Дарийн Содномдорж

Дарийн Содномдорж (1949 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Цагаан дугуйн Хонд гэдэг газар төрсөн) нь ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургууль /ЭХС/-ийн Цахилгааны инженерийн салбар /ЦИС/-ын зөвлөх профессор, Монгол улсын төрийн шагналт, Академич, Монгол улсын гавъяат багш, техникийн шинжлэх ухааны доктор (D.Sc), профессор юм.

1958-1962 онд Дэлгэр сумын бага сургууль, 1962-1968 онд Говъ-Алтай аймгийн Төвийн 10 жилийн дунд сургуулийг Алтан медальтай төгсөж улмаар 1968-1973 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуулийг Цахилгаан системийн мэргэжлээр суралцаж төгссөн байна.

Д.Содномдорж 10 жилийн сургуульд суралцаж байх үеэсээ математикийн хичээлд авъяасаа сорьж математикийн олимпиадад удаа дараа оролцож эхний гурван байранд тогтмол шалгарч байсан байна. Түүний ирээдүйн эрдэмтэн болох зам оюутан ахуй цагаас эхэлж дээд сургуулийн нэгдүгээр курсээс математик, физик, дүрслэлийн геометр, материалын эсэргүүцэл хичээлүүдийн олимпиадад оролцож сургуулийн хэмжээнд тэргүүн байранд шалгарч байсаны зэрэгцээ оюутны эрдэм шинжилгээний ажилд оролцож "Монголын төвийн эрчим хүчний системийн статик тогтворжилтын судалгаа" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл нь тэргүүн байранд шалгарч байв.

Д.Содномдорж дээд сургуулиа төгсөөд МУИС-ийн Эрчим хүчний факультетэд багшаар орж ажиллан эх орондоо дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Энэ л цаг үеэс тэр цахилгаан системийн горимын олон талт асуудлаар эрдэм шинжилгээний ажил хийж шинжлэх ухаан үйлдаэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор улсын төсөвт болон аж ахуйн гэрээт ажлуудыг хийж гүйцэтгэн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсээр иржээ.

Д.Содномдорж багшлах хугацаандаа мэргэжилтэн бэлтгэх ажлыг чанаржуулан шинэ түвшинд хүргэх, сургалтын технологийг боловсронгуй болгох, багш нарыг бэлтгэх, салбарын материаллаг баазыг бэхжүүлэх талаар онцгой анхаарч эрчим хүчний тооцоонд тооцоолон бодох техник хэрэглэх хичээлийн лабораторийн 30 орчим ажлыг шинээр тавьж сургалтанд нэвтрүүлсэний зэрэгцээ компьютерын болон цахилгаан системийн сургалт эрдэм шинжилгээний лабораториудыг шинээр, цахилгаан станц, дэд станцын лабораторийг шинэчлэн байгуулж нэг сэдэвт зохиол, ном, сурах бичиг, гарын авлага 40-ийг дангаараа буюу бусад эрдэмтэн багш нартай хамтран бичиж, 93 эрдэм шинжилгээний төсөл, тайлан, зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулан үйлдвэрлэлд хүлээлгэн өгч, эрдэм шинжилгээний өгүүлэл 180 гаруй, сурталчилгааны өгүүлэл 11-ийг бичиж гадаад, дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлсэний зэрэгцээ эрдэмтэн багш нарын бичсэн 23 ном, сурах бичгийг редакторласан байна.

Д.Содномдорж нь өөрийн судалгааны ажлыг ОХУ-ын нэрт эрдэмтэд болох ОХУ-ын шинжлэх ухаан, техникийн гавъяат зүтгэлтэн, техникийн шинжлэх ухааны доктор,профессор Д.А.Арзамасцев,техникийн шинжлэх ухааны доктор, профессор В.З.Манусов, Л.Л.Богатырев, П.И.Бартоломей, АЛ.Мызин нарын удирдлага болон тэдэнтэй нягт уялдаатай ажиллаж хамтын бүтээлээ туурвисан болно. Мөн тэрээр АНУ, Хятад, Япон, өмнөд Солонгос болон ОХУ-ын олон эрдэмтэдтэй нягт холбоотой ажиллаж тэдний зохих бүтээлтэй байнга танилцаж судалгаа шинжилгээний ажлаа явуулдаг байсан.

