Жингээгийн Жономаа
Ахмад дайчин Б.Хонжоо гуай тэр үед ийм нэгэн дурсамжийг үлдээжээ. “1947 онд манай морин дивизион энд ирсэн. Н.Жамбаагийн застав манай урд байлаа. Энэ Хужиртын эхэнд надтай хамт байлдаж байсан найман хүний шарил бий. Тэр үед яг юу болсон бэ гэхээрУлаанбаатараас баахан офицер ирсэн юмдаг. Хятадын цэргийн тоог тогтоох зорилготой гэлцэх. Тэд Хужиртын заставт нэг винтовоо мартчихсан байлаа. Намайг түүнийг авчир гэж явуулсан юм. Тэгээд Хужиртын эхэнд ийм явдал болсныг дуулсан. Тэр үед бараг шөнө бүхэн дайснууд дайрна. Олон ч сайхан эрс амь үрэгдсэн дээ. Нэгэн шөнийн байлдаанд заставын туслах Дорж гэдэг хүн сум зөөгч хийж байгаад түүнийгээ хүргэж өгөлгүй замдаа хаячихаад ухарсан байв. Ингээд хээрийн шүүхээр орж, яг энд цаазаар авахуулсан. Энэ үеэс хойш нэг хэсэг тулалдаан намжсан юм. Харин нэг өдрийн тулалдаанд Жамабалхан гэдэг казак дарга долоон цэргийн хамт элгэн хад бүхий бяцхан толгод өөд авиран давшиж, дайсны гар бөмбөгөнд өртөөд бүгд амь үрэгдсэн юм. С.Дамдинсүрэн Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн, Ж.Жономаа Увс аймгийн Малчин сумын харьяат, М.Чимэд Увсын Тэс, П.Зодов Өвөрхангай, П.Готов Говь-Алтайнх. Л.Жаргал Ц.Рааш нар хаанахынх болохыг мэдэхгүй. Сая шарилыг нь эргэх гээд очтол тэртээ хилийн цаана харагдлаа. Мөн сонин юм даа. Ах дүүс нь Хятадад очиж байж л тэднийхээ шарилд хүндэтгэл үзүүлэх болж байх шиг”. Тэрбээр ийн өгүүлээд чимээгүйхэн мэгшсэн. Хилийн зурвасаас хоёр километрийн цаана үнэхээр нэгэн элгэн хад, түүний өвөр дор найман овгор шороо харагдав. Ийнхүү дарийн утаа хамт үнэрлэж явсан дайчин нөхдийн шарилаа эргэх гэсэн түүний мөрөөдөл ийнхүү тэр өдөр биелэгдээгүй.