Доян харуул

(Доянь харуул-с чиглүүлэгдэв)

Доян харуул (朶顔衛) бол 1389 онд Мин улсаас Хянганы нурууны зүүн хэсэгт Жалайрын Нагачу ноёны харъяат нараар байгуулсан Урианхайн 3 харуулын нэг нь юм.

Урианхайн 3 харуулын дотор Доян харуул нь хамгийн хүчирхэг байсан агаад Юань улсын үеийн Доян юаньшифугаас гаралтай ажээ. Доянь харуул нь голдуу Монголын Урианхай аймгийн хүмүүсээс бүрдэж байв. Тиймээс түүгээр төлөөлүүлэн тус гурван харуулыг “Урианхайн 3 харуул” хэмээн нэрлэх болжээ. Доян харуулыг 1389 онд байгуулж, Торгучар гэгчийг тус харуулын чжихуйтунчжи (мянгатын бүгд захирагч дарга) болгожээ. Тус харуул анхандаа Тоорын голын сав нутагт нутаглаж байгаад XV зууны дунд үеэр өмнө тийш нүүдэллэн Баясгалан хадат хаалга болон Сюаньфугийн хооронд нутаглах болжээ.Тус харуул Цагаан хэрмийн Баясгалан хадат хаалгаар дамжин Мин улстай харилцаж, Гуаннин-д зах нээн худалдаалдаг байжээ.

Доян харуул нь Хунь-у, Юнлөгийн дунд үе хүртэл Мин улсын хилийг хамгаалж, хариуд нь худалдаа наймаа хийх, алба өргөх зэргээр хүчин зүтгэж байв. Харин 1410-1424 он хүртэл Аругтай тайшийн ятгалгаар Мин улстай олон удаа байлдах, бууж өгөх зэргээр Мин улс ба Монгол улстай харилцаж байсан. Сюаньдө хаан, Жөнтун хааны жилүүдэд хэд хэдэн удаа дээрмийн довтолгоон хийж байсан бөгөөд тэдгээрийн ард Аругтай тайш эсвэл Эсэн тайш нарын нөлөө их байсан. 1444 онд Эсэн тайшийн дүү Сайхан вангийн удирдсан цэргийн анги Доян харуулын Нарбухыг хороож, их хэмжээний дээрэм хийсний дараа Тайнин харуул, Фуюй харуул, Доян харуулын ноёд, ардууд Мин улсыг түшиж дагаж, жил бүр алба өргөх болжээ. Гэвч энэ харилцаа нь хилийн жанжидийн зэрлэг балмад зан авир, Мингийн төрөөс олгох цалинг нь зогсоосон зэрэг явдал нь 1449-1450 онд Монголын их цэрэгт хөтөч болоход ихээхэн нөлөөлсөн. Үүнээс хойш 150 гаруй жил Мин улс болон Монгол улстай байлдах, найрамдах мэтээр харилцаатай байв.

Холбоотой мэдээлэл засварлах