Даваагийн Нямхүү
Даваагийн Нямхүү (1966- ) нь Монгол Улсын улс төрч, бизнесмэн юм. 2008-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллаж байв. Одоо УИХ дахь АН-ын бүлгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын зөвлөх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Улсын Паралимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажилладаг.
Намтар
засварлахӨсвөр үе, идэр нас
засварлахД.Нямхүү 1966 онд Увс аймгийн Улаангом хотод А.Даваагийн дөрөв дэх хүү болон төржээ. 1974 онд Улаангом хотын 2 дугаар арван жилийн дунд сургуульд элсэн орж, дунд сургуулиа онц дүнтэй төгссөн. 1984 онд ЗХУ-ын Хмельницкий хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуульд суралцаж, арьсан эдлэлийн технологич инженер мэргэжил эзэмшсэн. Суралцах хугацаандаа Хмельницкий хотын Монгол оюутны зөвлөлийн дарга, Эвлэлийн үүрийн даргаар тус тус ажиллаж байлаа. Сургуульдаа Техникийн ухааны магистр цол хамгаалсан.
Ажил, амьдралын туршлага
засварлах1989 онд Улаанбаатар хотын Савхин гутлын үйлдвэрт хуваарилагдан, ажлын гараагаа хэв шалгагчаас эхлэн эсгүүрчин, мастерын туслах, мастер, технологич инженерээр ажиллав. Савхин гутлын үйлдвэрийн дэргэд анхны бие даасан жижиг үйлдвэр байгуулах ажлыг удирдав. Хаягдал материал ашиглан хүүхдийн гутал үйлдвэрлэх ажлыг санаачлан хэрэгжүүлснээр ажилчид цалингаасаа гадуур нэмэлт орлоготой болж, Савхин гутлын үйлдвэрт ч өгөөжөө өгч байв. 1991 онд "Хан Хөхий" пүүс байгуулан бизнес эрхлэх болжээ. 1996 онд “Шинэст”, “Арвижих” ХК-удын хувьцаа эзэмшигч болж, тэдгээр компаниудын ТУЗ-ийн даргаар сонгогдон ажилласан. Дампуурлын ирмэгт хүрээд байсан эдгээр компаниудыг хөл дээр нь босгон өрсөлдөх чадвартай болгосон. 1998 онд “Монциркон" ХХК-ийг байгуулан, Ерөнхий захирлаар нь ажиллах болсон. Гадаад худалдаа эрхэлж, дотоодын барилга, уул уурхайн салбарын үйлдвэрүүдийг түүхий эд, материалаар хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2000 онд “Улаанбаатар менежмент” ХХК-ийг байгуулан Удирдах зөвлөлийн даргаар ажиллав. Монгол Улсын ханган нийлүүлэлтийн систем задран унаснаар барилгын салбар хүнд байдалд ороод байв. Энэ үеэс ОХУ болон бусад орноос барилгын төмөр хийцүүдийг импортлон Монголын хамгийн том хангамжийн компанийг байгуулан ажилласан нь Монгол Улсын топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 10 жилийн турш шалгарсан. Мөн түүнчлэн зөөвөрлөх, түргэн угсрах зориулалттай байшингийн үйлдвэр болон Дархан-Уул аймагт доломит чулуу боловсруулах үйлдвэр байгуулсан. Энэхүү үйлдвэр нь автозамын хучилтыг барьцалдуулагч эрдэс нунтгийг үйлдвэрлэдэг юм. 2004 онд Орхон аймагт “Ора метал” үйлдвэрийг байгуулсан. Тус үйлдвэр нь жилд 6000 гаруй тонн ган бөмбөлөг үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлдэг билээ. 2007 онд зах зээлийн өрсөлдөөнд сөхөрч хаалгаа бариад байсан Монголын хамгийн том Байшин үйлдвэрлэх комбинат буюу “БҮК-2” ХК-ийг худалдан авч, 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Барилгын бетон зуурмаг, бетон эдлэл, төмөр хийцүүд зэргийг үйлдвэрлэх 10 гаруй үйлдвэр байгуулсан нь Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарт дэлхийн стандарт, шилдэг техник, технологийг нэвтрүүлэн, амжилттай ажиллаж байна.
