Дашлхүмбийн Галбаатар
Дашлхүмбийн Галбаатар (1959 онд Завхан аймгийн Тэс суманд төрсөн) Монгол улсын гавьяат багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор.
Их Мянгат овогт, Завхан аймгийн Тэс суманд эмчийн гэр бүлд төрсөн. Багшийн коллеж, МУИС, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд Сургууль тус тус төгссөн. 1983 онд магистр, 1993 онд Хэлбичгийн ухааны доктор, 1999 онд Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалж, 1995 онд доцент, 2003 онд профессор цол хүртжээ.
“Гэгээн алсад одох юмсан”, “Уран зохиолын онолын үндсэн ойлголт, нэр томьёоны тайлбар толь”, “Үгийн урлагийн ерөнцөд хийсэн тэмдэглэл”, “Монгол дууль”, “Хөөрөлдөөн”, “Эрс эргэлтийн босгон дээр”, “ХХ зуун-модернизм-сонгодогууд”, “Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд”, “ХХ зууны төгсгөлд ХХ зууны эхэн үеийн Оросын модернизм”, “Цэндийн Чимиддорж”, “Урлахуйн галыг бадраагч зул эндүүрлийн гэмийг ариусгагч” судлал шүүмжлэлийн ном бичсэн. Эрдэм шинжилгээний 60 гаруй, уран сайхны шүүмжлэлийн 100 гаруй үгүүлэл, шүүмж бичжээ.
2009 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн.