Довдойн Баяр
Довдойн Баяр (1946 - 2010) нь Монгол Улсын Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, ХБНГУ-ын Археологийн Институтын сурвалжлагч гишүүн[1], түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, багш сурган хүмүүжүүлэгч, боксын спортын олон улсын хэмжээний мастер, улсын шүүгч байв.
Довдойн Баяр | |
---|---|
Төрсөн огноо | 1946 оны 5 сарын 11 Монгол, Улаанбаатар |
Нас барсан огноо | 2010 оны 11 сарын 10 |
Үндэс | Монгол |
Салбар | Монголын дундад зууны археологийн дурсгал |
Байгууллага | Археологийн Хүрээлэн, Улаанбаатар Их Сургууль |
Археологи, түүхийн шинжлэх ухааны салбар
засварлахД.Баяр нь УБДС-ийн түүх-газарзүйн ангид байх цагаасаа Монголын нэрт археологич Н.Сэр-Оджав, Д.Дорж нарын удирдлагаар археологийн судалгааны арга барилд суралцан эрдэм шинжилгээний замаа эхэлж, “Каменные изваяния Восточной Монголии (Дорнод Монголын Чулуун хөрөг)” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, “Монгол нутаг дахь хүн чулуун хөшөө” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Д.Баяр нь Монгол-Зөвлөлтийн түүх-соёлын хамтарсан экспедици, Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Хархорумын шинжилгээний анги”, “Дорнод Монголын хүн чулуун хөшөө судлах”, Монгол-Японы “Гурван гол”, Монгол-Солонгосын хамтарсан “Дорнод Монголын судалгаа”, ЮНЕСКО-гоос зохион байгуулсан “Эртний Хархорум хотын турийг хадгалж хамгаалах” төсөл, Монгол-Германы “Хархорум хотын судалгаа”, Монгол-Туркийн “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг судлах, сэргээн засварлах, хадгалалт хамгаалалт”, Казахстан улстай хамтарсан археологийн төсөл зэрэг 30 гаруй төслийн хээрийн шинжилгээний ангид оролцон ажиллаж, нэлээдийг нь Монголын талаас удирдан зохион байгуулж байв. Тэрээр Монголын дундад зууны археологийн дурсгалыг голлон судалж, хүн чулуун хөшөөний зэрэгцээ Хөшөө Цайдам дахь Түрэгийн алдарт жанжин Куль-Тегин, Билгэ хааны тахилын онгоны цогцолбор дурсгал, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын Цогт их сүмийн гэрийг малтан судлах ажлыг удирдаж байсан.
Д.Баяр нь “Монгол Улсын түүх” 5 ботийн үндсэн зохиогчийн нэг бөгөөд ганц сэдэвт зохиол 8, хамтын бүтээл 10 гаруйг туурвиж, эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэл, илтгэл бичсэн бөгөөд түүний бүтээлүүд ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, Турк, ХБНГУ, Унгар, Казахтсан зэрэг оронд орчуулагдан нийтлэгдэж байсан.[2][3]
Д.Баяр Монголын дундад зууны археологийн дурсгалыг голлон судалдаг бөгөөд түүний судалгааны ажлын гол үр дүн нь, Монгол орны зүүн өмнөд хязгаар Дарьганга нутагт анх илрэн олдсон өвөрмөц хийцтэй хүн чулуун хөшөөг газар дээр нь биечлэн судалж, эд өлгийн биет хэрэглэгдэхүүн, түүхэн сурвалж, эртний урлагийн бүтээлүүд, ардын билиг зүй, түүх, угсаатны зүйн судалгааны баримт зэрэгтэй харьцуулж өргөн хүрээтэй судалгаа хийн нягталсан байна. Үүний дүнд, холбогдох он цаг, учир утга нь тодорхойгүй байсан эдгээр дурсгал XIII-XIV зууны Монгол гүрний үед холбогдохыг баримтаар тогтоож, дундад зууны монголчуудын түүх соёлыг судлах нэгэн үнэт сурвалжийг Монголын түүхийн судлалд цоо шинээр гаргаж ирсэн юм. Үүгээрээ Төв Азийн археологид удтал ноёрхож ирсэн, хүн чулуу болгоныг VI-VIII зууны Түрэгийн соёлд холбогдуулан үздэг ташаа хандлагыг залруулж, язгуурын монголчуудын түүх соёлыг судлах сурвалжийн тоог баяжуулсан төдийгүй нийт Евразийн хүн чулууны дотор монголчуудын чулуун хөрөг хэмээх нэгэн өвөрмөц дурсгалыг шинээр гаргаж ирсэн юм.
