Алтайн урианхайн домогт бөх Жумаг. 1910-аад оны үед амьдарч байв.

Жумаг 20 насандаа нэгэн жил Урианхайн хошуу наадамд барилдаж шөвгийн дөрөвт баруун амбаны 3 бөхтэй үлдээд, тэднийг цувуулан хаяж түрүүлэхэд амбан: "Үзүүрийн хоёр бөхийг дахин барилдуул" хэмээн тушаажээ. Дахин барилдахад Жумаг амбаны бөхийг хоёр гарын үзүүрээр өргөж, асрын өмнө ирж ар нуруугаар нь тавиад буцахад наадамчин олон Жумагийн хүч чадалд бишрэн гайхаж шуугилдан байв. Тэр үед Урианхай болон баяд, өөлд, дөрвөд, торгуудын олон хошуунд Жумагийн зодогноос барих хүн байсангүй.

Тэрбээр нэг удаа арван нэгэн сарын үед айлын идэш дээр очиход нас бие гүйцсэн амбан  шар төхөөрч байжээ. Шарын мах эвдэж байтал хоёр морьтой хүн ирж мэнд усаа мэдэлцээд "Танай энүүгээр чөдөр чиргүүлсэн хээр  морь өнгөрсөн үү" гэж асууж гэнэ. Байсан хүмүүсээс үзсэн хүний дуу гарсангүй. Тэгтэл шарын гуя салгаж суусан Жумаг: "Өглөө тэр доор цагаан түнгийн цаана хойд хөлөндөө чөдөр чиргүүлсэн хээр морь байсан" гэж салгасан шарын гуя нэг гартаа бариатай чигээрээ заасан гэнэ. Энэ үед тэнд байсан хүмүүс цөм гайхацгаан бөх Жумагийн бяр чадлыг гайхаж гэнэ.

Жумаг нь гэр бүлгүй, ганц бие, хааяа “хазаар гүйлгэчихдэг” шилийн сайн эр байжээ. Жумаг нэг удаа амбаны адуу дамжуулсан хэрэгт баригдан, хоригдож байгаад хар гэрээс нь оргож, манжийн хааны баруун мужид тэнэж байгаад торгууд вангийн хорьж цагдсан Атны таван салаа гэдэг уулнаас буга алж, морио чөдөрлөж байж дээр нь тавьж дүүрээд буугаа барьсаар уулнаас бууж яваад баригдан торгууд ванд хүргэгдэн иржээ. Ван нэр алдрыг нь асуувал, Урианхайн бөх Жумаг гэж нуулгүй үнэнээ хэлжээ. Тэгэхэд ван: "Чи миний цагдсан газраас ан хийжээ. Үүнээс хойш битгий энэ ууланд явж байгаарай. Унаган албат минь биш болохоор чамд ял оноохгүй. Харин баруун амбанд мэдэгдэж хэл чимээ ирэх хүртэл хорьж цагдана" гэжээ. Тэгээд "Танай албат Жумаг нь харь газарт хулгай дээрэм хийж, амбан таныг өр төлбөрт оруулж магадгүй" гэсэн зар бичгийг баруун амбанд явуулжээ. Тэд торгууд вангийнхаас Жумагийг авахаар 2 тахар явуулжээ. Ингээд Ховдын амбанд хүргэхээр шийдвэрлэж дөрвөн настай үхрийн арьс дэвтээж байгаад нойтноор нь түүний биед ширлэж, хоёр тахараар харгалзуулан явуулсан байна. Явах замд хоёр тахараас “Бөөс хуурсандаа баригдаад ах нь хэцүү байна, ширийг минь суллаад Ховдод ойртох үед дахин ширлэж амбанд тушааж өгөөч” гэж гуйжээ. Тэгэхэд нь “Чи тийм сүрхий бөх юм бол зад татаад гараад ирэхгүй юу” гэж егөөджээ. Гэтэл тэрээр  “Би төрийн хуулинд баригдаж яваа болохоос биш, дөнөн үхрийн арьсанд хүлэгдэж яваагүй шүү” гээд нэг гүнзгий амьсгаа аваад цээжээ хүчлэн түрээд ширийг нь зад татан гараад ирж гэнэ. Ингээд нөгөө хоёр тахар “Утсын чинээн улаан амийг минь өршөө” гэж мөргөн гуйжээ. Тэгэхээр нь Жумаг “Юун ч тасарчихмаар хямдхан амь бэ, та хоёроос суллаад өг л гэж гуйсан болохоос, оролдох санаа ч алга” гээд хамт явсан байна.

Жумагийн чулуу

Баруун амбанд хүрэхээр Булган гол өгсөж явах замдаа "Өмнө цөөгийн ам"-нд хоол унд хийж идэцгээн, морьдоо идээшлүүлэн амрах зуур Жумаг "За би насаараа ганц бие явлаа. Үр хүүхэд ч алга. "Нааш цааш Булган голыг өгсөж уруудсан урианхай, торгууд ард түмэн намайг үеийн үед дурсаж яваг" гэж хэлээд нутгийн зүг чиг заадаг овоотой дэнж дээр ижилхэн гурван чулууг тулга хэлбэрээр чандмалан байрлуулаад, дээр нь Булган гол дотроос том шархал чулууг нэг ч амралгүйгээр өргөж ирээд тавьжээ. Ингэхдээ чулууг аргамжаар боож, хүзүүндээ уяад, нүдээ мориныхоо тохмоор татаж боолгоод хоёр гараараа чулууг давхар хаман барьж, хоёр тахараар замчлуулан толгод өгсөж очсон гэдэг. Энэ нь одоогийн Ховд аймгийн Булган сумын Баянсудал 2 дугаар багийн нутаг "Өмнө цөөгийн ам" гэдэг газарт бий. Хэт хүнд зүйлийг хүч гарган өргөхөөр хүний нүд бүлтэрдэг тул хамгаалах зорилгоор ийнхүү морины тохмоор нүдээ боолгосон ажээ. Энэ чулуу нь диаметрээрээ 1.10 метр, өндөр нь 1.2 метр орчим, хоёр ширмэн тогоог амсраар нь нийлүүлэн тавьсан юм шиг бөөрөнхий хэлбэрийн чулуу бий. Нутгийнхан энэ чулууг Жумагийн чулуу гэж гэдэг. Жумагийг ийнхүү баруун амбанд аваачихад, амбан гарыг нь гавлаж: "Чи үнэхээрийн хүчтэй юм бол энэ гавыг эвдэл. Тэгвэл чамайг цаазнаас өршөөе " гэхэд, Жумаг гавтай гарынхаа завсраар өвдгөө оруулж байгаад хүчлэн жийхэд гав тас үсэрч, хугархай нь гэрийн хананы толгойд тусч улмаар хананы мод хугарч байжээ. Үүнийг үзээд амбан "За Жумаг чи үнэхээр хүчтэй юм. Үүнээс хойш харь газар битгий тэнэж бай. Миний албат хошуу нутагт ямар ч хэрэг хийсэн чамд цаазгүй" гэж зарлиг буулган, дархлан тавьжээ.

Энэ цагаас хойш Жумаг насан эцэс болтлоо төрсөн нутагтаа амьдарсан байна. Жумаг нь Олноо өргөгдсөн Монгол улсын үед буюу 1910-аад оны үед Урианхайн долоон хошууны Дархан гүний хошуунд амьдарч байсан бөгөөд энэ хошууны нутаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумдын нутгийг хамарч байв.