Жанрайсаг бурхан
Жанрайсиг бурхан- (Монголоор Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч хэмээдэг. Төвдөөр: Жэнрэзиг гэх агаад “жэн” -мэлмий, “рэ” - тасралтгүй, “зиг” -харах гэсэн утгыг агуулдаг учраас нийлээд “Мэлмийгээр болгоогч” хэмээх утга агуулдаг байна).
Жанрайсиг бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан байдаг тул замбуутивийн амьтан бүрийг нирваанд хүргэхийн тулд дээдийн дээд амгаланд залрахаа хойшлуулсан гэдэг. Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил тахиж дээдэл хэмээн сургадаг ажээ.
Жанрайсиг бурханд зургаан үлэмж чанар байх агаад тэдгээр нь агуу их нигүүлсэл, агуу их хайр, арслангийн зориг зүрх, хорвоог гийгүүлэгч гэрэл, тэнгэр бурхадын манлай, хаа сайгүй орших увидас болно. Эл зургаан чанар нь там, бирд, адгуус, хүн, асури, тэнгэрийн 6 орны саад тотгорыг арилган сансрын хүрднээс чөлөөлсөн байна. Нэгэн домогт, Жанрайсиг бурхан хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангарагласан тул хичнээн чармайн зүтгэвч зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр байсаар байжээ. Тэдгээр олон амьтны зовлонг гэтэлгэх гэж, аврал эрсэн амьтан бүрт хүрч туслах гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагдан, хоёр мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Амитаба бурхан эл байдлыг үзээд зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ хэмээдэг. Тийм учраас Жанрайсиг бурханыг “найман аюулаас аврагч”, “дөрвөн аюулаас аврагч” гэх мэтээр нэрлэж найман мутар, дөрвөн мутар зэрэгтэйгээр дүрсэлдэг. Жанрайсиг бурхан нь хүмүүний мэлмийг сайжруулагч бурхан бөгөөд эх болсон зургаан зүйлийн амьтан ямар нь яаж зовж байгааг өөрийн мэлмийгээрээ бүлтийтэл харж байдаг хэмээн ярилцдаг. Жанрайсиг бурханы зүрхэн тарни бол маанийн зургаан үсэг буюу “Ум ма ни бад ми хум” юм.
Жанрайсиг бол амьтан хүнийг тэтгэж, тэдний жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган ариусгаж, буян хишгээ дэлгэрүүлэх тангарагтай энэрэл нигүүслийн бурхан юм. Бурхдын энэрэн нигүүслэх сэтгэлээр нэг дүр бүтээе гэвэл Жанрайсиг бурхан шиг дүр гарах юм гэдэг. Тиймээс Жанрайсигийг бурхдын энэрэн нигүүслэх сэтгэлийг өөртөө шингээсэн гэж үздэг байна. Жанрайсиг бурхан нь Мянган мутарт Жанрайсиг, Зөөлөн цогт Жанрайсиг, Найман аюулаас аврагч Жанрайсиг, Хасарваань Жанрайсиг гэх мэт гуч гаруй дүртэй байдаг. Гандан хийдийн хоймор дуганд буй өмнөх хоёр гараараа тарнийн чагжа тэмдэг зохион, хойд хоёр гартаа бумба, рашаан барин цэцгэн мандал дээр босоо зогсох наян тохой өндөр Жанрайсиг бурхныг мэлмий нээгч Жанрайсиг гэдэг. Мигжэд Жанрайсиг нь сэтгэлийн хамаг энэлэл шаналлыг арилгаж, нарны гэрлээс ч хамаагүй хүчтэйгээр хүмүүст ивээлээ хүртээдэг ажээ.
Мигжэд Жанрайсиг бурхныг бүтээн залсан түүх: Богд Жавзандамба хутагт 1911 оны хавар Түшээт хан аймгийн жанжин Ханддоржийн хүрээний Хамба номон хан, Эрдэнэ Шанзов нарт өөрийн хараа муудсаныг хэлүүлжээ. Чин ван Ханддорж ямар зүйлийн авралаар түргэн эдгэрэх тухай асуухад Богд хаан Мигжэд Жанрайсиг бурхныг наян тохой хэмжээтэй бүтээвээс нэн сайн хэмээсэн байна. Ингээд Мигжэд Жанрайсиг бурхныг бүтээсэн гэх яриа ард түмний дунд түгээмэл байдаг. Харин хамба Хархүүгийн Гаадан бүтээлдээ “1911 оны 12 дугаар сарын 16-нд Богд гэгээн Монголын хаан ширээнд өргөмжлөгдөж, өөрөө оролцсон Засгийн газар байгуулжээ. Шинэ Монгол Улсын хаан Богд гэгээн Монгол Улс тусгаар болсны түүхэн дурсгалд зориулж, ард түмний улс төрийн мэлмий нээгдсэнийг бэлэгдэж Мигжэд Жанрайсиг бурхан бүтээсэн...” хэмээжээ.
