Дуутын хад
Дуутын хад буюу Дуут хад / Цогтын хадны бичиг нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Монголын эх оронч Цогт тайжийн 1624 онд сийлүүлсэн шүлэгтэй хад юм.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш Тарамцагийн уулсын төгсгөл Хутаг уулын өвөрт халхын цоохор хунтайж хэмээх Цогт тайжийн эгчээ санан хэлсэн шүлгийг түүний Дайчин хиа, Гүенбаатар нар 4 жилийн дараа буюу 1624 онд Дуутын хад хэмээх хар чулуунаа бичиж үлдээсэн нь бичиг соёлын гайхамшигт өв болон бидний үед хадгалагдан иржээ. Дуут хад хэмээх нь цохиход ширмэн тогоо шиг хан хийсэн дуу авиа гарах ба гаднаа хар боловч дотроо цагаан саарал өнгөтэй байгалийн өвөрмөц тогтоцтой хад юм.
Цогт тайжийн шүлгээс «Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд, Уул модонд явагч араатан хоёрын, Ахуй бие ангид боловч, Алан идэхийн агаар нэгэн буй, Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд, Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын, Илт бие өөр боловч, Идэх хүсэхийн сэтгэл агаар нэгэн буй».
Цогт тайж (1581-1637) түүхэн хүний хувьд ихээхэн зөрчилтэй хүн бөгөөд буддизмын улааны шашныг мандуулахын төлөө өөрийн биеийг зориулсан. Лигдэн хааныг манж нартай ид тэмцэж байх үед 4 түмэн цэрэг 100 мянган орчим хүн дагуулж халхаас гарчээ. 1632 онд Хөхнуурт Түмэдийн Алтан хааны ач Хулачийн нутгийг эзлэн тэнд суурьшин шарын шашныг дарангуйлан суужээ. Хүү Арслан тайж нь хэсэг цэрэг аван Төвдөд нэвтэрсэн боловч Далай ламын сургаалд орсон тул Цогт тайж өөрийн зарлигаар цаазалжээ. Далай ламын хүсэлтээр хошуудын Гүүш Төрбайх Хөхнуурт нэвтэрч халхын цэргийг бут цохиж Цогтыг хороосон. Зүүн зүгт манж нар хүчирхэгжиж Лигдэн хаан ганцаардаж байх эгзэгтэй үед өөрийн шашныг дэмжих гэж халхаас 10 түмэн хүн авч гарсан Цогт тайжийн хүсэл ийнхүү бүтсэнгүй.