Улс төрийн туршлага
засварлах1989 онд Ардчилсан холбооны салбар зөвлөлийг Савхин гутлын үйлдвэрт байгуулж, зохицуулагчаар нь ажиллаж байсан. Уг зөвлөл нь 1000 гаруй гишүүнтэй хамгийн том салбар зөвлөл байсан юм. Ардчилсан хувьсгалын төлөө жагсаал, цуглаанууд тайван, өндөр зохион байгуулалттай болж өнгөрхөд Гутлын үйлдвэрийн салбар зөвлөл онцгой үүрэг хүлээжээ. Тэд жагсаал, цуглаан бүрийн хамгаалалтыг хариуцан ажиллаж байв. 1991 онд Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны гишүүнээр ажиллав. 2002 онд Сүхбаатар дүүргээс Үндэсний зөвлөлдөх хороо болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр 2004 онд Сүхбаатар дүүргээс НИТХ-д сонгогдон, АН-ын бүлгийн даргаар ажиллав. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Газрын бирж” байгуулах санаачилгыг нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт суулгах зэрэг олон ажил хийлээ. Хотын төсөвт сөрөг хүчний хяналтыг бий болгож, татвар төлөгчдийн мөнгийг зүй зохисгүй зарцуулдаг байдлыг олон нийтийн анхаарлын төвд хүргэлээ. 2006 онд АН-ын дүрэм, журмуудыг шинэчлэн боловсруулж, АН-ын их хурлаар батлуулсан нь одоог хүртэл АН-ын гишүүн бүрийн даган мөрдөж буй гол баримт бичгүүд болж байна. 2008 онд УИХ-ын сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөр дэх “Шинэ Улаанбаатар”, “Шинэ хөдөө” дэд хөтөлбөрүүдийг боловсруулах ажлын хэсгийг ахлаж ажиллав. АН-ын нэрийн хуудас болж, УИХ-ын сонгуульд амжилттай оролцох үндэс болсон “Эрдэнийн хувь”, “Үйлдвэржилт” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан. 2008 онд орон нутгийн сонгуульд оролцож, Сүхбаатар дүүрэгт дахин ялалт байгуулсан. Тэрээр НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдож, Замын түгжрэл бууруулах дэд хорооны даргаар, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны гишүүнээр ажилласан. Сүхбаатарын талбай тойрсон автозамын урсгалыг зөв эргэлттэй болгох ажлыг удирдан хийлгэснээр төв замын түгжрэлийг 30 хувь буурлаа. Хог хаягдлын сангийн үйл ажиллагааг цэгцлэх, Туул, Сэлбэ голын урсацыг сайжруулж, эргийг нь тохижуулах ажил зэрэг олон ажлыг санаачилсан нь амжилттай хэрэгжлээ. Д.Нямхүүгийн ахлан боловсруулсан “Шинэ Улаанбаатар” хөтөлбөрийн 40 хувийг нийслэлийн Засаг дарга өөрийн мөрийн хөтөлбөртөө суулгасан байна. 2008-2012 он Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллаж, салбарын хууль дүрмүүдийг боловсронгуй болгох ажлуудад онцгой анхаарал хандуулж байсан. Нийт 50 гаруй ажлын хэсэг, салбар зөвлөл, хорооны ахлагч болон гишүүнээр ажилласан байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулах салбар дундын ажлын хэсгийг ахлан ажиллаж, УИХ-аар батлуулав. Хувийн хэвшил, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад Монголчуудыг хэт бага цалинтай ажиллуулж байсан явдалд хуулиар цэг тавьсан. Цалин хөлсийг зохицуулдаг төрийн дагнасан тогтолцоог халж, иргэний нийгмийн оролцоотой шийддэг болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах салбар дундын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-аар батлуулсан. Гадаад ажилчдыг төлбөрөөс чөлөөлдөг байсныг болиулснаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө гурав дахин нэмэгджээ. Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд олгох зээлийг нэмэгдүүлэх, хугацааг нь уртасгаж, хүүг нь багасгах боломжийг баталгаат болон эрсдлийн сан байгуулах замаар бий болгохыг хуулиар тогтоосон. Ажилгүй иргэдийг ажилд зуучлах тогтолцоог шинэчлэн, иргэн хаанаас ч, аль ч компани, албан байгууллагатай шууд харилцах боломжтой ажилд зуучлах цахим сүлжээ, ажиллах хүчний бүртгэлийн санг бий болгох ажлыг удирдан хэрэгжүүлэв. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын онцлог бүлгүүдийг ажилд зуучлах тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн болон бусад механизмыг уян хатан байдлаар шийдэх боломжийг хуулиар бий болгосон. Халамжийн тухай хуулийг УИХ-аар батлуулав. Хавтгайрсан халамжийг цэгцлэх боломжтой боллоо. Нийгмийн даатгалын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийг ахлаж, УИХ-д өргөн барихад бэлэн болголоо. Энэ төсөл тэтгэврийг гурван шатлалт тогтолцоонд шилжүүлснээрээ цоо шинэ дэвшил авчрах юм. Монгол хүн гадаадад, гадаад хүн Монгол Улсад ажиллах тухай хуулийн төслийг удирдан боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ахлан боловсруулсан. Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах үндэсний зөвлөл, “Чацаргана” хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилласан.
Гавъяа шагнал
засварлахАлтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Сангийн яамны Эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Эрх чөлөөний одон, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль шагнуулсан.
Гэр бүл
засварлахД.Нямхүү эхнэр, 4 хүүхэдтэй.