Мигжэд Жанрайсиг бурхан гучин тохой буюу 26.5 метр өндөртэй. Ийм том бурхныг нэг газар бүтээж болохгүй учраас толгой цээж, хөлөөр нь салгаад гурван газар бүтээсэн гэдэг. Мигжэд Жанрайсиг бурхныг бүтээхэд 1200 лан алт (45 кг), 1500 лан мөнгө, 400 гаруй эрдэнийн чулуу, их хэмжээний сайн чанарын аранжин зэс орсон байна. Мигжэд Жанрайсиг бурхны дуганы хамт бүтээхдээ арван мянган Аюуш бурхнаар тойруулж, мянган зэс барын Жадамба хөлгөн судар залсан гэдэг.
Мигжэд Жанрайсиг шүтээн хэлмэгдсэн нь: Монголын түүхэнд хараар тэмдэглэгдсэн 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганд 700 гаруй сүм хийд, бурхан шүтээн нэрвэгдсэний нэг нь Мигжэд Жанрайсиг юм. Лам хуваргууд нь баривчлагдаж, сүм хийд нь эзгүйрэн байсан тэр үед нэг л өглөө Мигжэд Жанрайсиг ор сураггүй алга болсон байна. Жирийн хүн хулгайлж чадамгүй асар том эл бурхныг оросууд салгаж задлаад авч явсан гэх таамаг байдаг боловч яг тэгсэн гэх баримт ерөөс олдоогүй байна.
Мигжэд Жанрайсиг бурхныг дахин бүтээж залсан тухай: 1991 оны 2 дугаар сарын 13-нд Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай П.Очирбат Ерөнхийлөгчийн зарлиг гаржээ. Ингээд 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Мигжэд Жанрайсиг дуганыг дахин засварлах ажлыг эхлүүлсэн байна. Дуганыг засварлахдаа анх байгуулагдсан хийц болоод бэлгэдлийн урамжлалыг хадгалж, анхны байдлаар нь сэргээн засварлахыг зорьжээ. Ноён уулнаас залж авчирсан гэх дуганы дөрвөн том баганыг солихгүй харин ган төмөр бэхэлгээгээр сайн бөхөлжээ. Үүний дараа нэг түмэн Аюуш бурхан бүтээж дугандаа залсан байна. 1992 оны хавар Засгийн газрын тогтоол гарч, буянаар бурхан бүтээх ажил эхлэн хаврын тэргүүн сарын шинийн гурван буюу 1993 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг буяны өдөр хэмээн тогтоожээ. Их бурхан бүтээн залах үйлст Монгол Улсын ард түмэн бие сэтгэлээрээ оролцож хандив цуглуулжээ. Ийнхүү их бурхны лагшинг монголчуудын есөн эрдэний нэг хэмээн дээдэлдэг зэсээр бүтээсэн байна. Мигжэд Жанрайсиг бурхныг бүтээхэд 19 тонн зэс оржээ. Жанрайсиг бурхны магнайн гэрэлт шигтгээг бүхий л эрдэнийн чулууны дээдээр хэлхэн бүтээсэн байна. Гэрэлт шигтгээг Монгол Улсын 21 аймгийн нутгаас дээжлэн цуглуулсан 21 төрлийн чулуугаар урласан байна. Нийтдээ Мигжэд Жанрайсигт 2286 эрдэнийн чулуу, 5х5 см хэмжээтэй 76 мянган ширхэг хуудас алт оржээ. Их шүтээнийг шүншиглэх ажил бүрэн дээссаны дараа улаан хулгана жилийн намрын дунд улаагчин тахиа сарын наймны цагаан бич өдөр буюу 1996 оны 9 дүгээр сарын 20-ны гэгээн тунгалаг тэнгэр дор Мигжэд Жанрайсиг бурхан бүхнийг энэрэн мэлмийгээ нээжээ. Ийнхүү энэрэл нигүүслийн бурхан Мигжэд Жанрайсиг дахин заларсан түүхтэй.