Дандардоржийн Өлзий
Дандардоржийн Өлзий нь Цогтоо гүний хошуу (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум)-ны уугуул, жонон туслагч Цэвээн-Очирын Дандардоржийн отгон охин юм. Аав Ц.Дандардорж нь төрийн тулхтай түшээ, бичиг номын өндөр соёлтойн гадна урлагийн олон талын авьяастай, Богд хаант Монгол улсын төрийн дууч хэмээх эрхэм цолыг хүртэж явсан нэгэн байжээ. Тэрбээр отгон охиноо балчир ахуйд 1938 онд улс төрийн хэргээр хэлмэгдэж амь эрсэджээ. Бага наснаас ээж, ах, эгч нарын нөлөө, сургаалаар ардын урлагт шимтэн суралцаж, Баянхонгор аймгийн Соёлын ордон, Хөгжимт драмын театрын жүжигчин, Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Үлгэрийн танхимын жүжүигчнээр ажиллаж байсан. Манай орны нэрт уран уншигчдын нэг, төв халхын туульч эмэгтэй болно. Эдүгээ Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Өлзий манай орны урлаг соёлын алтан үеийнхний хамтран бүтээлээ туурвидаг "Эртний сайхан чуулга"-ын гишүүн болно.