Жана өмир сонин
“Жана өмир” буюу “Шинэ амьдрал”) сонин. Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн харъяа сонин. Монголын анхны аймгийн (орон нутгийн) сонинуудын нэг бөгөөд МАХН-ын Х-р Их хурлын заалтын дагуу 1941 оны 12 дугаар сарын 19-нд “Өркендеу” (“Хөгжил”) нэртай Өлгий хотод казах хэлээр 1000 хувиар хэвлэгдэн гарч эхэлжээ.
МАХН, Төр засгаас үндэсний цөөнхийн соёлыг хөгжүүлэх зорилгоор казах хэл дээр гаргасан энэ сонин өнөөдөр хүртэл тасралтгүй гарч байгаа цөөхөн сонины нэг юм. 1956 оны нэгдүгээр сараас нэрээ өөрчилж “Ж. ө.” (“Шинэ амьдрал”) нэртэй болжээ. “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” Монгол Улсын хуулийн дагуу 1999 оноос харъяаллаа өөрчилж, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн харъяалалд шилжсэн байна. Сонин олон жилийн турш казах, монгол хэлээр 7 хоногт 2 удаа 5000-10000 хувиар хэвлэгдэж байв. Одоо 7 хоногт 1 удаа 1000 гаруй хувиар хэвлэгдэн гарч байна. Анхны эрхлэгч нь зохиолч, сэтгүүлч Х.Махфуз байжээ. Мөн Баян-Өлгий аймагт утга зохиолын “Шугыла” (“Туяа”) сэтгүүл 1957 оноос эхлэн казах хэлээр улирал тутам гарч байна. Орон нутгийн тогтмол хэвлэлийн эх суурийг тавьсан “Ж. ө.” сонины дараа МАХН-ын Төв Хорооны 1944 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн төлөө” (Өвөрхангай), “Хөдөрмөр” (Ховд), “Алтайн хөгжил” (Говь-Алтай), “Сүхбаатарын зам” (Сүхбаатар), “Туяа” (Завхан), “Дөл” (Дорнод), “Говийн мэдээ” (Өмнөговь), “Тэргүүний малчин” (Увс), “Ялалт” (Дорноговь) , “Эрх чөлөө” (Хөвсгөл) зэрэг аймгийн сонин гарч эхэлжээ. “Архангайн үнэн” (Архангай) сонин 1947 оноос, “Лениний зам” (Баянхонгор), “Урагшаа” (Хэнтий), “Сүхбаатарын туг” (Сэлэнгэ), “Анхдугаар таван жил” (Төв), “Дэвшилт” (Булган), “Улаан туг” (Дундговь) зэрэг сонин 1948 оноос гарч эхэлснээр манай бүх аймаг сонинтой болж, орон нутгийн сонин хэвлэлийн систем бүрэлдэн тогтсон онцлогтой юм. 1990 оноос орон нутгийн сонин, сэтгүүлийн тоо нэмэгдэж, өнөөдөр орон нутагт 60 гаруй сонин хэвлэл тогтмол гарч байна.