүй (1834 онд анх байгуулагдсан газраа чулуун барилга учир нүүх бололцоогүй учир) нутаг дээрээ үлдээд 1855 онд Хүрээ эргэж ирснээр дахин бэхэжсэн байдаг.

Оросын аялагч Г.Н.Потанин 1891 онд "Всемирная иллюстрация" №1178 дугаар сэтгүүлд "Урга" буюу Өргөө хэмээх нийтлэлдээ -" Четверть нaceлeния или даже около половины его состоит из буддийских монахов, другая половина из купцов ­китайцев......" /хотын дөрөвний нэг нь бүүр тал нь шахуу бурханы лам нар нөгөө тал хэсэг нь хятад худалдаачид байдаг/ гэжээ. Майдар бүрхан залсан ганц байшин өөр байшин үгүй, чулуун байшин огт байхгүй, модон хашаатай, хятадуудын байшин мөн модон боловч шавардсан байдаг. Гудамжинд үхсэн нохой, муурны зэм хаа сайгүй хэвтэнэ гэжээ.