Дашваанжил компани
“Дашваанжил” компани нь 1992 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Дашваанжил” ХЭАА (одоо ХХК) нэртэйгээр байгуулагдан бараа солилцооны гэрээгээр ОХУ-аас уул уурхайн хүнд машин, механизмын сэлбэг бэлтгэн, Шарын гол, Багануур, Шивээ-Овоо, Баянтээгийн нүүрсний уурхай, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрүүдэд улсын үнээс 50 хувь хямд нийлүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
1997-2000 онд ОХУ-ын “Бурят газ” хувьцаат компани болон өөрийн орны техникийн ажиллагсадын тусламжтайгаар төмөр замын вагон цистернээр 100 м3 шингэрүүлсэн хийг нэг дор хүлээн авч, хадгалан төрөл бүрийн баллонд цэнэглэх Монгол Улсын анхны станцыг Улаанбаатар хотод байгуулж шингэрүүлсэн хий цэнэглэх станцын ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, заавруудыг боловсруулж дэд бүтцийн хяналтын улсын албаар батлуулан ашиглалтанд оруулахад бэлэн болгосон юм.
Монгол улсад шингэрүүлсэн хийн салбарын эрх зүйн орчин үүсээгүй үед буюу. 2001 онд уг компанийн шингэрүүлсэн хийг вагон цистернээр хүлээн авах станц ашиглалтанд орсноор аж ахуй эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулинд нэмэлт орж, тухайн үеийн Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт “Нүүрсний газар” хийн түлшний асуудал
хариуцсан мэргэжилтэнтэй болсон. Шингэрүүлсэн хий хүлээн авах станц дээрээ вагончикт 10 орчим хүнд хичээл зааж үнэмлэх олгон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газраас “Хийн аж ахуй эрхлэх”, “Хийн аж ахуйн барилга байгууламж барих” тусгай зөвшөөрлийг анхлан авч 2001 оны 11 сараас ажиллаж эхэлсэн нь манай улсад хийн аж ахуй хөгжих эхлэл, үндэс болсон гэж хэлж болно.
Манай иргэд хийн түлшний хэрэглээг бараг мэддэггүй, сард 3-5 тн орчим баллонтой хийн түлшийг улсын хэмжээнд хэрэглэдэг, вагон цистернээр их хэмжээний хийн түлш хүлээж авч худалдах боломжгүй байсан учраас ОХУ-ын хий нийлүүлэгчийн автоцистернээр хийн түлшийг зөөвөрлөж, 2002 онд 36м3 буюу хамгийн их багтаамжтай хий зөөврийн автоцистернийг худалдан авч ашиглалтанд оруулсан.
Тухайн үед дан ганц 20кг-ын Орос баллон хэрэглэдэг байсан уламжлалыг халж хэрэглэгчдийг сонголт ихтэй болгож 5,10,14,20 кг хэмжээтэй, баллонуудыг захиалан үйлдвэрлүүлж, өөрийн брэнд болгон хэрэглээнд нэвтрүүлж, хийн түлшээр ажилладаг тулга, төрөл бүрийн халаагуурууд, тоног төхөөрөмжийн ашиглалт, хийн түлшний ашиг тусыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тасралтгүй сурталчилсаны үр дүнд 2002 оны 5 сар гэхэд хийн түлшний хэрэглээ сард 30 тн, 9 сард 50 тн хүрч өссөн юм.