Дэлхийн цаг уурын өдөр
1947 оны 10-р сарын 11-ний өдөр НҮБ-аас батласан Дэлхийн цаг уурын конвенцийн хүрээнд 1950 оны 03 сарын 23-нд Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ байгуулагдсан. Тиймээс энэ өдрийг жил болгон дэлхийн цаг уурын өдөр хэмээн тэмдэглэх болжээ.
Швецарийн Женев хотд төвтэй ДЦУБ нь 193 гишүүнтэй бөгөөд Монгол улс 1963 оны 04-р сарын 04-нд тус байгууллагын албан ёсны, бүрэн эрхэт гишүүн орон болжээ.
Энэ өдөр цаг уурын байгууллагын ажилтнууд туршлагаа солилцох, шинэ ололт амжилтуудаа хуваалцах, дэлхий даяар үүсээд байгаа цаг ууртай холбоотой асуудлуудаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон нийтэд цаг уурын өөрчлөлтийн талаар мэдээ мэдээлэл өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэхүү өдрийн гол зохион байгуулагч нь НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Цаг Уурын Байгууллага /World Meteorological Organization/ юм.
Дэлхийн цаг уурын өдрийг жил бүр онцгойлон авч үзүүштэй сэдвийн хүрээнд, нэрлэсэн уриатай зохион байгуулж, тус асуудлыг хэрхэн шийдэх, салбарт гарсан ололт амжилт, зөв шийдэл, гарцуудын талаар ярилцаж, нийт иргэдэд тухайн сэдвийн хүрээнд зөв мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагаанууд зохион байгуулж, засгийн газрууд болон бүс нутгийн орнуудад анхааруулдаг. 2021 оны хувьд “Далай-Бидний уур амьсгал, цаг агаар” уриатайгаар зохион байгуулж байна.
Дэлхийн гадаргуугийн 70 орчим хувийг бүрхэн байдаг далай бол дэлхийн цаг уур, уур амьсгалын гол хөдөлгөгч хүч юм. Энэ нь цаг уурын өөрчлөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн далай, тэнгис нь дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд дэлхийн худалдааны 90 гаруй хувийг тээвэрлэж, далайн эрэгээс 100 км зайд амьдардаг хүн төрөлхтөний 40%-ийг тэжээж байдаг.
Тиймээс ч далай, тэнгисийн ач холбогдлыг маш сайн мэддэг үндэсний цаг уур, ус судлалын албад, судлаачид далайг хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг тогтмол ажиглаж, агаар мандалд хэрхэн нөлөөлж байгааг байнга загварчилж байдаг. Мөн далайн эргийн менежмент, далайн амьдралын аюулгүй байдлыг дэмжих зэрэг олон төрлийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байдаг. Уур амьсгалын өөрчлөлт улам бүр нэмэгдэж, түүний амьдралд үзүүлэх нөлөө улам ихсэж байгаа өнөө цагт далайн ажиглалт, судалгаа, түүний тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд урьд өмнө хэзээ ч байгаагүй чухал болоод байна.
2021 оны цаг уурын өдрийн сэдвийн хүрээнд гарагийн зүй тогтлын хүрээнд далай, уур амьсгал, цаг агаарын уялдаа холбоо хэрхэн нөлөөлж байгаад ДЦУБ анхаарлаа хандуулж байна. Энэ онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан далайн шинжлэх ухааныг хөгжүүлэх арван жилийн (2021-2030) эхлэл таарч байна. Арван жилийн зорилго нь шинэлэг, өөрчлөлт авчрахуйц санаануудаар дамжуулан, тогтвортой хөгжилд хүргэх мэдээллүүдийг цуглуулж, далайн шинжлэх ухааны ололтуудтай нэгтгэхэд оршиж байна. ДЦУБ нь НҮБ-ын уур амьсгал, цаг агаар, усны асуудал хариуцсан агентлагын хувьд далай, уур амьсгал, цаг уурын салшгүй холбоосыг ойлгоход дэмжлэг үзүүлэхийг хичээдэг. Энэ нь бидэнд амьдарч буй ертөнцөө, түүний дотор цаг уурын өөрчлөлтийн нөлөөг ойлгоход тусалж, хүмүүст амь нас, эд хөрөнгөө аюулгүй байлгах, гамшгийн эрсдэлийг бууруулах чадвараа бэхжүүлж, эдийн засгаа тогтвортой байлгахад нь туслах болно гэж үзжээ.