Профессор Д.Содномдорж өөрийн судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй нягт уялдуулан Монголын төвийн бүсийн ба баруун бүсийн эрчим хүчний системийн бүх үйлдвэрүүд болон Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Чингис зочид буудал, Говь-Алтай, Баянхонгор, Завханы эрчим хүний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж эрдэм шинжилгээний төсөл, аж ахуйн гэрээт ажил хийх, хөдөөний аймгийн төв, сумдыг цахилгаанжуулах зураг төсөл зохиох, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж 93 тайлан бичиж үйлдвэрлэлд хүлээлгэн өгсөн байна. Эдгээр бүтээлүүдийн үр дүнд эрчим хүчний үйлдвэрүүд болон бусад үйлдвэрийн газруудад олон зуун сая төгрөгийн цэвэр ашиг гарсанаас зөвхөн нэгийг нь дурьдахад сүүлийн 10 жилд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн чадлын коэффициентыг дээшлүүлэх сэдэвт судалгааны ажил хийж гүйцэтгэсний үр дүн энэ үйлдвэрт нэг жилд нэг тэрбум 396 сая төгрөгийн цэвэр ашиг гарч санхүүгийн тайлан балансад тусгагдсан байна.

Профессор Д.Содномдоржийн туурвисан бүтээлүүдээс харахад тэрээр матетатикийн шинжлэх ухааны олон чиглэл болох матрицын онол, векторын шинжлэл, функцын шинжлэл шугаман ба шугаман биш тэгшитгэлийн системийг бодох аргууд, дифференциал тэгшитгэлийн систем, оновчлолын онол, дифференциал тэгшитгэлийг бодох чанарын шинжлэл, магадлалын онол, математик статистикын чиглэлүүд, хүчин зүйлийн шинжлэл, тодорхой бус логик ба олонлогийн онол гээд математикын шинжлэх ухааны гүнд нилээд нэвтрэн орж тэр бүхнийг өөрийн судалгааны ажлын багаж зэмсэг болгон бүтээлчээр ажилладаг болох нь харагдаж байна.

Профессор Д.Содномдоржийн ажил, амьдралын он дарааллын жагсаалтаас үзэхэд тэрээр сурган хүмүүжүүлэх болон эрдэм судлалын ажлаараа хамт олноо ямагт манлайлан сургуулийн хүндэт самбарт удаа дараа тавигдаж, эрдэм шинжилгээний шилдэг судлаач багшаар удаа дараа эхний байруудад шалгарч түүний бичиж туурвисан бүтээлүүд улсын болон ШУТИС-ийн хэмжээнд мөн эхний байруудад шалгарч байсан байна. Жишээ нь түүний бичсэн "Цахилгаан системийн тооцоонд тодорхой бус олонлогийн онолыг хэрэглэх" нэг сэдэвт зохиол Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан БСШУ-ны яамнаас зарласан уралдаанд улсын хэмжээнд тэргүүн байранд, "Инженерийн судалгааны тодорхой бус нөхцөл дэх математик загварчлал" нэг сэдэвт бүтээл ШУТИС-ийн хэмжээнд 1-р байранд, "Цахилгаан эрчим хүчний хэмнэлт" нэг сэдэвт зохиол ШУТИС-ийн хэмжээнд 2-р байр, "Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн чадлын коэффициентийг дээшлүүлэх" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл нь ШУТИС-ийн шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд 2-р байранд, "Инженерийн судалгааны математик аргууд" нэг сэдэвт зохиол ШУТИС-ийн хэмжээнд 3-р байранд, "Цахилгаан соронзон шилжилтийн процессын бодлогын хураамж" гарын авлага ЭХИС-ийн хэмжээнд 3-р байранд тус тус шалгарч байв.