Должинсүрэнгийн Цэрэнпил
Должинсүрэнгийн Цэрэнпил (1937-2015 оны 5 сарын 27) нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, зураач хүн байв.
Намтар
засварлахД.Цэрэнпил 1937 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд нийслэлийн арван жилийн 1 дүгээр сургуульд суралцаж төгсөөд 1954-1958 он хүртэл Урлагийн сургуулийн зураг баримлын ангид суралцсан. Хожим нь БНАГУ-ын (хуучин нэрээр) Лейпциг хотын Хэвлэлийн техникумд хэвлэлийн зураг чимэглэл, 1967-1972 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Строгоновын нэрэмжит Үйлдвэрлэлийн Урлагийн дээд сургуульд тус тус суралцсан байна.
Тэрээр ажил хөдөлмөр, уран бүтээлийн гараагаа 1959 оноос хотын Зураг урлалын газарт зураачаар эхэлж, Дүрслэх урлагийн газарт мэргэжилтэн, Урчуудын эвлэлийн хороонд зураач, 1973-1997 онд тус хорооны харьяа Хэвлэл чимэглэлийн үйлдвэрт уран сайхны удирдагч, даргаар ажилласан байна. Уран бүтээл туурвих, дүрслэх урлагийн салбарт удирдах алба хашихын сацуу Дүрслэх урлагийн дунд сургууль, Улсын Багшийн Их сургуулийн харьяа Урлал үйлдвэрлэлийн дээд сургууль, “Их Засаг” олон улсын их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн “Од” дээд сургуульд чимэглэлийн график дизайны чиглэлээр багшилж байсан.
Уран бүтээл
засварлахМонголын нэрт зураач Д.Цэрэнпил дүрслэх урлагийн үзэсгэлэн, концерт, соёлын олон арга хэмжээний сурталчилгаа, танилцуулгын хэвлэлийн дизайн, зураг чимэглэлийг урлахын хамт Монгол улсыг олон улсад сурталчлах томоохон үзэсгэлэн яармаг, албан байгууллага, компаниудын барааны тэмдэг, лого эмблем, Монгол Улсын Төв Банкны лого зэрэг чимэглэлийн олон арван график бүтээлийг туурвисан.
Тэрээр 1964 онд БНМАУ-ын нийтийн гүйлгээнд зориулсан шинэ мөнгөн тэмдэгт болох цаасан төгрөг, 1966 онд Дэлхийн улаан номд багтсан Монголын ховор амьтдын дүрс бүхий алт, мөнгөн зоос болон Барселоны олимпод зориулсан алт, мөнгөн зоос, Эзэн Чингис хааны дүр бүхий гурван төрлийн алт, мөнгөн зоос, Монголын их хаадын хөрөг бүхий дурсгалын зоос, нийтийн гүйлгээнд зориулсан 20, 50, 100, 200, 500, 1000 төгрөгийн зоосон мөнгөний эх зургийг бүтээж, Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэг зэрэг хэдэн арван дурсгалын бүтээлийн загварыг гаргажээ.