Дугар
Дугар нь одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутгийн бөх. 1859 онд төрсөн.
Түүний өвөг эцэг Очир нь 1838 оны их даншигт 8 даван шөвгөрч заан цол хүртэж байсан бөх байжээ. Очир заан 2 хүүтэй. Том нь Омбой, бага нь Үйзэн юм. Омбой бол Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж байсан бөх бөгөөд 1855 оны бага даншигт түрүүлж байсан заан цолтон юм. Үйзэн нь 1859 оны уул тайлгад 4 даван шөвгөрч начин болж байжээ. Омбой заан 2 хүүтэй. Том нь Гэлэгсэнгэ, бага нь Дугар юм. Гэлэгсэнгэ нь 1876, 1881, 1884, 1890 оны их даншигт түрүүлсэн дархан аварга цолтон юм.
Дугар хүү анх 1885 оны уул тайлгын наадамд ирж барилдаад 6 даван шөвгөрч начин цол, 1886 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс босч барилдаад тэр жилийн их даншигт түрүүлж арслан цол, 1890 оны их даншигт 11-ийн даваанд ах Гэлэгсэнгэ аваргад унаж үзүүрлэн даян аварга цол, 1896 оны их даншигт Намхай аваргад унаж үзүүрлэн дархан аварга цол хүртжээ.
1890 оны их даншиг наадмын 6-ийн даваа эхлэхийн өмнө ах Гэлэгсэнгэ аваргын бие нь чилээрхэж барилдаж боломжгүй болжээ. Тэгэхэд нь дүү Дугар арслан өөрөө гоц мөргөхийн оронд ахыгаа гоц мөргүүлэх зөвшөөрлийг дээдсээс олж аваад сүүлийн хоёр бөхөд үлдэж ах Гэлэгсэнгээ түрүүлүүлж дархан аварга цол, өөрөө хичээнгүй нягт цог нэмэх далай даян аварга цол хүртжээ. Өөрөөр хэлбэл Богдын шавийн хоёр бөх Гэлэгсэнгэ аварга, Дугар арслан хоёр ээлжлэн гоц мөргөх байтал ах Гэлэгсэнгэ нь 6-10 дугаар үе(даваа)-д дараалан гоц мөргөж, улмаар түрүүлсэн байна.
Дугар дархан аварга их даншигт 2 удаа түрүүлж 5 удаа үзүүрлэсэн. Уул тайлгын наадамд 4 удаа түрүүлж 1 удаа үзүүрлэсэн. Нийтдээ Монгол наадамд Дугар аварга 6 түрүүлж 6 үзүүрлэжээ.