Деонтологи
Деонтологи (Деонтология. Deontology Грекийн deon – “үүрэг, хариуцлага”, logos – “сургаал, үг” гэсэн үгнээс гаралтай) үүрэг, хариуцлагатай холбоотой асуудлыг авч үздэг ёс зүйн онолын үзэл баримтлал, хэсэг мөн. Энэхүү нэр томъёо, ойлголтыг анх английн гүн ухаантан, хуульч И.Бентам (1748-1835) боловсруулж, шинжлэх ухаанд оруулжээ. Тэр “хувь хүний ёс зүй ба хууль зүйн урлаг ямагт хамт оршдог” гэж тэмдэглээд “деонтологийн гол зорилго нь нийгмийн зан байдалд хувь хүмүүсийн зан байдлын шинжийг хэвшүүлэхэд оршино” (177. 85) гэж тэмдэглэснийг харгалзан үзвэл “деонтологи” хэмээх нэр томъёог өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай юм.
Мөн нэрт судлаач Я.Н.Засурский деонтологи бол “юуны өмнө батлагдсан хуулийг хэрэгжүүлэх, ухамсарлан ойлгох явдалтай холбоотой сэтгүүлчийн хариуцлага үүрэг, эрх мөн” (177. 86) гэж тодорхойлжээ. Ёс зүйн онолд үүрэг, хариуцлагын энэ асуудал хэдийгээр чухал боловч одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй юм. Учир нь энэ ойлголт хувь хүний төлөвшилд түүний үйл ажиллагааны утга учрыг, соёлын төвшнийг, нэгдмэл шинжийг бүрэн таньж мэдэх боломж олгодог онцлогтой. Деонтологи өөрийн гэсэн ойлголтын тодорхой аппараттай байдаг. Тэдний дотор үүрэг, хариуцлага, практик сонирхол, аз жаргалтай, сэтгэл ханамжтай, амь бие хайрлахгүй байх зэрэг ойлголт гол байр эзэлдэг.
Деонтологийн үзэл баримтлалын үндсэн зорилго нь хувь хүний соёлд бодитой оршиж буй албан үүрэг, хариуцлагын үзэгдэлтэй ямар нэг хэмжээгээр тохирсон үүргийн “хамгийн шилдэг хэв маяг”-ийг боловсруулахад оршино. Өнөөдөр олон оронд деонтологийг уран бүтээлийн хэм хэмжээний тодорхой нэг хүрээтэй (ёс зүй, эсвэл эрх зүй г.м.), эсвэл тийм хэм хэмжээний нийлбэртэй (ёс зүй + эрх зүй + …), эсвэл янз бүрийн хэм хэмжээний “зааг дээр” оршдог (ёс зүй ба эрх зүй г.м.) гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн үүрэг, зайлшгүй байх ёстой зан байдлын онцлогтой холбоотой бүх юмыг деонтологитой холбож тайлбарлах оролдлого түгээмэл юм. Үүнийг ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлогын биелэлтийн шинж чанарыг тодорхойлох хэм хэмжээний систем гэсэн өргөн утгаар нь авч үзсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч болно. Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн деонтологийн тухай олонтаа ярьж, энэ асуудалд сэтгүүлч, судлаачид илүү их анхаарлаа хандуулж байна. Сэтгүүл зүйн онол, практик, арга зүйн үүднээс авч үзвэл деонтологи гэдэг нь:
- ХМХ-ийн уг мөн чанараас шалтгаалан сэтгүүлч нийгмийн тодорхой нэг нөхцөл, тохиолдолд үүргээ биелүүлэхэд зайлшгүй үйлчилдэг хэм хэмжээ, шаардлагуудын нийлбэр мөн.
- Сэтгүүлчийн үйл ажиллагааны хариуцлагын системийн тухай шинжлэх ухаан мөн.
- Хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагын хэм хэмжээний системийг тусгасан баримт бичгүүдийн нийлбэрийг бас деонтиологи гэж ойлгож болно.
- Сэтгүүл зүйн үйл ажиллагааны субъектуудын хариуцлагыг ухамсарлан ойлгосон, түүнийг практикт хэрэгжүүлэх явцад илрэх зан байдлын шинж чанар юм. Энэ чиглэл, төсөөллүүдийн зааг дээр деонтологийн тухай ойлголт жинхэнэ утгаараа бүрэлдэн тогтох болно.