Зангиа хутагт буюу Жанжаа хутагт, Өвөр монголын шашны тэргүүн, Монгол улсын/ хуучнаар Ар Монгол/ Жавзандамба хутагтын хамт Монгол орны хоёр том хутагт хэмээн өргөмжлөгдсөн. Далай лам, Банчин богд /Банчин эрдэнэ/, Жавзандамба, Заигиа нар нь Бурхны шашны Гэлүгбийн урсгалын дөрвөн том хутагт хэмээдэг. Зангиа хутагт нь анх Энэтхэгт төрсөн ба тавдугаар дүрээс эхлэн Төвд оронд төрөл авч 13-р дүрээс эхлэн энэхүү Зангиа хэмээх цолыг хэрэглэх болсон. Монгол оронд ихэвчлэн Төвдөд төрсөн анхы дүрийг нь 1-р дүрийн Зангиа хутагт хэмээн үздэг.

1- р дүрийн Зангиа хутагт Дагва-Осор /1607-1641/ Хөхнуурт төрсөн. Бага насандаа Төвдөд ном сурч байхаа авъяал билиг, эрдэм ухаанаар олноос ялгарч маш олон гайхамшигийг үзүүлж байсан тул 5-р Далай лам энэхүү бандийг Зангиа хутагтын хувилгаан болохыг тодруулсан.

2- Р дүрийн Зангиа хутагт Агваанлувсангойндан /1642-1715/ Хөхнуурт төрсөн. Банчин богд хоёрдугаар дүрийн Зангиа хутагт болохыг нь тодруулж байсан. 1693 онд Манж чин улсын засгийн газраас “Засаг лам” цол олгон говийн өмнөд монголын шашны үйл хэргийг хариуцуулж 1705 онд хутагт цол олгосон. Энэ дүрийн Зангиа хутагт нь 8 настай Бээжин хот орж шашны номд сайтар суралцаж төгссөн ба хаан болон хатад, үр хүүхдүүд, төрийн түшээд нарт ном айлддаг байжээ. Хаантан хутагтыг гүн хүндэтгэдэг байсан нь хутагтын айлдлыг эгэл хүмүүний адилаар сөхдөн сонсдогоос илт харж болох юм. Түүнчлэн Зангиа хутагт нь Далай лам, Банчин эрдэнэ, Жавзандамба зэрэг Гэлгүбийн урсгалын бусад гурван хутагт болон хаан төрийн хоорондын холбоос болж байсан нь яахын аргагүй үнэн билээ.

3- Р дүрийн Зангиа хутагт Ролбидорж, /1716-1786/ Бурхан шашны алдарт бүтээл “Ганжур”, “Данжур”-ийг Төвд хэлнээс Монгол Манж хэлэн орчуулах ажилд гар бие оролцсон суут хутагтын нэгэн яахын аргагүй мөн билээ. Мөн Санскрит тарнийг тэмдэглэдэг Манж үсгийг зохиосон. 1736 онд улсын их багш өргөмжилсөн. 1792 оноос Манжийн засгаас Зангиа хутагтыг алтан бумбаны сугалааны дүрмээр хойд дүрийг нь тодруулах журмыг гаргасан.

4- Р Зангиа хутагт /1787-7846/ Ишдамбийжалцан, Хөхнуурт төрсөн. Шашин номы үйл хэргээр Төвд оронд олон удаа морилсон ба Монголын олон аймаг хошуудаар явж буяныг дэлгэрүүлж байсан.

5- Р Зангиа хутагт /1849-1875/ Ишданзаннаям, Хөхнуурт төрсөн. 6- Р Зангиа хутагт /1848-1888/ Ишданзанжамц, Хөхнуурт төрсөн.

7- Р Зангиа хутагт /1891- 1957/ Лувсанбалдандамбийжигмэд, Хөхнуурт төрсөн. Өвөр 49 хошуу болон Хөхнуурын 29 хошууны шашны тэргүүн тэрээр Төвд, Хөхнуур, Өвөр монгол, Халуун гол, Лио нин, Бээжин, Утай зэрэг газруудад 300 харъяат сүм хийдүүдтэй. 1912 онд Хятадад өрнөсөн “таван үндэстэн найрамдах”, шашны эрх чөлөө зэрэг хөдөлгөөний үеэр Юан ши кай Хятад иргэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдож Зангиа хутагтад цол олгож байсан. 1924 онд Хятадын зүүн хойд мужийн сүсэгтэн олны урилгаар заларч 100,000 гаруй хүмүүст сахил хүртээсэн. 1930 онд Монгол Төвдийн хорооны гишүүн болсон. 1931 оны Японы арми Хятадын зүүн хойдын мужийг эзэлсний дараа Хятад иргэн улсын засгаас Зангиа хутагтын Өвөрлөгч түмний сэтгэл зүрхэн дэх өндөр байр суурийг ашиглан өөрийн элч төлөөлөгчөө болгон Өвөр монголд илгээж Өвөр монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Чингис хааны алтан ургийн жүн ван Шилийн голын Дэмчигдонров буюу Дэ вангийн эсрэг барьж байсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. 1937 онд бүх хятадын японы эсрэг дайн эхлэхэд Зангиа хутагт Утайд байсан. 1947 онд Хятад иргэн улсын засгаас түүнд “Төрийг хамгаалагч их хутагт багш” цол хайрласан ба улс ардын их хурылын гишүүнээр сонгогдсон. 1948 онд ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөхөөр ажилласан. 1949 онд Тайван руу гарсан. 1957 оны 03-р сарын 04 ны өдөр 67 насан сүүдэр дээрээ нирваан дүрийг үзүүлсэн.