Дундад зууны нүүдэлчдийн түүх соёлыг судлагч ОХУ-ын нэрт эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.А.Плетнёва түүний судалгааны ач холбогдлыг дүгнэхдээ "Д.Баярын судалгаа нь урьд өмнө огт судлагдаагүй, шинжлэх ухааны талаас ухамсарт ойлголт бүрдэж буй болоогүй түүхэн хэрэглэгдэхүүнийг судлахад чиглэжээ. Энэ нь үнэн чанартаа түүхийн гүнд атрыг хагалж, эртний Монголын соёлын гүн зузаан үе давхрагыг илрүүлж гаргасан ажил болсон байна. Д.Баярын судалгаанаас өмнө түрэгийн хүн чулуудын доторхи орон нутгийн нэгэн төрөл зүйлд тооцогдож байсан дурсгалыг хийц дүрслэл, хэв загварынх нь хувьд задлан шинжлээд эртний түрэгийн үй олон хөшөөдийн дотроос ялган гаргаж ирсэн нь үнэхээр зөв зүйтэй юм. Тэдгээрт дүрсэлсэн хувцас, гэзэг үс зэргийг нарийвчлан судалснаар уг хөшөөд нь XIII-XIV зууны монголчуудад холбогдох дурсгал болохыг ул суурьтай, мартахын аргагүйгээр батлан харуулжээ" хэмээн өндөр үнэлсэн байна. Эдүгээ энэ үзэл баримтлалыг олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрч ном бүтээлдээ өргөнөөр ашиглах болжээ. Энэ нь түүний судалгаа олон улсын чанартай судалгаа болсныг гэрчилдэг.
Дундад зууны монголчуудын бүтээсэн хүн чулууг судлан тодорхойлсноор тэр үеийн дээл хувцас, гоёл чимэглэл, эд хэрэглэл болон гэзэг үсээ засч янзлах арга маягийг ихээхэн тодруулж эртний угсаатан судлалын салбарт чухал хувь нэмэр оруулав. Түүгээр ч барахгүй уг судалгааны ажлын үр дүн зөвхөн эрдэм шинжилгээний салбарт төдийгүй дүрслэх урлаг, уран зохиол, тайз дэлгэцийн уран бүтээл туурьвихад ч нэмэр хандив оруулсаар байгаа бөгөөд Монголын Нууц Товчоо зохиогдсоны 750 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө, Монголын Үндэсний Түүхийн Музей дэх Чингис хааны тосон баримал, "Мандухай сэцэн", "Мөнх тэнгэрийн хүчин дор" уран сайхны кино зэрэг олон бүтээлд эртний монгол хүний дүрийг бүтээх гол загвар болон хэрэглэгдсэн билээ.
Мөн Чингис хааны хөрөг хэмээх нэрээр тархсан олон янзын хөрөг зургийг түүхэн сурвалжтай харьцуулан судалж эдгээрийн аль нь үнэн бодит түүхэн үндэстэй, аль нь хуурамч болохыг тодруулах зорилгыг агуулсан “Эзэн богдын эх хөрөг” хэмээх товхимлыг туурвиж эл сэдвээр эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавин хэлэлцүүлж байсан нь тухайн чиглэлээр манай оронд гарсан анхны судалгаа болно.
Боксын спорт
засварлах
| ||||||||||
|
Д.Баяр үндсэн ажлын зэрэгцээ боксын спортыг сонирхон хичээллэж, Монгол Улсын аварга, Монголын Бүх Ард Түмний Спартакиадын аварга цолыг хүртэж байсан ба олон улсын тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль авч байв. 1971 онд Иран улсын Тегеран хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, боксын спортын анхны олон улсын хэмжээний медалийг эх орондоо авчирчээ. Тэрээр Монголын Олимпын Боксын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дасгалжуулагч, тайлбарлагч, улсын шүүгч, спортын нэртэй зүтгэлтэн байсан юм.
Эшлэл
засварлах- ↑ "Mitglied des Deutschen Archäologischen Instituts". Archived from the original on 2012-08-05. Татаж авсан: 2010-11-21.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|3=
(help) - ↑ "Gedenkstätten und Steinskulpturen der Alttürkischen Zeit" (PDF).
- ↑ "Journal of Inner and East Asian Studies" (PDF). Archived from the original (PDF) on 2016-03-04. Татаж авсан: 2010-11-21.
Холбоос
засварлах- [1] (Археологич Д.Баяр: Бурхан Халдун уулын орчимд Чингис хааныг оршуулж, онголсон гэдэг нь тодорхой болж байгаа)
- [2] (Археологич Д.Баяр: Билэг хааны алтан титмийг 1000 жилийн дараа архангайгаас олсон)
- [3] (Археологич Д.Баяр: Монголд 300 гаруй хот суурингийн үлдэгдэл бий)
- [4] (Археологич Д.Баяр: Нүүдэлчдийн түүхийн өлгий болсон Орхон гол сүйдсэнд харамсч байна)
- [5] (Археологч Д.Баяр: Олз ашиг хайсан хvмvvс их овоог тоночихвий)
- [6] (Mongolian)
- Алматыда түркі әлемін зерттеуші ғалымдар бас қосты Kazinform (Kazakhstan)
- Turk Bitig
- Korean History
- Sakıp Sabancı Museum
- [7]