Зүүн жанжин чойрын хийд

Зүүн Жанжин Чойрын хийд

засварлах
 
Зүүн Чойрын хийд, 1923 он

Түшээт хан аймгийн Боржигин хошуунд буддын олон арван хийд жас байсны нэг нь энэхүү хийд юм. Зүүн жанжин Чойрын /Балдандашгомлин/ хийдийг 1779 онд Боржигин цэцэн вангийн хошууны дөрөв дэх Засаг Бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол Сансар уулын баруун энгэр Марцын хоолой гэдэг газарт «Балдандашгомлин» нэртэйгээр гол Чойр Жүд мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай 1500 орчим ламтай байгуулагдан бурхны ном буяны үйлээ таслалгүй явуулсаар 1938 оны их хэлмэгдүүлэлтээр устан одоо зөвхөн хийдийн туурь л үлдсэн байдаг. Баруун Чойр /Жанчивдэчилэн/ нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Мушгиа зандан гэдэг газар төвлөрсөн халхын томоохон хийдүүд байжээ. Хоёр Чойрын хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд үлэмж мэргэшсэн олон арван зохиол бүтээл туурвиж 1-3 боть сүмбэм бичсэн мэргэд олон төрж гарчээ. Зүүн Баруун Чойр нь Майдар эргэх, Дүйнхор, Цахар гэдэг цамтай байсан гэдэг. Эдгээр хийд нь гар урлал, худалдаа, соёлын төв байсаар 1938 онд устжээ. Баруун Чойрын хийдийн ловон багш гэж олноо алдаршсан Агваанданзанням нэг боть 50 гаруй номыг төвд хэл дээр зохиосон байдаг. Зүүн Чойрын тав дахь хамба «Лам эрдэнэ» хэмээн алдаршсан Гончигдамбил үлэмж увидас чадвартай нэгэн байсан ба өөрийгөө бурханчилж зурсан зураг нь өөрийнх нь шатсан гэрийн буурин дээрээс олдсон ба огтхон ч сэв суулгүй зүгээр гарч ирсэн ба одоо Гандантэгчилэн хийдэд байдаг байна. 1993 онд улсын хамгаалалтанд авчээ. Эрчүүдийн шүтээн, цог хийморийн билэгдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулахыг ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй хэмээн шүтэгч Хүүхдийн овоо нь аливаад тэгш дүүрэн гэр бүлийг баттай амар амгалан оршоох хийгээд хүүхдийн эрүүл мэндэд үлэмжийн өршөөлтэйн дээр айлын ганц хүүхдийн амь болоод хийморь сүлдийг тунгалаг өргөх тусыг агуулдаг хэмээн шүтсээр иржээ. Энэ гурвалыг сүсэглээд дээрх газруудаар мөргөж хүндэтгээд ирэхэд аравнай шүншиг адис жанлав тэгширч лус аргадах тэнгэрлэг шүтээний авралд багтаад ирдэг гэсэн домог яриа байдаг.