Гүнсэнноров
Харчин ван Гүнсэнноров (ᠭᠦᠩᠰᠡᠩᠨᠣᠷᠪᠤ, Хятад: 貢桑諾爾布; пиньинь: Gòngsāngnuò'ěrbù, 1871–1930) нь Зэлмийн удмын Өвөр Монголын ван, соён гэгээрүүлэгч, төрийн зүтгэлтэн.[2]
Намтар
засварлахГүнсэнноров 1899 онд эцэг Ванданнамжилаа залгамжлан Харчин баруун гарын хошуу (өнөөгийн Улаанхад)-ны ван, Зостын чуулганы дарга болжээ.[3] Тэр өвөг дээдсийнхээ өргөө болох Харчин ордон буюу вангийн өргөөнд төрж, хүүхэд насаа өнгөрүүлжээ. 1902 онд Өвөр Монгол дахь анхны орчин үеийн сургуулийг байгуулав.[2] 1903 онд манж язгууртнуудтай хамт Япон оронд айлчлан очиж, Мэйжийн хувьсгалын үр шимтэй танилцсан нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлж, нутагтаа очоод япон багш нарыг урин цэргийн сургууль болон охидын сургууль байгуулжээ.[4] Тус сургуульд хожмын төрийн зүтгэлтэн Сэрэндонров нар сурч байсан гэдэг.[5] Улмаар Алтан-Очир зэрэг сурагчдыг Японд суралцуулахаар илгээжээ.[3] Мөн Өвөр Монголын анхны номын сан, сонин, хэвлэх үйлдвэр, шуудан холбоо, цахилгаан холбоо, орчин үеийн аж үйлдвэрийн үндсийг тавьсан юм. Гүнсэнноров монгол, манж, хятад, төвөд дөрвөн хэлд нэвтэрсэн хүн байв.
1911 онд Цагаагчин гахай жилийн хувьсгал өрнөхөд Гүнсэнноров хаант засгийг баримтлагчдын талд орж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр шийдсэн бололтой. Гүнсэнноров Японоос мөнгө зээлж зэр зэвсэг худалдан авсан төдийгүй Японы эзэн хааны армиас 1 хурандаа, 2 ахмадаар ахлуулсан багийг 1911 оны 12 сард Гүнсэнноров руу томилон илгээжээ.[6] Гүнсэнноров эхэндээ 1912 оны 3 сард Богд Хаант Монгол Улс руу элч зарж, Богд хаан, Халх Монголтой холбоо тогтоохыг оролдох зэргээр Өвөр Монголыг нэгтгэсэн Их Монгол Улсыг байгуулахыг мөрөөдөж байсан боловч Монголын ноёд лам нарын зөрчилдөөнд татагдан оролцохоос дургүйлхэж, мөн Өвөр Монголд олноор нэвтрэн суурьшсан хань үндэстнүүд, Бээжингийн засгийн газрын ятгалга уг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжийг олгосонгүй. Түүний оронд Өвөр Монголын ноёдоо нэгтгэж, Японыг түшин тусгаарлахыг оролдсон боловч худалдан авсан зэвсэг нь замдаа баригдаж хураагдсанаар цэргийн хүч цуглуулж амжсангүй.[7] Байдал ийм болсон тул эсрэгээрээ Юань Шикайн урилгыг хүлээн авч, Бэйянгийн засгийн газарт Монгол Төвөдийн Хорооны даргын албанд томилогдож Бээжинд суурьшин, Өвөр Монголын боловсон хүчин бэлтгэх үйлсэд амьдралаа зориулжээ.[2] Гүнсэнноров Юань Шикайн засгийн газарт ажиллаж байсан цор ганц монгол ноён байв.[8] 1928 онд Гоминьданы ардын хувьсгалт арми Бэйянгийн засгийн газрыг унагахад 17 жил хашсан албаа өгсөн Гүнсэнноров 2 жилийн дараа нас нөгчжээ.[8]
Гэр бүл
засварлахГүнсэнноровын хатан нь Чин улсын их сайд Сү Чин вангийн дүү байв.
Эшлэл
засварлах- ↑ China Weekly Review 1925, p. 432
- ↑ 2.0 2.1 2.2 Black et al. 1991, p. 151
- ↑ 3.0 3.1 Li & Cribb 2003, p. 92
- ↑ Li & Cribb 2003, p. 91
- ↑ Cotton 1989, p. 19–20
- ↑ Boyd (2011), p. 74.
- ↑ Li & Cribb 2003, p. 93–4
- ↑ 8.0 8.1 Hyer & Jagchid 1983, p. [1]–4
Ном зүй
засварлах- Boyd, James (2011). Japanese-Mongolian Relations, 1873-1945: Faith, Race and Strategy. Folkestone: Global Oriental (Brill). ISBN 978-1-906876-19-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Black, Cyril E.; Dupree, Louis; West, Elizabeth Endicott; Naby, Eden (1991), The Modernization of Inner Asia, M. E. Sharpe, ISBN 978-0-87332-779-4
- Cotton, James (1989), Asian frontier nationalism: Owen Lattimore and the American policy debate, Manchester University Press, ISBN 978-0-7190-2585-3
- Hyer, Paul; Sechin Jagchid (1983), A Mongolian living Buddha: biography of the Kanjurwa Khutughtu, SUNY Press, ISBN 978-0-87395-713-7
- Li, Narangoa; Cribb, R. B. (2003), Imperial Japan and national identities in Asia, 1895-1945, Nordic Institute of Asian Studies monograph series, Routledge, ISBN 978-0-7007-1482-7
- З. Лонжид (2010), 'Үхэр жилийн үймээний гэрэл ба сүүдэр' хэмээх зохиолын тухай тэмдэглэл, шүүмж (PDF), Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль, archived from the original (PDF) on 2011-10-07, Татаж авсан: 2011-08-04
- Who's who in China, containing the pictures and biographies of China's best known political, financial, business and professional men (3rd ed.), Shanghai: The China Weekly Review, 1925, OCLC 15002534