Жүүрёо
Жүүрёо (Япон: 十両, じゅうりょう) гэдэг нь мэргэжлийн сүмогийн банзүкэ дэх зиндаануудын нэгэн бөгөөд макүүчигийн дараа хоёрдугаарт орох зиндаа болно. Жүүрёо болон макүүчи зиндааны сүмочид сэкитори гэгдэж, сар бүр цалин авах эрхтэй болдог байна. Мөн үндсэн тэмцээнд жүүрёо болон макүүчи зиндааныхан 15 өдрийн турш өдөр болгон барилддаг. Макүүчи зиндааны барилдаанд бөх сондгойрох тохиолдолд жүүрёо зиндааны дээгүүр эрэмбэтэй сүмочид макүүчи зиндаанд гарч барилдах тохиолдол бий.
Ерөнхий ойлголт
засварлахМэйжи эриний үед бөхчүүдийн цалингийн систем бий болоход шинээр үүсгэсэн зиндаа бөгөөд тэр үед макүшитагийн эхний 10 дотор эрэмбэлэгдсэн бөхчүүдэд сар бүр тодорхой хэмжээний цалин олгох болсон байна. Тэр нь жүүмаймэ буюу эхний 10 гэсэн нэртэй болжээ. Гэхдээ жүүмаймэгийн 2-р бөх гэвэл "жүүмаймэ нимаймэ" гэж, хэлэхэд төвөгтэй болох тул тэр үеийн цалин болох "10 рёо" буюу жүүрёо хэмээн нэрлэх болжээ. 2004 оны 1 сарын тэмцээнээс зүүн, баруун жигүүр тус бүр 14, нийт 28 сүмоч жүүрёо зиндаанд байх болсон. Харьцангуй цөөн бөхтэй тул гарамгай амжилт үзүүлбэл доод хэсгээр эрэмбэлэгдсэн байсан бөх ч зиндаа ахих боломжтой. Эсрэгээр, муу амжилт үзүүлбэл дээд хэсгийн бөх ч зиндаа уруудах магадлалтай гэсэн үг.
Жүүрёо зиндаанд нэг удаа ч гэсэн эрэмбэлэгдэж байсан бол зодог тайлахдаа ихээхэн хэмжээний тэтгэлэг авах эрхтэй болдог. 1998 оны Наганогийн олимпын үеэр сүмочид оролцогч орнуудын тэргүүнд жагсах үүрэг хүлээхэд макүүчи, жүүрёо зиндааны бөхчүүдээс гадна жүүрёод барилдаж байсан бөхчүүд ч оролцож байсан нь түүнийг илтгэнэ.
Цалин мөнгөний хувьд ч доод зиндааныхнаасаа ихээхэн ялгаатай тул бүгд зиндаа уруудахгүйг хичээн барилддаг тул тэмцээний сүүлээр муу амжилттай яваа бөх үзүүр түрүүний өрсөлдөөнд багтаж яваа бөхийг ялах тохиолдол элбэг. Иймээс макүшита зиндаа уруу унах бөх тун цөөхөн гарч, макүшитагийн дээгүүр эрэмбэтэй бөхчүүдээс сайн амжилт үзүүлсэн ч зиндаа ахиж чадалгүй үлдэх тохиолдол олон гардаг. Энэ нь "тохиролцсон барилдаан" хийдэг гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлүүлэх нэгэн шалтгаан болдог билээ.
Шинээр жүүрёо зиндаанд дэвших болсон бөхчүүдийг банзүкэ зарлахыг хүлээлгүйгээр, башо дууссаны дараах хуралдаанаар шууд зарладаг. Энэ нь гоёлын маваши зэргийг бэлдэхэд их цаг ордгоос үүдэлтэй. Гэхдээ албан ёсоор банзүкэ зарлагдах хүртэл макүшитагийн бусад бөхчүүдтэй адил хэмжээнд үзэгддэг.
Мөн жүүрёо болон макүүчид 30-аас олон башо барилдсан бөх (хуучин дүрмээр 25) зодог тайлсныхаа дараа нэр авч, сүмогийн холбоонд үлдэх эрхтэй болдог. Гэхдээ дэвжээ өвлөн авах тохиолдолд 20 башо барилдсан байхад хангалттай. Одоогоор дэвжээний эзэд дунд хамгийн дээд цол нь жүүрёо байсан 2 ояката байгаа нь Миягино ояката (хуучин жүүрёогийн 2-р бөх Канэчика) болон Фүтагояма ояката (хуучин жүүрёогийн 4-р бөх Дайрюү) нар юм.
Одоо мөрдөгдөж буй банзүкэ тогтоох системийн дагуу, мэргэжлийн сүмод орсон бөх дор хаяж 6 тэмцээнд барилдаж байж (Санданмэ хүртэл тус бүр 1, макүшитад 2) жүүрёо зиндаанд дэвших боломжтой байдаг. Оюутны ёкозүна зэрэг тусгай эрхтэй бөхчүүд макүшитагийн 10, 15-д давхар эрэмбэлэгдэж мэргэжлийн сүмогийн гараагаа эхлэх боломжтой байдаг тул жүүрёогоос унах бөхийн тоо зэргээс шалтгаалан, нэг ч уналгүй түрүүлсэн тохиолдолд ганцхан тэмцээнд барилдаад жүүрёо зиндаанд дэвших боломж бий. Гэхдээ одоогоор 2006 оны 5 сарын тэмцээнд Шимода 15-д давхар эрэмбэлэгдэн гараагаа эхэлж, нэг ч уналгүйгээр макүшитад түрүүлсэн хэдий ч жүүрёогоос зиндаа уруудах бөх гараагүй тул 1 башо барилдаад жүүрёо цолд хүрч чадаагүй цорын ганц тохиолдол л гараад байгаа. Өмнө нь тусгай эрхтэй бөхчүүд макүшитагийн 60-аас эхэлж барилддаг байх үед Важима, Нагаока, Мүсоояма, Миябияма нарын 4 бөх 2-хон тэмцээн зарцуулан жүүрёод дэвшиж байжээ.
Жүүрёод хамгийн олон башо барилдсан бөхчүүд
засварлах- 2009 оны 9 сарын тэмцээний дараах байдлаар
- Тодруулсан үсгээр хамгийн дээд цол нь жүүрёо, налуу үсгээр одоо барилдаж буй бөхчүүдийг тэмдэглэв.
Байр | Жүүрёод барилдсан башогийн тоо |
Шикона |
---|---|---|
1 | 55 | Оошио Кэнжи |
Хачияа Тошиюки | ||
3 | 54 | Точи-Исами Ёшихарү |
4 | 51 | Даймонжи Кэнжи |
Асанобори Тошимицү | ||
6 | 50 | Дайрюүгава Казүо |
7 | 48 | Китазакүра Хидэтоши |
8 | 47 | Дай-Оо Ёшинобү |
Хакүрюү Хироши | ||
10 | 46 | Ойтэяма Хирокүни |
- Таманоүра (хожмын Рёогокү Кажиносүкэ) нь Шүнжүүэний хэргээс болж олон сүмоч Сүмогийн холбоог орхисноор Макүшитагийн 3-аас шууд барууны 7-р маэгаширад эрэмбэлэгдэж, зодог тайлах хүртлээ макүүчид барилджээ. Ийнхүү тэрээр Шоова эринээс хойших бөхчүүд дунд жүүрёод барилдаж үзээгүй цорын ганц сүмоч хэмээх өвөрмөц амжилтын эзэн болж түүхэнд үлдсэн юм.