Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци буюу “Вашингтоны конвенци” (англ. CITES, Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) нь 1973 онд АНУ-ын Вашингтон хотноо гарын үсэг зурж, 1975 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба одоогоор дэлхийн 182 орон (талууд) нэгдэн ороод байгаа конвенци юм. Уг конвенцийн зорилго нь зэрлэг амьтан, ургамлын аль нэгэн зүйл олон улсын худалдаанд хэт их хэмжээгээр ашиглагдаж, устах аюулд орохоос хамгаалах явдал бөгөөд тухайн зүйлийг хамгаалахын зэрэгцээ олон улсын хяналт зохицуулалттай худалдах зорилготой. Тиймээс энэхүү конвенцид устах аюулд орсон хамгаалах шаардлагатай зэрлэг амьтан ургамлыг гурван бүлэгт хувааж, тус бүрт нь олон улсын худалдааны хяналт тогтоодог.

ХавсралтуудЗасварлах

I хавсралтЗасварлах

Олон улсын худалдаа нь тухайн зүйлийн оршин тогтноход нөлөө үзүүлж байгаа, эсвэл гөлөө үзүүлж болох, устах аюулд орсон бүх зүйл хамаарна. I хавсралтад орсон зүйлийн худалдааг хатуу хяналт зохицуулалттайгаар явуулдаг бөгөөд арилжаа наймааны зорилгоор худалдаалахыг үндсэндээ хориглож, судалгаа шинжилгээний зорилгоор экспортлох болон импортлоход экспорт, импортын бичгийг хоёуланг нь бүрдүүлэхийг шаарддаг.

II хавсралтЗасварлах

Эдүгээ устах аюулд ороогүй ч тухайн зүйлийн цаашид оршин тогтноход харшлахаар ашиглалт явуулахгүй байх үүднээс олон улсын худалдааг хяналт зохицуулалттай явуулахгүй бол устах аюулд орж болзошгүй зйүлүүд багтдаг. II хавсралтад багтсан зүйлүүдийг арилжаа наймааны зорилгоор худалдаалж болох бөгөөд экспортлох болон импортлоход экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлэхийг шаарддаг.

III хавсралтЗасварлах

Аль нэгэн тал өөрийн улсын нутаг дэвсгэрийн дотор зохицуулах шаардлагатай гэж тодорхойлсон ба тэдгээрийг худалдаалах явдлыг хянахад бусад талуудтай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа зүйлүүд багтана. Экспортлох, импортлоход гарал үүслийн гэрчилгээ болон III хавсралтын тухайн зүйлийг оруулсан улсаас экспортлож байгаа тохиолдолд экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлэхийг шаарддаг.

CITES МонголдЗасварлах

Монгол улс уг конвенцид нэгдэн орох тухай хуулийг УИХ-аас 1995 оны 5 сарын 4-ний өдөр батлан гаргасан бөгөөд 1996 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс 131 дахь гишүүн орон болсон билээ. Монгол улсаас энэ конвенцийн I, II хавсралтад 14 зүйл хөхтөн, 71 зүйл шувуу, 8 зүйл ургамал, 2 зүйл загас, шавьж, мөлхөгч тус бүр нэг зүйл багтсан.