Дондогийн Бямбаа

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.БЯМБАА

1924 онд Булган аймгийн Баян-Агт сумын Дулаан нуга гэдэг газарт төрсөн. 1940-өөд оны дундуур ардын цэргийн эрдэмд суралцсан байна. Цэргээс халагдаж ирээд сумандаа худалааны агент, нэгдлийн нярав зэрэг ажлыг богино хугацаагаар хийж байгаад 1959 оноос нэгдлийн хонь маллах болсон. Эхнэр Б.Долгоржавын хамт нэгдэлдээ 36 жил хонь маллахдаа сүүлийн 10 жилд мал сүргээ хорогдолгүй онд оруулж тогтмол дээд амжилт үзүүлж, жил бүр 100 эхээс 110 төл бойжуулан, бусад ашиг шимийн төлөвлөгөөт даалгавар болон уралдаанд авсан үүргээ давуулан биелүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасны учир 1981 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнуулжээ.

Д.Бямбаа хонь, ямаа ихэрлэдэг нь тарга хүчтэй холбоотойг ажиглан мэдэж, ихэрлэдэг удмын мал төлөөр хуц, ухна тавихад ихэрлэх явдал нь мэдэгдэхүйц нэмэгдэж байсан байна. Тэр хавар эрт агь нүдэлсэн газрыг сонгон нүүж дөрөв, тав, зуравдугаар сард малд хар махан тарга, долоо, найм, есдүгээр сард өөхөн тарга авхуулж, ногоо ургахаас сөл тасартал жижиг гэрээр соргог сэрмүүн газраар оторлон явж эм хонийг намар дундажаар 55-56 кг, эм ямааг 44-45 кг жинд хүргэж таргалуулдаг нь баатрын ажлын гол амжилт болжээ.

Д.Бямбаа Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очир, Г.Цогтгэрэл нартай туршлага солилцож, зөвлөгөө авч явсан төдийгүй бас зөвөлгөө өгч байжээ. Д.Бямбаа 1963, 1969 онд Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, 1973 онд улсын Аварга малчин, 1979 онд хошой Аварга малчин болж, төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор хоёр, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор хоёр удаа тус тус шагнуулжээ.

Эхнэр Банзрагчийн Долгоржав 1932 онд айлын 10 хүүхдийн 6 дахь хүүхэд болон Номт гэдэг газар мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн хамт өнгөрүүлсэн бөгөөд 1951 онд Д.Бямбаатай гэр бүл болж 10 хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн. 1956 оноос өдийг хүртэл нэгдэл нийгэмдээ 61 жил мал маллаж Мойлт уулынхаа ар, өврөөр нутаглан амьдарсан байна. Б.Долгоржавыг улсаас “Наран ээж”, “Гэрийн сайн багш”, “60 жилийн гавшгайч”, “Алдарт эхийн одон 1, 2”, “Алтангадас одон”, ойн болон бусад олон медаль, шагналуудаар шагнагджээ.

Тэдний охин Жавзандолгор, хүү Даваасүрэн нар нь улсын аварга малчин болж, аавынхаа шийрийг хатааж, алдарт малчин удамтай болохоо харуулжээ. Мөн зээ хүү Гонгорын Галсан, Намнангийн Жаргалсайхан, Намнангийн Уламбаяр нар нь мөн улсын Аварга малчин болсон.